Өөрийгөө өмөөрөх хэрэггүй, “Дашваанжил” Та буруутай!

Хийн түлш хэрэглэгч аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэгцээний 60 гаруй хувийг хангадаг гэх “Дашваанжил” компанийн хийн баллон дэлбэрч, гурван хүн эрүүл мэндийн ноцтой хохирол үзсэн явдал энэ сарын 21-ний өдөр  Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр байрны 26 тоотод гарсан. Энэ нь тус компанийн нийлүүлдэг хийн баллоны ээлжит дэлбэрэлт байв. Өмнө нь тэдний хийн баллоныг хэрэглэгч “Бостон” клубд мөн дэлбэрэлт болж байсан. Гэхдээ хүний эрүүл мэндэд хохирол учраагүй. Тиймээс ч харьцангуй чимээгүй өнгөрсөн гэж болно.  Энэ удаад гурван хүн эрүүл мэндийн хувьд ихээхэн хохирлыг үзсэн. Мөн тус байрны хэд хэдэн айл тэсгим өвлийн хүйтэнд орон гэртээ тохь тухтай амьдрал боломжгүй болоод байгаа. Харин “Дашваанжил” компанийн зүгээс өөрсдийгөө өмөөрч, иргэдийг буруутгасан байр суурийг илэрхийлж байгаа юм. Тиймээс  ер нь яагаад хийн баллон удаа дараа дэлбэрч байна вэ. Нийлүүлэгч, хэрэглэгчийн хэнд нь буруу байгаад байна вэ гэдгийг нягтлан шалгах шаардлага мэргэжлийн байгууллагад зүй ёсоор гарсан. Тэрчлэн МХЕГ-аас Дархан-Уул аймгийн  дэлбэрэлт гарсан орон сууцанд ашиглагдаж байсан хийн тоног төхөөрөмж, “Дашваанжил” ХХК-ийн хий цэнэглэх цэг, хий борлуулах цэгт үзлэг шалгалт хийгээд дуусчээ.

Хяналт шалгалтын дүнд хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн байна.

Тодруулбал, Хий цэнэглэх цэг, автомашиныг хийгээр цэнэглэх станцыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөлгүйгээр ашиглаж байгаа нь “Барилгын тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дэх /Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно/, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1 дэх /Зориулалтын бус барилга байгууламжид, мөн улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжид газрын тосны бүтээгдэхүүн хадгалахыг хориглоно./ заалтуудыг;

Мөн Орон сууцны барилгын 7 давхарт хийн баллонт төхөөрөмж ашигласан нь “Хийн хангамж БНбД 42-01-04”-ийн 9.49 /Орон сууцны 2-оос дээш давхар бүхий барилга дотор баллон байрлуулахыг хориглоно./ заалтыг;

Эргэлтийн баллонуудад үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд баллонд техникийн магадлал хийдэггүй нь “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”-ийн 6.8 /Баллоны үйлдвэрлэгчээс баллонд магадлагаа хийх хугацаа ба актлах норм хэмжээг тусгаж баталсан аргачлалын дагуу хийн аж ахуйн байгууллага баллоны техникийн магадлалыг хийнэ./, 7.77 /Гэмтэл согогтой юмуу баталгаат хугацаа нь дууссан баллоныг засвар буюу магадлалтанд оруулна./ заалтуудыг;

Ашиглалтын шаардлага хангахгүй баллоныг хийгээр цэнэглэсэн байгаа нь мөн дүрмийн 7.74 заалтыг;

Хэрэглэгчид хийтэй баллон олгохдоо баталгаат хугацааг хянаж, хэрэглэгчийн дэвтэрт баллоны дугаар, сольсон хугацаа зэргийг бичиж тэмдэглээгүй нь мөн дүрмийн 6.9 /Хэрэглэгчдийн хийтэй баллоныг олгохдоо баллоны баталгаат хугацааг хянаж, баллоны номерыг хийн аж ахуйн журналд бүртгэж, хийн аж ахуйн ашиглалтын байгууллагын өгсөн хэрэглэгчийн дэвтэрт баллоны номер, сольсон хугацаа, олгосон хүний нэрийг бичиж өгөх үүрэгтэй./ заалтыг;

“Дашваанжил” ХХК-ийн Дархан салбарт ажиллаж байгаа ажилчдыг хийн аж ахуйн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэгийн сургалтад хамруулж үнэмлэхжүүлээгүй нь “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1.2.10, 1.2.11, 1.2.12 заалтуудыг;

Хий цэнэглэх цэг, автомашиныг хийгээр цэнэглэх станцын хий хадгалах даралтат савны техник ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцагчийн тушаалаар томилоогүй нь “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 7.1.1 заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзжээ.

Улмаар дээрхи байдлыг үндэслэн:

“Дашваанжил” ХХК-ийн Дархан дахь салбарын хий цэнэглэх цэг, автомашиныг хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хууль, “Хийн хангамж БНбД 42-01-04”, “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Цаашид орон сууцны 2-оос дээш давхар бүхий барилга дотор ашиглагдаж буй шингэрүүлсэн шатдаг хийн баллонуудын ашиглалтыг зогсоож, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй хэмээн үзээд байна.

Тэгэхээр “Дашваанжил” ХХК хичнээн өөрийгөө өмөөрөөд Монгол Улсын хууль, дүрмүүдийг зөрчиж, үйл ажиллагаа явуулж ирсэн нь тогтоогдлоо. Дархан дахь эл дэлбэрэлт гурван хүний эрүүл мэнд болоод эд материалын ихээхэн хохирлыг дагуулсаны нөгөө талд дахин олон хүн хохирч болзошгүй байсан аюулаас сэргийлэхэд чиглэсэн сургамжийг дагууллаа.  Хий хэрэглэгч айл өрхүүд орон сууцны 2-оос дээш давхарт амьдардаг бол учирж болзошгүй эрсдлээс сэргийлэн хийнээс татгалзах ёстой юм. Мөн  татгалзах ёстой гэдгийг нь мэдсээр байж 2-оос дээш давхрын айлуудад хийн баллон хүргэж өгдөг,  хууль зөрчигч “Дашваанжил” ХХК буруугаа ухамсарлаж, хариуцлагаа хүлээх ёстой юм.


URL:

Сэтгэгдэл бичих