Хүний амь хөнөөгөөд оргосон этгээдийг эрэн сурвалжилж байна

5914

Хамтран амьдрагчаа хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

“Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд хүн нас барсан байна гэсэн дуудлага 9 дүгээр сарын 4-ний 04:00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн.

Цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээр очиход 40 настай эмэгтэйг хамтран амьдрагч 53 настай, Баярсайхан гэгч этгээд амь насыг нь хороогоод, зугтсан байсан.

Хэргийн газраас зугтсан Ч.Баярсайхан гэгч этгээдийг эрэн сурвалжилж байна.

Ч.Баярсайхан нь 1966 оны 9 дүгээр сарын 2-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. 53 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй. Эрдэнэмандал суманд мал маллаж байгаад 2018 оноос Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд эхнэр, хүүхдийн хамт оршин сууж байсан.

Хүний амь нас хөнөөгөөд оргон зайлахдаа улаан футболк, ногоон өнгийн биеийн тамирын өмдтөй, цагаан пүүзтэй явсан.

Оргодол этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй авна. Мэдээллийн нууцыг чанд хадгална.

Иргэд эрэн сурвалжилж байгаа этгээдийн талаарх мэдээллийг 102, 98666969, 96067360, 89345555, 99697220 гэсэн дугаарт өгч болно.

Оргон зайлсан этгээдийг олохоор шуурхай ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих