Эх орны эрдмийн дүрэмт хувцсанд Эрээний үнэр шингэсэн будлиан

ZJecVotSduremt_huvtsas__1_-768x512Намрын намарт л яригддаг уламжлалт асуудлын нэг нь сурагчийн дүрэмт хувцас болсоор удлаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотооддоо урласан дүрэмт хувцас авахыг эцэг, эхчүүд зорьдог ч хүн бүр үнэ өртгийг нь дийлэхгүй. Ялангуяа, эмзэг бүлгийнхэн болон хөдөөгийн малчид хямд үнэтэйгээр нь хятадад үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг худалдаж авдаг байна. Хичээлийн шинэ жил дөхөөд ирэхээр урд хөршийн Эрээн хотын зээл тэр чигтээ сурагчийн дүрэмт хувцсаар дүүрдэг аж.

Уул шугамандаа бол Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжиж, сурагчийн дүрэмт хувцсыг импортоор авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэж зах зээлээ хангах зорилго тавьсан.

Үүний хүрээнд 2013 онд Засгийн газраас сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 тоот тогтоол гаргасан билээ. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын үсэгтэй уг тогтоолд 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс сурагчийн дүрэмт хувцсыг зах зээлд нийлүүлсүгэй гэж заажээ. Тус тогтоолын хоёрдугаарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, жижиг, дунд үйлдвэрийг  хөгжүүлэх санд байршиж байгаа ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс зургаан тэрбум төгрөг гээд нийт 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хөнгөлөлттэй зээлээр олгохоор тусгажээ. Мөн “Чингис” бондоос 45 сая ам.долларыг дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд зээлсэн байна.

Ингээд хүүхдийн эрүүл мэндэд тохирсон материал гаргаж авах, хүүхдийн биеийн хэмжээг судалж тогтоох гээд их ажил ундрав. Төр үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжиж томоохон компаниудыг түшиглэн кластераар хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцсаар зах зээлээ бүрэн хангах зорилго тавьсан нь эдүгээ талаар болоод байна. Ингэж хэлэхийн учир нь манай сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчид урд хөршийн зах зээлд орон зайгаа булаалгачихаад бидний үйлдвэрлэсэн хувцас борлогдохгүй байна хэмээн гоншигонож сууна. Тэр ч бүү хэл зарим үйлдвэр нь хаалгаа барихад хүрчээ. Үйлдвэрлэсэн хувцасных нь ердөө гуравны нэг нь л зарагдаж, үлдсэн нь агуулахад хураалттай байгааг үйлдвэрлэгчид ярьж байгаа. Үйлдвэрлэсэн бараагаа борлуулж чадахаа байснаар барахгүй өнөөх хөнгөлөлттэй зээлээ төлөхгүйд хүрч шүүхийн хаалга татаад байна. ХХААХҮЯ зээлээ төлөөгүй үйлдвэрүүдийг шүүхэд өгчээ. Өдгөө “Могол ноос” 554 сая төгрөг, “Шилмэл загвар” 1.5 тэрбум, “Өэлүн менч” 2.7 тэрбум, “Торгон хийц” 1.4 тэрбум, “Бүтээлч үйлс”-ээс 1.4 тэрбум төгрөгийн зээлийг улсад төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн бөгөөд эргэн төлөлт ердөө 60 гаруй хувьтай л байгаа аж. Уг нь энэхүү зээлийг таван жилийн өмнө эргэн төлөх ёстой байв. Харин үйлдвэрлэгчид төлөхгүй явсаар эцэстээ шүүх дээр очлоо. Манай үндэсний үйлдвэрлэгчдийн өнөөгийн дүр төрх нэг иймэрхүү. Улсаас үйлдвэрлэгчдийг харж үзэж хөнгөлөлттэй зээл олгоод байхад зарим үйлдвэрлэгч “Бид ийм өндөр зээлээр үйлдвэрлэл явуулах боломжгүй юм байна” хэмээн гомдоллож суугаа нь ойлгомжгүй.

