Д.Жигжиднямааг яаж ч чадахаа больсон Ерөнхий хорооны гишүүдээ чөлөөлөх цаг болжээ, Б.Энх-Амгалан сайд аа?!
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр зам” /УБТЗ/ нийгэмлэг хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрийн дагуу байгуулагджээ. Хэдхэн хоногийн өмнө 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
УБТЗ ХНН-ийн дүрмийг Монголын талаас 1968 оны долдугаар сарын 20-нд, Оросын талаас 1968 оны есдүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурж баталсан бөгөөд өнөөг хүртэл мөрдөн ажиллаж буй ажээ.
УБТЗ ХНН-ийн энэхүү дүрмийн хэрэгжилтийг хянах, хангах ажлыг Ерөнхий хороо нь хариуцдаг. Компаниар бол ТУЗ нь гэсэн үг.
Харин УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа бол УБТЗ ХНН-ийн дүрмийн хэрэгжүүлэх үүрэгтэй гүйцэтгэх удирдлага юм. Түүнийг 2016 оны есдүгээр сард Москвад болсон Ерөнхий хорооны хурлаас энэ албан тушаалд томилсон байдаг.
Гэвч Д.Жигжиднямаатай холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хэвлэлүүдээр гарч, хууль хяналтын байгууллагад шалгуулах болсон.
Д.Жигжиднямаа нь Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын гүйцэтгэгчээс н.Батбаяр гэгч 500 сая төгрөг авч, дахиад 1.0 тэрбум төгрөг нэхсэн хэрэгт холбоотой эсэх, актлагдсан 1000 вагон худалдаж авсан, их засварын хугацаа нь болоогүй 16 вагоныг Хятадад 16 тэрбум төгрөгөөр засуулсан, УБТЗ-д ашиглахгүй байгаа зам засварын машинуудтай ижил төрлийн машиныг оффшорт бүртгэлтэй компаниар дамжуулж өндөр үнээр худалдаж авсан, түлш, тосыг өндөр үнээр авдаг, зорчигчдод үйлчлэх хүнс, бараа бүтээгдэхүүнийг хамаарал бүхий этгээдээсээ өндөр үнээр авдаг, оффшор компани руу шилжүүлсэн, оффшор компаниас орж ирсэн их хэмжээний мөнгөний гүйлгээнд холбоотой байж болзошгүй зэрэг эргэлзээтэй олон арван асуудалд нэр холбогдоод байгаа юм. Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл ч ийм мэдээллүүдийн зах зухаас хүргэсэн билээ. Тэр ч байтугай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгчийн 2018 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн УБТЗ ХНН-т Замын дарга ажилтай Д.Жигжиднямаад “Хязгаарлалт тогтоох”, “Албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 202 дугаартай захирамж гарч байжээ. Энэ захирамжийг тойрсон маапаан нэлээд гарсан байдаг юм.
Ийм маягаар эдгээр нь хууль хяналтын байгууллага дээр хэрэг болон үүсдэг ч удалгүй яасан нь мэдэгдэхгүй гацаж орхидог нь бүр ч анхаарал татна. Зүй нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд Д.Жигжиднямаагийн гэм буруутай, эсвэл буруугүйг ялгаж салгаж шийдвэрлэх цаг нэгэнт болчихсон.
Ингэхгүй бол Д.Жигжиднямаа гэдэг хүн нэг бол дээрх асуудлуудад гүтгэгдэж яваа, аль эсвэл Монголын төр, Монголын хууль хяналтын байгууллагад нөлөөллөө тогтоосон хоёрын аль нь вэ гэдгийг ялгаж салгах аргагүй болоод байгаа юм. Д.Жигжиднямаа ч энэ асуудлыг нэг тийш болгоход өөрөө анхаарал хандуулж, арга хэмжээ авах хэрэгтэй. Шуудхан хэлэхэд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын нэн чухал төмөр замын салбарт юу болоод байгаад олон нийт эргэлзсээр удаж байна.
Нөгөө талаас УБТЗ-ын гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанаас болоод нийт төмөр замчдын дунд ойлгомжгүй байдал үүсээд байгааг ч анзааралгүй өнгөрөх боломжгүй юм. Нэг үхрийн эвэр доргивол… гэдэг үг байдаг билээ.
Зүй нь нэг даргаас болж, нийт төмөр замчдын нэр сэвтэх ёсгүй. Яг үнэндээ УБТЗ-ын дарга “зөв хүн” л байх ёстой. Тийм л байхад энэ салбарын ажил аяндаа явчихна. 70 жилийн түүхтэй УБТЗ шүү дээ.
Тийм учраас хууль хяналтын байгууллагаас түрүүлээд УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооноос Д.Жигжиднямаад “үг хэлэх” учиртай. Дүрэм нь ийм. Гэтэл өнөөг хүртэл Ерөнхий хороо дуугарсангүй. Ядаж Монгол Улсаа төлөөлөн Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “толгой” байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа нөхдүүд дуугарахгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм.
УБТЗ ХНН-ийн дүрмийн дагуу Ерөнхий хороонд Монголын талаас гурван хүн, Оросын талаас гурван хүн сонгож оруулдаг.
Ерөнхий хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь гурван жил байдаг байна. Яг өнөөдөр Монголын талаас УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч даргааар ЗТХ-ийн сайдын зөвлөх Б.Цогтгэрэл, Ерөнхий хорооны гишүүнээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ, ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага, зохицулалтын газрын ахлах референт Н.Буяндэлгэр нар ажиллаж байна. Эднийг 2016, түүнээс хойшхи онуудад Ерөнхий хорооны гишүүнээр сонгожээ. Зарим нь УБТЗ ХНН-ийн дүрэмд зааснаар эрхийн хугацаа нь ч дуусгавар болж байна.
Ер нь бол УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны зарим нэр бүхий гишүүнтэй холбоотой том, жижиг асуудал “сав”-наасаа халиад хууль хяналтын байгууллагын анхааралд ороод байгааг энд дуулгах зөв биз ээ. Энэ үүднээсээ Ерөнхий хорооны гишүүний үүргээ биелүүлж, гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, үг хэлэх боломжгүй болоод байхыг үгүйсгэх аргагүй юм.
Иймийн тул ЗТХЯ, түүний сайд Б.Энх-Амгалан та УБТЗ ХНН-ийн Ерөнхий хороонд улсаа төлөөлөн ажиллаж байгаа хүмүүсээ өөрчлөх саналыг гаргах хэрэгтэй болжээ. Цаг нь болсон байна. Сайдын саналын дагуу Засгийн газраас УБТЗ ХНН-ийн Ерөнхий хороонд уламжлаад асуудлыг шийдэж ирсэн дүрмийн дагуух уламжлал энд явагдах биз. Энэ бол сайд таны хийх ёстой ажил. Ингэж хариуцлага, хяналтын сэлгээ хийхгүй аваас таны хариуцсан салбарт өргөн хүрээг хамарсан идээ бээр буглачихсан байж мэдэхээр байна.
Эцэст нь, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр ажиллачих хэмжээний болохгүй бүтэхгүйтэй нэр холбогдоогүй, Монголоо гэсэн чин сэтгэлтэй боловсон хүчин төмөр замын салбар хийгээд Монголын төрд хэдэн зуугаараа бий билээ.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: