АМАН ХҮЗҮҮ ХҮЧ ЧАДЛЫН БЭЛЭГДЭЛ МӨН ҮҮ…

5921

Лханаагийн МӨНХТӨР /сэтгүүлч, яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор/

Хүмүүс нэг юманд итгэхээрээ хүчрэгддэггүй. Итгэл гэдэг ямар их хүчтэй гэж санана. Зүтгэх хүчний томьёог бид морины хүчээр тогтоодог. Энэ хэмжүүрийн нэгж  шинжлэх ухаанд одоо ч хэрэглэгдсээр байна.  Хөөрхий морь л эзэндээ олон зууны турш зүтгэсээр ирсний баталгаа. Зүтгэх гэдэг  хүч чадал хамгийн их шаарддаг үйлдэл. Энэ үйлдлийг нэг талаас удирдаж буй оюун санаа, нөгөө талаас зөн билиг гэдэг тархи толгойнд хамаатай зүйл л дээ. Тэнд удирдлагын төв нь  ажиллаж,  зүтгэх үйлийг “команд”-лаж байгаа юм. Хүн болоод амьтны  хүзүүний яс бол хамгийн бат бэх холбоосын үүрэгтэй. Тийм ч болохоор хүзүүний нугаламууд нь  нэгэнтэйгээ араалж, солбиж бэхлэгдсэн байдаг биз. Түүнээс сээр, нурууны  залгаас нугаламууд тэгтлээ бат бэх  бэхлэлтгүй зөвхөн үений зөөлөн эдээр голдуу холбогдсон байх жишээтэй. Аман хүзүүний тухай  тайлбарлах гээд их л алсаас  дөхөж байгаа нь  үнэн бол уу гэсэн  итгэл төрүүлэх  үүднээс юм шүү. Аливаа хийсвэрлэл  бодитойн суурин дээр   хөгждөг. Тийм болохоор бодитойгоос  наашлуулан ухаарч байна. Монголчууд  домог зүйн нарийн мэдлэгтэй ард түмэн. Ямар ч үйл явдлыг домог зүйн үүднээс тайлбарлахыг зорино. Тэр нь үнэн юм шиг  санагдана.

          Домог үлгэр, миф гэдэг  ард түмний сэтгэлгээний дүр юм. Бодитойг  хэтрүүлэх, хүсэл мөрөөдөлдөө нийцүүлэх үүднээс л зохион ярьсаар тэр нь ид шидийн юм шиг, их хэтрүүллийн  чимгээр баяжсаар өнөөдөрт хүрч ирсэн. Аливаа үйл  явдлын ирэлтийг тайлбарлахдаа  түүнд холбогдсон домог байгаа эсэхэд анхаарлаа хандуулдаг нь  судлаачдын түгээмэл арга зүй юм. Тийм болохоор домог нь  бодитой зүйлээс эхэлсэн хийсвэрлэл ажээ. Газар нутаг, араатан жигүүртэн бүхий л юмс үзэгдэлд эхэлж  буй болсон цаг хугацааны нэг “орон цаг” байх аваас тэр нь урт удаан үйл явцын үр дүн байдаг. Аман хүзүүний тухай ч домог зүйн олон хувилбар ард түмний дунд ам дамжин яригдсаар өнөөдөрт хүрч иржээ.  Өвлийн идэшээ төхөөрөх өдөр “Аман хүзүү”-г хонинд явсан  хүүхдэд өгдөг гэх ойрын үг байна. “Хүргэн хүүгийн хүзүү бөх” гэсэн хэлц хэллэг байна. “Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэсэн зүйр үг байна. “Хүргэн хүү  хүчтэй, хүзүүний мах амттай” гэсэн үг ч байна. Уурганы хуйвийг  оонын хүзүүний арьсаар хийдэг уламжлал манай нутагт байсан. Хүзүү дагасан мах нь булчинлаг, арьс нь  бөх бат байсны илрэл юм. Энэ бүхнээс ажиглаж үзвэл “хүзүү” гэдэг бат бөхийн бэлэгдэл ажээ. Амьдрал дээр хүзүү гэдэг нуруу болоод сээрнээс урагш хамгийн өмнөд хэсэгт байрлах  зургаан нугалам юм. Энэ зургаан нугаламын хамгийн үзүүрийн нугаламыг “аман хүзүү” гэж  нэрлэдэг. Энэ нэрлэлт үнэндээ бол  эхэнд нь, аман талд нь гэсэн  утгыг зааж байгаа нь илт боловч бас нэмж хэлэх зүйл гараад байгаа юм. Ам гэдэг үгэнд “Ам барих, ам авах, аманд гарах, ам давах, ам нийлэх”…гэхчлэн олон хэлц хэвшмэл хэллэг байгаа ч тэр бүхэн  аман хүзүүтэй тэгтлээ шууд холбогдохгүй юм. “Монгол хэлний их тайлбар толь”-д   “хүзүүний нэгдүгээр нугалам, толгойн яс, хатан хүзүү хоёрын хоорондох хүзүү” гэсэн тайлбар хийжээ.

          5920

Мөн ч  хүзүүний тухайд тодорхойлохдоо: “Толгойг тулax хүзүүний ясыг аман хүзүү гэж бид нэрлэдэг.” хэмээсэн нь бий.  Энэ хэллэг хэдий үед монгол хэлэнд хэвшмэл болсныг тааж хэлэхэд тун бэрх. Бас “Эртний нүүдэлчин овог аймгуудын язгуурын шүтлэг болох бөө мөргөлийн ёсонд аман хүзүүний ясанд хүний амь тээгддэг, гол тасрахад амин сүнс эндээс тэнгэрт хальдаг, мах шөл хатаж барагдахад махан сүнс зайлан оддог, сүүжний нүх сэтрэхэд ясан сүнс алга болдог хэмээн үздэг.” байна.  Тиймээс мөлжсөн хонины сүүжний ясыг сэтлэлгүйгээр гэрт хонуулдаггүй цээрийн монгол ёс байдаг. Зарим нутагт  хэрвээ сүүжний яс гэрт хонуулахад хүрвэл нэг бол сүүжний нүхний махыг идэлгүй битүүгээр нь хонуулах, аль эсвэл  нүхэнд  ямар нэг юм чихэж хонуулах  заншил манай нутагт байдаг. Одоо ч энэ заншил байсаар байгаа билээ. Хүзүү хүзүүний дундаас аман хүзүүг  дээдлэх ёс нь  түүхэн талаасаа нэлээд сонирхол  татаж байгаа юм. Бөх Бэлгүдэйн аман хүзүү хэмээгч хоёр талдаа сэнжтэй, арван найман сантиметр урт бөгөөд хүний гap орж багтах нэгэн ясны чулуужмалыг бөх Бэлгүдэйн үр хойчис болох дөрвөн авга хошуу oлон зуун жил шүтэн тахиж иржээ. 1960 он болтол авга хошууны  Хаяын сүмд тахиж байсан энэхүү чулуужмалыг хожим нь хүмүүс шашинтай тэмцэх, мухар сүсгийг арилгах, хуучныг эвдэх үзэл суртлын нөлөөнөөс болж нэг их шүтэж тахихгүй болсон тухай судлаач Сарандуулга нийтэлсэн байдаг. Энэ хүзүүний яс нь одоогоор Шилийн голын Авга хошуунд Бөх Бэлгүдэйн тахилгын ордонд  хадгалагдаж байна. Сүүлийн жилүүдэд энэхүү  том хэмжээний амьтны чулуужмал  ясыг  энд шүтээн болгон хадгалж, Бөх Бэлгүдэйн хүч чадлын бэлэгдэл болгосноор   тойрсон хошуу нутгийн бөхчүүл ирж хүч чадалтай байх хүслээ илэрхийлэн  мөргөн залбирч бишрэн шүтээд явдаг болсон тухай  нутгийн хүмүүс ярьж байна. Энэхүү ордонд бөх Бэлгүдэйн түүх  домогтой холбоо бүхий зэс  шуумал , хөөмөл сэлт нэлээд зүйл урласан нь хадгалагдаж байна. Энэ бүхэн бол Бөх Бэлгүдэйн домгоос үүдэн бүтээсэн урлагийн зүйлүүд ажээ.  