• Зарим нь зөөлөн даавуун материалтай байхад үнэ хямд нь даргар ширүүн байх жишээтэй.

• Урд хөршид үйлдвэрлэсэн дүрэмт хувцасны материал нь 100 хувийн полиэстр материал байдаг аж.

• “Нарантуул” худалдааны төвийн наймаачдын хэлж буйгаар бол сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчид өөрсдөө хийх үүрэг хүлээчихээд урд хөршид захиалгаар үйлдвэрлүүлснээс болж зах зээлээ алджээ.

“Нарантуул” худалдааны төвийн наймаачдын хэлж буйгаар бол сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчид өөрсдөө хийх үүрэг хүлээчихээд урд хөршид захиалгаар үйлдвэрлүүлснээс болж зах зээлээ алджээ. Сурагчийн дүрэмт хувцас бол том зах зээлтэй бизнес. Зөвхөн өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд ерөнхий боловсролын сургуульд 570 мянган сурагч сурсан мэдээлэл байна. Эдгээрийн 40 мянга нь нэгдүгээр ангид шинээр элссэн сурагчид. жил тутам 40 мянган шинэ хэрэглэгч нэмэгдэхийн зэрэгцээ дийлэнх нь дүрэмт хувцас шинээр худалдаж авдаг гэж тооцвол зах зээл нь бэлэн ашиг ч чамлахааргүй байхаар дүр зураг харагдаж байгаа юм. Гэтэл үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ олигтой явуулж, материалын технологийн нууцаа хадгалж, өөрсдийнхөө зах зээлийг хамгаалж чадсангүй. Судлаачдын хэлж буйгаар өнөөдөр сурагчийн дүрэмт хувцасны 70 хувийг худалдаа эрхлэгчид хангаж, үлдсэн 30 хувийг нь л үндэсний үйлдвэрлэгчид нийлүүлж байна.

ХӨРШИД ҮЙЛДВЭРЛЭСЭН ДҮРЭМТ ХУВЦАС ЭРҮҮЛ МЭНДЭД НИЙЦДЭГ ҮҮ

Энэ асуултад тодорхой хариулт өгөх хүн алга. Химич, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа хийдэг хүмүүсийн хэлснээр бол урд хөршид үйлдвэрлэсэн дүрэмт хувцасны материал нь 100 хувийн полиэстер байдаг аж. Энэ нь гялгар уутны төрөлд хамаарах материал учраас агаар чөлөөтэй нэвтрүүлдэггүй, тодруулбал, хөлөргөдөг гэж үзэж буй юм. Ийм хөлөргөдөг материалд фармальдегид гэх хорт хавдар үүсгэгч бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байж болзошгүй гэж хардах хүн ч байна.

Бид ШУТИС-ийн харьяа хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн сорилтын лабораторийн эрхлэгч С.Саранцэцэгээс урд хөршөөс оруулж ирдэг дүрэмт хувцсанд фармальдегид бодисын хэмжээ ямар байгааг лавлахад “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрарт нэг удаа гомдол ирж сурагчийн дүрэмт хувцасны материалд манайхаар шинжилгээ хийлгэсэн. Иргэд сурагчийн дүрэмт хувцасны чанар тааруу байна гэж цагдаад хандсан юм шиг байна билээ. Бид гомдлын дагуу шинжилгээ хийсэн. Гэхдээ фармальдегид биш материалын орц нь стандартад нийцэж байгаа эсэхийг л шинжилсэн. Материалын хувьд ноосон ширхэгтийн орц бага, полиэстерын орц нь Монголд үйлдвэрлэсэн хувцасныхаас их байсан. Даавууны өнгө, нэхээсний нягт нь бага зэрэг ялгаатай гарсан. Түүнээс фармальдегидийн хэмжээ нь ямар байгааг шинжилж үзээгүй” гэлээ. Стандартаар бол нярай хүүхдийн хувцас, бүтээгдэхүүнд фармальдегидийн агууламж 20 мг/кг-аас ихгүй, арьсанд шууд  хүрэлцэх бүтээгдэхүүнд 75 мг/кг, арьсанд хүрэлцдэггүй хувцсанд 300 мг/кг байвал хүний биед сөрөг нөлөөгүй гэж тодорхойлдог аж. Хэрэв зарим иргэний ярьж буй шиг фармальдегид гэх бодисын хэмжээ зөвшөөрөгдөх тунгаас их байвал хүүхдийн хөлсөөр дамжиж биед нь шингэх аюултай. Иймээс манай лобараториуд хүүхдийн хувцасны химийн орц найрлагыг шинжилж тогтоох хэрэгтэй. Хятадад үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцсыг шатааж туршилт хийхэд атийж, хорчийсон хувцанцар болон бөөгнөрсөн бол Монголд үйлдвэрлэсэн дүрэмтхувцсыг шатаахад хярвас үнэртэж, үнс болсон байна.

ОЮУНЫ ӨМЧӨӨ ХУУЛБАРЛУУЛСАН САЛБАРЫН ЯАМНЫ ДҮЛИЙ ТӨРХ

“Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” нэртэй оюуны өмчийн патентыг бсШуся эзэмшдэг юм байна. Хуулиараа бол сурагчийн дүрэмт хувцасны загварыг хуурамчаар дуурайлгаж үйлдвэрлүүлсэн хэн боловч хариуцлага хүлээх ёстой. Гэтэл өөр улсын нутаг дэвсгэрт Монголын хууль үйлчлэхгүй. Тэгээд ч урд хөршөөс оруулж ирсэн хүмүүс үйлдвэрлэгчид биш учраас зарга үүсгээд ч үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Оюуны өмчийн патент эзэмшигч БСШУСЯ сурагчийн дүрэмт хувцсандаа ямар нэг тайлбар хийх цаг болоогүй бололтой. Монголдоо үйлдвэрлүүлнэ, хүүхдүүдээ эх орныхоо брэндээр хувцаслана хэмээн том зорилттой байсан яамныхан дүлий мэт суусаар. худалдааны захуудаар Монголын сурагчийн дүрэмт хувцасны загварыг хуулбарлаж хуурамчаар үйлдвэрлэсэн бараа зарж байхад салбарын яам чимээгүй суух нь зохисгүй юм.

Хятадад үйлдвэрлэсэн хувцсыг нүдээр харахад материал хэлбэр хийцийн хувьд үндэсний үйлдвэрийнхээс ялгахааргүй. Нарийн шинжилгээгээр л орц, материалын чанар зэрэг нь тогтоогдох боломжтой аж. Зарим нь зөөлөн даавуун материалтай байхад үнэ хямд нь даргар ширүүн байх жишээтэй.

Г.Надмид: Монголд үйлдвэрлэсэн материал бол маш сайн байсан

Бид ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, профессор Г.Надмидаас зарим зүйлийг тодрууллаа.

-Таныг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд судалгаа хийсэн гэж сонслоо. Стандарт, материалын орц нь ямар байх ёстой вэ?

-Монгол орны бүс бүрт хонины ноосны судалгаа хийж, ноосыг технологийн аргаар ноолуур болгон боловсруулж, сурагчийн дүрэмт хувцасны материал болох ноосон даавууг гаргаж авсан. Манай улсын хэмжээнд бүдүүн, бүдүүвтэр ноос элбэг буюу 90 гаруй хувийг нь эзэлдэг учраас олон шат дамжлагаар ноосыг боловсруулдаг. Дүрэмт хувцсыг ямар технологийн үзүүлэлтээр гаргахыг шийдээд, хонины ноолуурыг 40 орчим хувь, 60 хувь нь полиэстер буюу мяндсан ширхэгт байхаар тогтоосон. Ингээд нэхмэл даавуугаа үйлдвэрлэж эхэлсэн. Анх үйлдвэрлэл эхэлж байхад 3000 ширхэг дүрэмт хувцас оёсон юм. Материал нь маш сайн байсан. Үйлдвэрлэгчид, инженер, технологич нар сэтгэл ханамж өндөр байлаа. Хэрэглээний явцад агшиж сунахгүй, будгийн тогтвор сайн, нэхээсний нягт нарийн, бүрзийдэггүй байх гэсэн  техникийн нөхцөлийг гаргасан. Ингээд агаар нэвтрүүлэлт, гандалт, үрчийлт гээд 17 үзүүлэлтээр MNS6232:2011 стандарт тогтоосон. Уг нь анх зохион бүтээснээр нь үйлдвэрлэх ёстой байлаа. Гэтэл дундаас нь будлиан гарч орц, материал нь өөрчлөгдсөн ноцтой асуудал үүссэн. Үүнд би их сэтгэл гонсгор байгаа.

-Үйлдвэрлэгчдийг Хятадад хийлгэсэн гэж худалдаачид яриад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Худалдаачдын талаар би тайлбар хэлмээргүй байна. Төлөвлөснөөрөө Монголдоо үйлдвэрлээд явсан бол чанар сайтай л хувцас болно. Манай хүрээлэнгийн лабораториар шинжлүүлсэн дүрэмт хувцсанд ноосны орцноос полиэстер материал нь илүү орсон байсан. Ноосны орц их байхаар бүрзийдэг гэж шүүмжлээд байгаа бол худлаа. Судлаач хүний хувьд бүрзийхгүй гэж баталгаатай хэлж чадна. Нэг юм хийж эхлэхээр дундаас нь будлиан гарч ирээд болохоо байчих юм. Хэдийгээр замын дундаас тээг гарч ирсэн ч гэсэн энэ үеийг манай үйлдвэрлэгчид даваад гарах хэрэгтэй л дээ.

-Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бараа нь зарагдахгүй агуулахдаа хадгалж байна гэж ярьж байгаа. Удаан хадгалвал чанарт өөрчлөлт орох уу?

-Зах зээл нь байгаа учраас он удаан жил хадгалаад баймааргүй юм. нэхмэл материал сүлжмэл эдийг бодвол эдэлгээ даадаг, боловсруулалтын технологийн дамжлага нь урт циклээр явдаг. Нэг, хоёр жил агуулахад хадгалахад чанарт нь өөрчлөлт орохгүй.

ЗГМ: НЭГ АСУУЛТ

Хан-Уул дүүргийн иргэн М.Мижид

-Та хүүхдийнхээ дүрэмт хувцсыг хаанаас худалдаж авдаг вэ. Чанарыг нь харж сонгодог биз дээ, агаар нэвтрүүлэх байдал нь ямар байна?

-Манай хоёр хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Өсөж яваа хүүхдүүдийн дүрэмт хувцас амархан багаддаг юм. Ер нь хоёр жил өмсөөд л багадна даа. би хямдыг нь бодоод захаас авдаг. Бүрзийж үрчийх нь харьцангуй гайгүй л байдаг. Агаар нэвтрүүлдэг эсэхийг хэлж мэдэхгүй юм. Нээрээ хүүхдээсээ хөлрөхөд хувцас чинь чийг дааж байна уу гэж асуух хэрэгтэй юм байна.

“Нарантуул” худалдааны төвийн худалдагч Т.Наран

-Та хаанаас сурагчийн дүрэмт хувцас оруулж ирдэг вэ. Хэрэглэгчдээс гомдол ирж байв уу?

-Би 20 гаруй жил сурагчийн дүрэмт хувцас зарж байна. Нэг ч удаа гомдол ирж байсангүй. Үйлдвэрлэгчид биднийг чанар муутай бараа зардаг гэж шүүмжилдэг. Үнэндээ өөрсдөө Хятадад хийлгүүлээд оруулж ирж зардаг шүү дээ. Бэлэн хувцас оруулж ирдэггүй юмаа гэхэд материалаа тэндээс л авдаг. Эцсийн дүндээ хаанаас хүүхдийн хувцсаа худалдаж авах нь хэрэглэгчийн өөрсдийнх нь сонголт биз дээ.

ЗГМ сонин


URL:

Сэтгэгдэл бичих