Хөгжих үү, үлдэх үү?

712-15675805887fa5604e-9574-4c7f-a293-bd9db2a32fafЭнэ өдрүүдэд Үндсэн хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах асуудлыг ид хэлэлцэж байна. Буурин дээрээ торойж үлдэх үү, бусдын жишгээр торолзож нүүх үү гэдгийг үүгээр шийднэ. Анх 62 гишүүн гарын үсэг зурж их л эрчтэй хэлэлцэгдэж эхэлсэн төсөлд Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөн тусгаж нэгтгэх ажил амжилттай явагдсан. УИХ-ын ТББХ-ноос дэмжигдсэн зүйл заалтын дүн нуруу ч тун даамгай харагдаж байгаа.

Талцал хуваагдал тамтагтаа тулж, төрийн ажил түгжээ гацаанд орж,  хөгжихгүй дороо хий эргэж, байгалийн баялгийн хуваарилалт тойрсон балаг дуусахгүй байгаагийн гол шалтгаан Үндсан хуулинд буй хийдэл дутагдалд байна гэж хэн хүнгүй санал нэгддэг. Тиймээс ч сүүлийн арваад жил “эцэг” хуулиа эмхлэн цэгцлэх гэж эрмэлзсэний үр дүнд одоо л нэг “галт тэрэг” хөдөлж магадгүй болоод байна.
Гэсэн ч сүүлийн үед нэг л эргэлзээ төрөөд явчихлаа. Гишүүдийн ирцээс болж чуулганы нэгдсэн хуралдаан удааширч, төсөлд туссан тун хэрэгтэй зарим саналууд унах эрсдэл учирч байна. Ёстой нөгөө өвчний оношоо мэдэж байгаа хэрнээ эмчлүүлэхгүй гээд гүрийгээд байдаг зөрүүд нөхөр шиг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хойрго хандагсад УИХ-д цөөнгүй байх шиг.
Уг нь МАН-ын 2016 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөрт, түүн дээр тулгуурлаж гарсан Засгийн газрынх нь Үйл ажиллагааны хөтөлбөр аль алинд нь тогтвортой, хариуцлагатай улс төрийн соёлыг төлөвшүүлж, хүчтэй, чадамжтай, хууль дээдэлсэн төрт ёсыг бэхжүүлэх зарчмыг баримтална гэсэн том амлалт бий. Энэ хүрээнд “Эрх мэдлийн харилцан хяналт, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” гээд  цагаан дээр хараар биччихсэн байгаа.
Одоо харин ард түмэн эрхэм гишүүдийн үг үйлдэл, ажил амлалт хэр зөрөхийг Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс ил шулуухан ажиглаж байна.
“Давхар дээл” муухай гэж ирээд л бараг бүх гишүүд цэцэрхдэг. Тэгсэн хэрнээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-гүй байхаар тусгаад оруулаад ирэхээр нугдайгаад чимээгүй болцгоох нь гайхаш төрүүлнэ.
Ажил хийдэг Засгийн газартай болмоор байна гээд л айхтар сүрхий шүүмжилцгээдэг. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг, сайдаа томилдог, чөлөөлдөг , огцруулдаг болох өөрчлөлт Үндсэн хуулиар хийх гэхээр амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөөд бас л таг чиг. Тэднээс “…Юмыг яаж мэдэх вэ дараагийн удаад сайд болох шаанс олдож магад, үгүй дээ л хэн нэгнийг сайд болгоод хариу нэхвэл…” гэсэн далдын санаа цухалзаад байх шиг.
Төрийн дээр нам зайдагналаа гээд л баахан ярих атлаа мөнгөтэй хүмүүсийн халаасанд мөнөөх намыг нь хийдэг гажуудлыг халж, улс төрийн намын  санхүүжилтийг ил болгох гэхээр ус балгасан юм шиг чив чимээгүй сууцгаах. Бодвол сонгууль дөхөхөөр намаа авлигадаж тойрог өмчилдөг, тооноор орж ирээд хоймор суудаг зуршилаасаа салах тун чиг дургүй бололтой дог.
Болохгүй байгаа бүхний гол шалтгаан Үндсэн хуулин дахь төрийн эрх мэдлийн хуваарилалтад байна гэдэг дээр бүгд л санал нэгдээд байгаа. Тэгсэн хэрнээ болохгүй байгаагаа засах болохоор хөдөлж ядаад буй нь гайхаш төрүүлнэ. Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй гэж ярьчихаад үйлдэл дээрээ өөр байгааг чинь ойлгохгүй байна түшээд ээ.
Өнгөрсөн 27 жилд байгалийн баялаг эрх мэдэлтэй, мэдээлэлтэй цөөхөн хүний зууш болж, баян хоосны ялгаа байдгаа алдахад хүргэсэн. Цөөнх нь цөлмөж баяждаг, олонх нь ядуу хоосон хоцордог гажуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засахын тулд төрийн нийтийн өмч гэдэг нэршил оруулж ирсэн ч дэмжих эсэх нь эргэлзээтэй байна.
Улаанбаатараас өөр хотгүй, Дархан Эрдэнэтээс авахуулаад 21 аймгийн бүх төв нь сум гэгдэж, хуучин хотын шоовдорлогдсон иргэд хотын хүн болох холын мөрөөдлөө хэзээ биелэхийг хүлээж суусаар насыг барах нь зүгээр үү.
Улс яагаад хөгжихгүй байгаагийн уул шалтгаан нь холыг харсан хөгжлийн бодлогогүй, тийм бодлого байсан ч тэрнийгээ Үндсэн хуулинд тусгаагүйнх гэж судлаачид хэлдэг. Тэгвэл 27 жилийн өмнө гаргуунд нь хаясан хөгжлийн асуудлыг өнөөдөр Үндсэн хуулиндаа суулгаж байж хөгжлийн зам дээр гарч ирнэ гэж учир мэдэх хүмүүс хэлсээр байгааг ухаарах гишүүн хэд байна вэ.
УИХ-д 64 гишүүнтэй МАН Үндсэн хуулиа өөрчилж, төр түмэнд хэрэгтэй дээрх чухал өөрчлөлтүүдээ хийж чадахгүй бол үнэндээ онигоо болно. Зүгээр ч нэг онигоо болохгүй ирэх жилийн сонгуулиар ард түмнээс хатуухан хариу барьж ч мэднэ.
Эрх нь байхад ирцээ бүрдүүлдэггүй, элдэв шалтгаар хойш суудаг үхширсэн хойрго зангаа засахгүй бол иргэд сонгогчдыг эгцэлж харах нүүр та нарт үлдэхгүй л болов уу.
С.Сарнай

URL:

Сэтгэгдэл бичих