Аман хүзүү нь  ордоны баруун этгээдэд тусдаа  залаастай байдаг юм билээ. Энэ  хүзүүний чулуужмалын тухай олон хувилбарт  домгоос эхлээд  судлаачдын  судалгаа шинжилгээний үр дүнд хэдүй үеийн яс болохыг тогтоосон баримт судалгааны бүтээлүүд ч байна. Бөхөөгийн эмхэтгэн найруулсан “Бөх эзэн Бэлгүдэй ноён”  хэмээх 2013 онд хэвлэгдсэн номын оршил өгүүллээс  энд ишлэе.  “Бөх Бэлгүдэйн шүтээний нэг болох “Аман хүзүү нь”  дөрөвдүгээр галавын үеийн “мамут” буюу арслан зааны чулуужмал болохыг хууч судлаачид тодолж шинжилсэн билээ. Мамут бол эртний хөхтөн амьтан. Галбир төрх бие бялдар нь одоогийн заантай төстэй. 300 түмэн жилийн өмнө умард хагас бөмбөрцөгт амьдарч байсан хүдэр том биетэй их төлөв 3-5 метр өндөр, хүнд нь 5-10 тонноос дээш  өвс, бутлаг ургамлаар идэшлэдэг. Хүн төрөлхтөн хуучин чулуун зэвсгийн үед агнадаг байжээ. Энэ амьтан сөнөөд 10000 жил болжээ…” гэсэн байна. Энэ баримт бол Бөх Бэлгүдэйн хүзүү биш, бэлэгдлийн шинжтэй  зүйл гэдгийг нотолж байна. Гагцхүү “аман хүзүү”-ний шүтлэг тахилга, зан үйлийн  зүйл гэдэг нь нотлогдож байгаа юм. Дээрх чулуужмалыг хэрхэн шүтээн болгосон нь хаанаас  олж хадгалсан нь  нууц хэвээр л байгаа юм. Мэдэгдэж байгаагаар бол 10000 жилийн өмнө сөнөсөн /өвсөн тэжээлт  арслан заан маягийн/  амьтны  хүзүү гэсэн ухагдхуун л байна. Ер нь монголчууд  ихэнх тохиолдолд  үхрийн аман хүзүүг  шүтэх, тахих ёслолд хэрэглэсээр ирсэн байдаг.     Авгачуудын Бөх Бэлгүдэйтэй холбон тахидаг дээрх чулуужмал нь “Соёлын  хувьсгалын үед сүм хийдийг нурааж бурхан шүтээнийг талхидаж байсан цагт…  аман хүзүүний яс нь овоолоостой аргалын дэргэд хаягдсан байсныг Го. Ванчиг олж хадгалж байсныг хожим нь Го. Жамъян нараас аймгийн улстөрийн зөвлөлгөөнд хүргэж өгч дараа нь аймгийн хууч судлалын газраас шинжилгээ хийлгэсэн тухай мэдээ бий. Гэвч дараа нь тойрсоор байж дахиад Го Ванчигийн дэргэд буцаж ирснийг миний бие 1996 онд гэрэл зургаар буулгаж aвсан билээ.

Бөх Бэлгүдэйн аман хүзүүний ясны тухай монгол судлаач Ринчингиваа гуай их дээр үед Өвөр монголын өдрийн coнинд нэг удаа мэдээлж өнгөрсэн гэдэг бөгөөд авга нутгийн түүхэч Го. Жамъян Шилийн голын “Өдрийн coнин”-д мэдээлж өнгөрчээ. Түүнээс хойш coнин сэтгүүл дээр харагддаг болсон юм. Бөх Бэлгүдэйн аман хүзүүний яс хэмээгч энэхүү чулуужмалыг ардын дунд хүний яс биш, тэмээний хүзүүний яс, аварга гүрвэлийн яс гэх мэтээр ярьдаг байсныг тэмдэглүүштэй. Гэвч үнэн хүний яс мөн эсэхийг нийтэд зарласан тодорхойлолт гараагүй боловч соёлын үзүүлэлтээрээ тэр өөрийн гэсэн үнэ өртөгтэй юм. Бөх Бэлгүдэй бол Есүхэй баатарын Сочгил  хатнаас төрсөн хөвгүүн бөгөөд бяр чадалтай, бөх caйн барилддагаараа алдартай, дайнд гарамгай, эрэлхэг баатарлаг хүн байсаи юм. Чингис хаан мoнголын oлон аймгийг хураан нэгтгэхдээ Хасарын хаваар, Бэлгүдэйн бөхөөр ялсан гэж магтаж өнгөрсөн юм.  Дөрвөн авгачууд төдийгүй үзэмчин, хуучид, сөнөд зэрэг Шилийн голын чуулганы бусад ястнууд ч бөх Бэлгүдэйн аман хүзүүнд мөргөж бөх caйн төрөх гэж адис авдаг байсаи нь өнөөхний учир байсаи юм…” гэж судлаач  Ж.Сарандуулга  бичжээ.

          “Аман хүзүү”-рүүгээ ахиад нэг анхаарья. Юуны өмнө аман хүзүү бол их бие толгой хоёрын  залгаас болохын хувьд  хамгийн чухал байрлалд оршдог. Хамгийн  хүнд үүрэг гүйцэтгэнэ. Удирдлагын хэсэг их бие хоёрын залгаас болохын хувьд энэ хүзүү их үүрэгтэйгээс гадна амин хэсэг юм. Зарим үндэстэн  малын амийг  аман хүзүүний үеэр  нугаслаж егүүтгэдэг,  зарим үндэстэн  аман хүзүүгээр нь огтолж, мал муулдаг заншил одоо ч байсаар байна. Дээр дурдсан  аман хүзүүнд  “амин сүнс” байдаг тухай ойлголт байна. Нүүдэлчдийн аян дайны гол зэвсэг нь сэлэм байсан. Хамгийн оновчтой хөнөөл нь  хүзүү толгойн завсраар цавчих явдал байлаа. Удирдлага их бие хоёрыг салгасан цагт  үхэл хамгийн хурдан үйлчилдэг болохоор л тэр. “Аман хүзүүг  идэш хийх үед салгахдаа өвс тавьж огтолдог ёс одоо ч бий.

          Харийн нутагт монгол хүний  оюуны царааг гайхуулж яваа эрдэмтэн судлаач бол Ширчингийн Баатар юм. Тэр өөрийн блогтоо  “Аман хүзүү юм уу, амин хүзүү юм уу” гэсэн өгүүлэл нийтэлснийг  миний бие ихэд олзуурхан уншиж билээ. Хоёр сарын өмнө ӨМӨЗО-ны Шилийн голын Авга хошуунд очиж Бөх Бэлгүдэйн тухай  хууч хөөрүүлж, дурсгалд нь зориулсан  зүйлсийг үзэж явахад Баатар судлаачийн бичсэн дээрх өгүүлэл сэтгэлд ирээд хургачихсан.  Энэ өгүүллээс  ишлэе. “… Монголчуудаас гаралтай гэж өөрсдийгөө үздэг арлын япончуудaд үүнтэй төстэй соёлын улбаа бий. Самуурай нар дайнд үрэгдсэн хүмүүсийнхээ аман хүзүүний ясыг заавал олж аваад хүндэтгэн оршуулдаг эртнээс уламжилж ирсэн онцгой сонин заншилтай ажээ. Ийм заншил ёсоор амь үрэгдсэн олзлогдсон япончуудын шарилыг чандарлахдаа аман хүзүүний ясыг олж авах шаардлага тавьж байсан гэж тухайн үед Монголд ажиллаж байсан Ямаха компанийн байнгын төлөөлөгч Какимото Юутака гуай дурсан ярьж байлаа. Түүний хэлсэн үгийг олон жил сэтгэлдээ тээж яваад Сан Франциско хотын Японы байнгын төлөөлөгчийн газар ахлах консулаар ажиллаж байсан Тацүки гуайгаас лавлан асуухад “-Харин тийм, тийм ёс байдаг. Нарийн учрыг нь би сайн мэдэхгүй” гэж ойлгомжтой сайхан монгол хэлээр цэргийн хүн шиг (уг нь тагнуулын хүн л дээ) товч тодорхой хариу өгөөд, татаж буй янжуурынхаа үнсийг ядам хуруугаараа сурмагхан унагаж, харцаа тэртээ уулын оройд шилжүүлж, эл сэдвээр ярих дургүй байгаагаа хөдөлгөөнийхөө аясаар илэрхийлж билээ. Тацуки гуай бол удаа дараалан Улаанбаатар буй Японы элчинд ажиллаж, нийтдээ 13 жил Монгол Улсад амьдарсан болохоор бидний тухай элдвийг мэддэг нэгэн.  Аман хүзүүний ясыг япон хэлээр хотокэ-сама гэж хэлэх ба утга нь “Бурхан aбугай” болно. “-Аман хүзүүний яс завилаад суусан бурхан шиг байдаг учир япончууд ихэд эрхэмлэдэг” гэж Какимото гуай Японы Тоо-мэй (Токио-Нагояа) хурдны замаар давхиж явахдаа надад тайлбарласан юм. Бөркелей дахь Кальфорны их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын номын санд Xятаны түүхийн олон сурвалжийг хуруу чилээн эргүүлж cуухад “-Япончууд аман хүзүүний ясыг эрхэмлэх цаад санаа нь Хятанаар дамжин арлын оронд Бурханы шашинтай хамт дэлгэрсэн бөөгийн зан үйлтэй шууд холбоотой байх нээ” гэсэн бодол тархинд зурcxийж билээ. Үүнээс ургуулаад бодоход эрт цагт аман хүзээг амин хүзүү хэмээн нэрлэж байсан ч юм билэв үү. Толь бичгээс энэ үгийг сайн хайх хэрэгтэй боллоо.” гэсэн нь бий.

Японы эрдэмтэн  Конаяа Юуки “Монгол нутгийн амьдралын далай” номондоо:  “…Монгол ардын удамшилт  заншлаар  11 сард  /нядалгааны сар/ Нядалгааны сар гэдэг нь /идэш хийх цагийг зааж буй/  аман хүзүүний тахилга” хийдэг. Аман хүзүү бол толгойн үетэй хүзүүний ясны арын ястай залгаж байгаа үе мөн ч толгой болон биеийг холбож байгаа эхний үе болно. Англи хэлэнд  “аман хүзүү”-г  atlas  гэдэг. Эртний Грекийн домогт бөмбөрцгийг мөрөн дээрээ дамначихдаг аварга хүчитнийг  атлас /atlas/ гэж нэрлэдэг байжээ. Эртнээс аваад “аман хүзүү”-г   толгойг тулж байх чухал үеэр үздэг юм. Монгол туульд баатрууд  махчин мангасыг дарсан хойно сэлмээрээ  аман хүзүүг нь цавчин салгадаг  тухай дүрслэл олон байдаг. Энэ нь амьтан голтны амин сүнс  аман хүзүүнд шингэж байдаг гэсэн үзэлттэй холбогдож байна” гэжээ. Энэ олон судлаачид  -аман хүзүү”-ний тухай эрэгцүүлэхдээ “амин сүнс” гэсэн нэг ухагдхуунд хүрч ирж байгаа нь тун сонин юм. Бас ч үүрэг чухал, их бие толгой хоёрыг холбож байдаг гэсэн  нэг санаанд очиж нийлж байгаа юм. Энэ нь үнэндээ  аминд хамгийн ойр гэсэн давхар утга агуулагдаж байна. Тийм болохоор амин сүнс тэнд оршино гэсэн нэг гаргалгаа байна. Толгой бол сүнсний орон байр оюун санааны ертөнц юм. Хүний сүнс зулайгаараа гардаг гэж ярьдаг. Хүүхдийн зулай хамгийн сүүлд битүүрч ясждаг гээд  амьдрал дээр анхаарч үзэх  зүйлүүд ч бас байна. Аман хүзүү бол хүний амин сүнсийг тээж явах уулзвар зангилаа газар юм. Их бие бол толгойн удирдлагаар үйл хөдлөл амьдарахуйн үйл явцад  оролцогч  бүтээц юм.

          Сэтгүүлч Г. Бадамсамбуу  “Аман хүзүү гэсэн нь эхний хүзүү гэсэн утгатай байж болно. Мөн “амин” гэх утга бас бий. Энэ нь эртний зүлдлэх ёстой холбоотой. Амьтны амь сүнсний эрхтэний тогтолцоог зүлд гэнэ. Эртний тахилийн гол нь зүлд байв. Зүлдэд толгой, аман хүзүү, багалзуур, өвчүүний зэрэгцээ зүрх зэрэг таван цул, цус, гэдэс дотор орно. Алив амьтны сүнс нь эдгээр эрхтэний тогтолцоонд оршдог гэж үзэх тул тахилд тэдгээрийг үргэлжид нь салган авч ёс үйлддэг байжээ. “зүлд авах ёс” нь тухайн амьтны эрхэм зүйл, амь сүнсийг эзэмдэх буюу хийморь сэтгэлээ өөр амиар сэлбэж арвитгахтай холбоотой байжээ. “Зүлдлэх” үйл нь МНТ-д “зүлд” гэж тохиолдохоос гадна “бугулзар идрээ ирэгтүн”, “Цуст тоног авагчин”, “жилда болдож” гэх мэт төлөөллийн нэрээр илэрч байж болзошгүй байна.
Зүлдийг гол гавьяа, мөн хүндэтгэл зоог, тахилгад өргөдөг. Ангийн зүлдийг агнасан хүн авна, идэшний зүлдийг гэрийн эзэн эхэлж хүртэнэ, тахилын зүлдийг шүтээнд өргөнө. Зарим нутагт идэш төхөөрсөн хүн зүлдээс эхэлж хүртэх ёс бас бий. Мал төхөөрсөний дараа идэшний таван цул, гэдэс дотор, цоройг даруй чанаж (зүлд хишиг, идэшний малын амь сүнс-шинэ шөл зоог) хотлоор хуваан хүртэнэ.” гэж нэгэнтээ бичжээ.

Ямар боловч “аман хүзүү” түүний бэлэгшээл, тахилга хүндэтгэл бол  дэлхий дахины нийтлэг шинжтэй зүйл. Хүч чадлын бэлэгдэл болох нь ч зүйн хэрэг мэт.   Үүргээрээ ч, бүтцээрээ ч хүч чадлын билэгдэл  мөн.  Аман хүзүүний тахилга хийх ёс өвөрлөгчид  нэлээд байдаг  ажээ. Тархи бол нугасаар дамжиж бүх биеийг удирддаг. Тархийг булаг гэж бодвол  эх урсац нь аман хүзүүгээр дамжин цааш үргэлжилнэ. Ийм чухал орон зайд  ачааны хүндийг үүрч, зүтгэхийн  гараан дээр  байх аман хүзүү чухамдаа амин хүзүү болой…

                                                                   Хөххот

                                                                   2019.09.03


URL:

Сэтгэгдэл бичих