Их Британид юу болоод байна вэ
Зуны урт амралтаа эдэлсэн Их Британийн Парламентын гишүүд мягмар гаригт ажилдаа орж, эхний хуралдаанаараа “Брексит”-ийн асуудлыг хэлэлцлээ. Европын холбооноос өрх тусгаарлах нь бүх нийтийн санал асуулгаар хэдийнэ шийдэгдсэн асуудал боловч хэзээ, хэрхэн яаж тусгаарлах вэ гэдэг дээр талууд санал хуваагдан маргалдсаар өдийг хүрсэн юм.
Парламент ажилдаа ороод энэ асуудлыг цэгцлэх эхний томхон алхмаа хийж, юун түрүүнд “Брексит”-ийг хатуу аргаар хийж болохгүй гэдэг чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн байна. Улмаар мягмар гаригийн орой /Монголын цагаар лхагва гаригийн өглөө/ “Брексит”-ийн асуудлыг шийдвэрлэх эрхийг Засгийн газраас Парламент руу шилжүүлж авах шийдвэр гаргажээ. Ингэснээр Парламент “Брексит”-ийг илүү зөөлөн арга замаар хийх ёстой гэсэн байр сууриа хууль гарган баталгаажуулах боломжийг нээж өгч байгаа юм. Санал асуулгад оролцсон гишүүдийн 328 нь Засгийн газраас эрх шилжүүлэх асуудлыг дэмжиж, 301 нь татгалзсан байна. Асуудлыг шийдэх эрх мэдэл ийнхүү Засгийн газраас Парламентад шилжлээ. Ерөнхий сайд Борис Жонсоны намын нэлээд гишүүд энэ шийдвэрийг дэмжсэн санал өгсөн нь анхаарал татаж байна. Одоо Парламент “Брексит”-ийг аядуу аргаар шийдвэрлэх талаар хууль батлах бөгөөд өнөөдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа юм.
Эрх мэдлээ алдаж үүрэггүй болсон Б.Жонсон санал хураалтын дараа “Хэрвээ Парламент “Брексит”-ийг хойшлуулах шийдвэр гаргавал аравдугаар сард ээлжит бус сонгууль явуулах санал гаргана” хэмээн мэдэгджээ.
Их Британийн түүхэнд улс төрийн мухардал, хямрал олон удаа тохиож байсан ч парламент нь шөнө дүлээр хуралдаж, Засгийн газраасаа эрхийг нь булааж авч байсан тохиолдол гарч байгаагүй гэдгийг ВВС агентлагийн мэдээлэлд онцолсон байна.
Ерөнхий сайд Борис Жонсоны хувьд, “Брексит”-ийг хатуу аргаар хийх нь хохиролтой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч хугацаанд нь явуулах ёстой /аравдугаар сарын 31-нд Их Британи Европын холбооноос салан тусгаарлана гэж төлөвлөж буй/ гэдэг байр сууриа хатуу хамгаалж байгаагаа ээлжит бус сонгууль явуулах тухай мэдэгдлээрээ баталсан. Өөрөөр хэлбэл, мягмар гаригийн санал асуулга Парламент Засгийн газраас эрх шилжүүлж авахаас гадна Борис Жонсон Парламентаас дэмжлэггүй болсныг давхар харуулсан. Тэгэхээр, тэрбээр санасан бодсоноо хэрэгжүүлж чадаагүй өмнөх Ерөнхий сайд нарын нэгэн адилаар огцорно гэсэн үг юм.
Их Британийн Парламент энэ долоо хоногт ямар шийдвэр гаргах вэ /Хувилбарууд/
-Европын холбооноос хэлэлцээр байгуулалгүйгээр гарах тухай хууль батлахыг эрмэлзэнэ.
-Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулна.
-Засгийн газар ээлжит бус сонгууль явуулах асуудлыг өргөн барина.
-Парламент ямар нэг шийдвэр гаргалгүй Европын холбоотой тохиролцохоор дахин нэг удаа оролдоод үзэх боломжийг Засгийн газарт олгоно.
Парламентын хэсэг гишүүд “Брексит”-ийн асуудлаар нэг хууль аль хэдийнэ санаачлаад байгаа бөгөөд түүнд зааснаар бол Борис Жонсон аравдугаар сарын 31-ний дотор тохиролцоонд хүрч чадахгүй бол “Брексит”-ийг гурван сараар буюу 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хойшлуулах хүсэлтийг Европын холбоонд тавих ёстой. Хэрвээ татгалзвал үүнийг өөр Ерөнхий сайд хийхээс аргагүй болж байгаа юм. Европын холбоо болон Б.Жонсоны илэрхийлж буй байр суурийг харвал Их Британи Ерөнхий сайдаа сольж, өөр хүн явуулан Европын холбоог дахин нэг удаа царайчлахаас магадлал өндөр..
Б.Жонсоны нөхцөл байдал ийнхүү эвгүйтсэн ч түүнд нэг хань байгаа нь Хатан хаан, хоёрдугаар Элизавета. Б.Жонсон Парламентыг тарааж, ээлжит бус санал асуулга явуулах асуудлыг өргөн барина гэж мэдэгдсэний дараа Хатан хаан Парламентын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг эцэслэн гаргасан гэсэн мэдээлэл байна. Парламентын ажиллагааг зогсоох хүсэлтийг Ерөнхий сайд Борис Жонсон Парламентыг амарч байх үед буюу өнгөрсөн сарын 28-ны өдөр хатан хаанд өргөн барьж, дэмжлэг аваад байсан юм.
Eagle.mn
URL: