“Иргэд бүртгэлийн талаар мэдээлэлгүй гээс өөрсдөдөө чирэгдэл учруулдаг”

Өнгөрсөн онд 51 мянган иргэн иргэнийхээ үнэмлэхийг гээгдүүлэн шинээр авчээ-

Жилийн дөрвөн улиралд хүний хөлд дарагдаж байдаг газар бол Нийслэлийн бүртгэлийн газар юм. Энэ газарт урилгагүй зочин болон тэдний нэг өдрийн ажилтай танилцлаа. Ажлын долоо хоногийн сүүлийн өдөр гэхэд нэлээд хөл хөдөлгөөн ихтэй бужигнаж байв. Гадаа хүйтэн байхыг ч хэлэх арга алга тэгсэн хэрнээ иргэний үүргээ биелүүлэн бичиг баримтаа бүрдүүлэх гэж хүмүүс нааш, цааш холхилдоно.

Энэ газрын хаалга өглөөний 06:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл тасралтгүй онголздог байна. 06:00 цагт үйлчлэгч нар ирж цэвэрлэгээ хийгээд цэвэрхэн орчинд шинэ өдрийг угтана. Нэг давхрын зааланд дарааллан зогсох иргэдийг ямар үйлчилгээ авах гэж буйг нь сонирхлоо. Харин энд зогсох хүмүүс дарааллаа алдчих вий гэсэн байртай хариулах хүн байсангүй.

Эдгээр хүмүүсийн зогсож буй энэ заалаар иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлээд дахин авах мөн сунгалтын лавлагаа авах гэсэн иргэд ханддаг аж. Харин дээд давхрын заалаар үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь иргэний үнэмлэхний өмнөх улаан паспортаа хаяж үрэгдүүлсэн бөгөөд мөн л лавлагаа авах гэж дараалалд зогсож байгаа нь энэ.

Уг нь 1999 оноос хойш улаан паспортыг иргэний үнэмлэхээр солих тогтоол гарч үүнээс хойш иргэдийг иргэний үнэмлэхжүүлэх ажил тасралтгүй 12 жил явагдсан ч одоо хүртэл улаан паспортоосоо салаагүй түүнийгээ алга болгочихоод “одоо яах вэ” гээд явж буй хүн ч байлаа. Тэгсэн хэрнээ төрийн үйлчилгээ аваад явдаг хэсэг хүмүүстэй таарлаа. Иргэд өөрсдийнхөө хариуцлагагүй хайнга байдлаас болсон бичиг баримтын зөрчлөө энд үйлчилж буй мэргэжилтнүүдийн буруу мэт үзэж зүй бус харьцах нь ч харагдав.

Нийслэлийн иргэний бүртгэлийн газар гэх гуравхан үгний цаана хичнээн их иргэнд төрийн үйлчилгээг хэд дахин ч хийж буйг үйлчлүүлэгчид харамсалтай нь ойлгодоггүй юм шиг. Иргэн хүнийхээ хувьд бидний төлөө үйлчилгээ үзүүлж буй энэ газрын ажлыг хөнгөвчлөхөд хувь нэмрээ оруулж энэ талын мэдээлэл сайтай байж иргэнийхээ үүргийг хатуу ухамсарлах нь зүйтэй гэж санагдсан. Хоёрхон давхар хэрнээ иргэдэд үйлчлэх цар хүрээ, үйлчилгээний онцлогоороо гайхалтай том энэ газрын байр болон орчин нөхцөлд нь бага ч болов шинэчлэл хийгээсэй гэж бодож суув. Наад зах нь өдрийн хэдэн зуун мянгаараа орж гарч буй иргэдийн тоогоор савагдах модон хаалгыг хараад хэддэх хаалга бол гэх бодол төрснийг нуух юун.

Ийн бодол болон суух зуур гаднаас орж гарах хүний тасралтгүй онголзох хаалгаар орж буй хүйтнийг тэсэж суух аргагүй болов. Харин эргэн тойронд зогсож буй хүмүүс энэ хүйтнийг ч тоосон шинжгүй “чиний өмнө би шүү байр алдаж болохгүй шүү би гарчихаад ирье” гэсэн шиг бужигнаж байв. Хагас цаг үргэлжилсэн цайны цаг дуусч жижүүр хаалгаа онгойлгоход гадаа хүлээж байсан хүмүүс орж ирээд хаана, хэнээс ямар үйлчилгээ авахаа мэдэхгүй нааш, цааш холхин өрөө болгоны хаалганы хаяг уншиж, хаалга онголзуулна. Жижүүрээр чиг зүгээ заалгасан иргэд үйлчилгээ авах гэсээр 30-40 минут болох юм.

Ийн хүлээсээр ороод гарч ирэхдээ нэлээд бухимдан хаалга савах нь ч байв. Зуун айлын иргэний бүртгэл рүү явах шаардлагатайг нь зөвлөн хэлэхэд ийн бухимдах аж. Түүнчлэн манай иргэд дэлгүүр хоршоонд иргэнийхээ үнэмлэхийг барьцаанд тавьчихаад мартах, эсвэл тэр чигт нь хаячихдаг нь эргээд өөрт нь эдийн засгийн хохирол учруулж буйг мэддэг мөртлөө тэр бүр хайхардаггүйгээс дахин олголтын ачаалал ихэсдэг талаар мэргэжилтэн ярьж байсан.

Жишээ нь 2010 онд иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн шалтгаанаар 51 мянган хүн шинээр иргэний үнэмлэх авч байсан бол 2011 онд 33 мянган хүнд иргэний үнэмлэх дахин олгосон байдаг аж. Эндээс харахад, иргэдийн хаясан гээсэн бичиг, баримтыг дахин олгоход үүсч буй ачаалал нь иргэдэд өөрсдөд нь төдийгүй үйлчилж буй төрийн албан хаагчдад хүндрэл учруулдаг байна. Нийслэлийн бүртгэлийн газар нь үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг.

Үүнд:

-Захиргаа аж ахуйн хэлтэс,
-Иргэний үнэмлэх олголтын,
-Гэр бүлийн байдлын бүртгэлийн хэлтэс,
-Архив бүртгэлийн хэлтэс зэрэг юм.

Дээрх хэлтсүүд, нь хоорондоо уялдаа холбоотой болохоор ачаалалтай, ачаалалгүй гэх ялгаа байхгүй бүгд жигд үйл ажиллагаагаа явуулан иргэдэд үйлчилдэг байна. Гэхдээ онцолвол нэг давхрын 102 тоотоор үйлчлүүлэх иргэд олон байсан. Энэ хаалгаар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд байдаг бөгөөд хаягийн өөрчлөлт хийлгэхээр ирдэг байна.

Энэ хаалганы гадна хөдөө орон нутгаас шилжин ирж буй иргэдийн анхааралд шилжиж буй иргэн өөрийн биеэр ирж үйлчилгээ авах буюу үйлчилгээний хураамж зургаан мянган төгрөгөө “Голомт”   банкны 1165004534 дансанд тушаасан байх шаардлагыг тавьсан зарлал хаджээ. Ийнхүү иргэдийн хөл хөдөлгөөн тасралтгүй хүмүүс нааш, цааш гүйлдсээр орой ажлын цаг дуусч хаалга барьсан юм.

Х.Баяр-Угтах

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих