Хаан банк НУУЦЛАЛ муутай юу?

5667ac39dcac62906681079811ad504bХаан банкСурагчид “Хаан” банкны цахим үйлчилгээний нууц үгийг тусгай программ ашиглан хулгайлжээ

Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургууль анх байгуулагдсан цагаасаа хүүхэд, залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, авьяасыг нь дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Гэвч тус сургуулийн төгсөх ангийн гурван сурагч өөрсдийнхөө авьяас чадвар, сурсан мэдсэнээ буруугаар ашиглаж, бусдад хохирол учруулсан хэрэг 2017 оны аравдугаар сард гарсан байдаг. 2000-аад оны эхэнд төрсөн, 17 настай нэг ангийнхан болох Болдоо, Батаа, Баяраа нар хичээлийнхээ дундуур Мэдээлэл зүйн танхимынхаа компьютерийг ашиглан нэгэн иргэний “Хаан” банкны данснаас удаа дараа гүйлгээ хийж, мөнгийг нь “туучихсан” байгаа юм. Тэдний авсан мөнгө эцэг, эхийн нь сарын цалингийн талд хүрэхгүй ч 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн шинэ хуульд хохирлын хэмжээг төдийлөн харгалзахаа больж, үйлдэлд нь хариуцлага ногдуулдаг болсон учраас хууль сахиулах байгууллагынхан тэдний холбогдсон хэргийг сайтар шалгаж, нотолсон аж.

Хөвгүүдийн нэг Болдоо Мэдээлэл зүйн кабинетад ороод хичээл хийж хэвшсэн 15 дугаартай компьютерийн ард суужээ. Энэ үедээ  кэелоггер (keylogger) хэмээх программ ашиглан иргэн Д-ийн Хаан банк дахь дансаа удирддаг интернэт банк үйлчилгээний нууц үгийг олж авсан байна. Компьютерийн программ хангамжийн мэргэжилтнүүдийн тодорхойлсноор “Кэелоггер гэдэг нь төхөөрөмжид оруулсан тэмдэгтүүд буюу мэдээллийг хадгалж авах, эсвэл тухайн халдагч руу явуулдаг, нууцаар ажилладаг программ” юм байна. Харин тус банкны дээрх үйлчилгээний хамгаалалт, нууцлал тийм сайн биш байдгаас болсон уу, Болдоо нэг их оролдлого, хүчин чармайлт гаргалгүй нууц үгийг нь өөрийн болгож тэмдэглэн авч. Энэ тухайгаа хавтаст хэрэгт мэдүүлэхдээ “2017 оны аравдугаар сарын 16-нд мэргэжлийн хичээлийн үеэр багшийн өгсөн даалгаврыг хийж дуусаад фэйсбүүкт орсон. Дараа нь кэелоггер программ руу орж, өөрийнхөө фэйсбүүкийн нэвтрэх эрхийг арилгахаар нэвтэрсэн. Тэр үеэр нэг хүний “Хаан” банкны интернэт банк үйлчилгээний нууц үгийг харсан юм. Нууц үг нь тухайн программ дээр бичигдсэн байсан. Хичээл тараад энэ талаар Батаа, Баяраа нарт хэлсэн” хэмээж.

Болдоо уг дансны мэдээлэл, нууц үгийг хоёр найздаа бас хэрэглүүлэхээр санал болгосон ч нөгөөдүүл нь зөвшөөрөөгүй хэмээн мэдүүлсэн байх юм. Тухайлбал, Батаа мэдүүлэгтээ “Баяраа бид хоёрыг дансны мэдээлэл авах уу гэхэд нь “үгүй” гэж хэлсэн. Сүүлд нь ийм зүйл хийж болохгүй тухай хэлж байгаад утаснаас нь нууц үг, аппликэйшнийг устгуулсан. “Боль гэж Болдоод зөндөө хэлсэн” гэж ярьсан бол Баяраа “Би тухайн Мэдээлэл зүйн танхимд суудаггүй. Надад бусдын банкны дансны нууц үгийг олж авсан тухай хэлэхэд нь “ашиглаж болохгүй” гэдгийг тайлбарлаж хэлээд Батаа бид хоёр программыг устгахыг шаардсан” гэсэн байна.

Харин тэдний асран хамгаалагч нарын нэг нь “Кэелоггер гэдэг программыг хэн ч ашиглах боломжтой. Программ ашиглаж олж авсан мэдээллийн дагуу хүний данс руу нэвтэрч байгаа нь гэмт үйлдэл. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1-2-т зааснаар зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа нэг жил гаруй болж байхад хохирлын тооцоог гаргаагүй, түүнийг төлж барагдуулах боломжгүй байдал үүсгэсэн. Төлбөрийг тогтоогоод өгвөл бид төлнө” гэжээ.

“Ажил хийж олсон мөнгөөрөө ангийнхнаа дайлж байна гэж бодсон”

Ийнхүү тусгай программ уншуулж олж авсан нууц үгээ ашиглан иргэн Д-гийн гэр бүлийнхний хамтран эзэмшдэг ХААН банкны данснаас 22 удаа гүйлгээ хийж, 560 шахам мянган төгрөг авсныг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Болдоо 2017 оны аравдугаар сарын 17-23 хүртэлх хугацаанд хамгийн багадаа 7000, ихдээ 60 000 төгрөгийн гүйлгээ хийж дээрх хэмжээний хохирлыг иргэн Д-д учруулсан хэмээн Цагдаа, Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Болдоо хууль бусаар олсон мөнгөөрөө найз нөхдөө дайлж, Улсын их дэлгүүрээс “Zippo” брэндийн үнэтэй асаагуур хүртэл авч өгсөн гэдэг. Хавтаст хэрэгт байгаа мэдүүлэгт хэрэгт холбогдогчдын нэг нь “Урлагийн үзлэг бэлдэж байсан ангийнхандаа идэж, уух юм авч өгсөн гэж хүүхдүүд ярьж байхаар нь Болдоогоос “Юун мөнгө юм бэ, чи авч өгсөн юм уу” гэж асуусан. Тэрбээр Мэдээлэл зүйн кабинетын 15 дугаартай компьютероос программ уншуулан нууц үг олж аваад, тухайн дансны мэдээллийг ашиглан өөрийнхөө гар утаснаас ХААН банкны интернэт үйлчилгээнд холбогдсон байсан. Улмаар сургуулийн хажуу талын “Тансаг” хэмээх нэртэй дэлгүүрийн данс руу мөнгө шилжүүлж, идэж, уух зүйл авснаа хэлсэн. Нэг бус удаа ангийнхандаа идэж уух юм авч өгсөн. Манай ангийнханд тэрбээр “Зун ажил хийж олсон мөнгөөрөө дайлж байна” гэж ярьсан байна лээ. Ангийн хүүхдүүд цалингаараа юм авч өгч байна л гэж ойлгосон. Нэг удаа бид “Өргөө-3” кинотеатрт кино үзэхэд Болдоо бас тасалбар авч өгсөн” хэмээн мэдүүлжээ.

Болдоо найзуудтайгаа Улсын их дэлгүүрийн бэлэг дурсгалын тасагт бараа сонирхож яваад “Zippo” хэмээн асаагуур хоёр найздаа авч өгсөн бол өөр нэгэнд нь гитарын цохиур худалдан авч бэлэглэхдээ иргэн Д-гийн данснаас төлбөрийг нь төлсөн байна.

Тэрбээр мэдүүлэгтээ “Анх тухайн хүний нууц үгийг мэдэж авсан өдрөө ямар нэг гүйлгээ хийгээгүй. Маргааш оройноос нь эхэлж “Тансаг”  дэлгүүрээс идэж, уух зүйл, Улсын их дэлгүүрээс Батаад гитарын цохиур, Баяраа болон өөр нэг найздаа асаагуур, “Апекс” их дэлгүүрээс өөртөө богино өмд (шорт) гэх зэргийг авч, зарим хүний данс руу бэлэн мөнгө шилжүүлж байсан. Гэхдээ 7-8 удаа л гүйлгээ хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Гэр бүлийнх нь эзэмшдэг ХААН банкин дахь данснаас удаа дараа учир битүүлгээр мөнгө гараад байгааг мэдсэн Д гэр бүлийнхнээсээ асуутал огт гүйлгээ хийгээгүй байж. Тиймээс дансаа түр хаалгаад, нууц үгээ сольж, хэсэг ашиглахгүй байтал хэн нэгэн нууц үгийг нь сэргээх хүсэлт илгээснээр хакеруудын халдлагад өртсөнөө мэдэж Цагдаагийн байгууллагад хандсан гэнэ.

Өсвөр насны хөвгүүдийг мөнгө угаасан гэм буруутай гэж шүүх дүгнэжээ

Хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 29-нд хэлэлцэн шийдвэрлэсэн байгаа юм. Ингэж шийдвэрлэхдээ Болдоог “Сургалтын зориулалттай ашигладаг цахим төхөөрөмжөөр дамжуулан компьютерийн өгөгдөл системээс иргэн Д-д мэдэгдэхгүйгээр, далд аргаар данс, түүнтэй холбоотой мэдээлэлтэй танилцаж, нэвтэрсний дараа ангийн найз Батаа, Баяраа нарт мэдэгдэж, бусдын данс руу мөнгө шилжүүлсэн, гүйлгээ хийсэн. Батаа, Баяраа нар нь “Өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хууль бусаар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж үйлдлээрээ дэмжиж бүлэглэн оролцсон” гэж Шүүх бүрэлдэхүүн дүгнээд өсвөр насны шүүгдэгч Болдоогийн үйлдэл нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөнгө угаах хэд хэдэн гэмт хэргийн, Батаа, Баяраа нарын хэрэг мөн мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл өсвөр насны шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогч Д-гийн дансанд 22 удаа хандаж, гүйлгээ, шилжүүлэг хийж олсон хөрөнгө, мөнгө байх бөгөөд энэ нь банк, санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй иргэн Д эд хөрөнгөөрөө хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Иймд шүүх Болдоог цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, компьютерийн өгөгдөл, системд нэвтэрч танилцсан буюу Эрүүгийн хуулийн 26.1-1 дэх хэсэгт зааснаар, Болдоогоос гадна Батаа, Баяраа нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг бүлэглэн авсан, ашигласан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 18.6-1 дэх дугаар хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.2-т  заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөнгө угаасан гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, Баяраа, Батаа нарыг хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Харин Болдоод хорих ял ногдуулахгүйгээр тэнсэж, нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар болсон байна. Тэдний учруулсан хохирлыг ар гэрийнхнээс гаргуулж, хохирогч Д-д төлөхөөр Шүүхээс шийдвэрлэжээ.

Харин хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг хөвгүүдийн төлөвшлөөс гадна Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулиас сурагчдадаа сургалт явуулахдаа хяналт тавих байдал нь хангалтгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзэхээр байна хэмээн Шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байгаа юм.

Г.РАВЖАА

https://shuurhai.mn/n/7032


URL:

Сэтгэгдэл бичих