Дорноговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
“Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Дорноговь аймагт зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ. Захирамжаар 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 09:00 цагаас 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.
Энэ удаагийн олон улсын сургалт, дадлага сургуулийг “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах дууриалган үзүүлэх дадлага сургууль болон орон нутгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний команд штабын сургууль гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдах юм.
“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн дадлага сургууль нь Онцгой байдлын байгууллагыг бүсчилсэн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлсэнтэй холбогдуулан бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулах аж.
Мөн дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, Зэвсэгт хүчний жанжин штаб, 20 гаруй улс орон, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцон, сургуулийн хүрээнд харилцан туршлагаа хуваалцах дадлага, сургуулийг зохион байгуулна.
Дашрамд дурдахад бүсчилсэн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлсэнтэй холбогдуулан “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг 2016 онд “Засгийн газар, орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр Улаанбаатар хот, Орхон аймагт, 2017 онд “Бүс нутгийн түвшний удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр Өмнөд бүсийн төв- Өмнөговь аймагт, 2018 онд “Баруун бүсийн удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр Баруун бүсийн төв- Ховд аймагт тус тус зохион байгуулсан юм байна.
URL: