Удаа дараа хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо

5840

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ажил, төсөл хөтөлбөрүүдийн хувьд болж бүтэж байгаа зүйл цөөнгүй байгаа. Гэвч шийдвэрлэгдэхгүй удаж байгаа, хугацаа алдаж байгаа, гаргасан шийдвэр ажил болох тал дээр үр дүн муутай байгаа ажлууд цөөнгүй байна. Асуудал байгаа бол тодорхой хэлэх хэрэгтэй.

Та нөхөд ажил хийх, хэрэгжүүлэх бүх боломжоор хангагдсан. Өөрсдийн чадах, боломжтой байгаа хүрээндээ асуудлаа шийдэж ажиллах ёстой.

Бүх асуудлыг хот шийднэ гэж харж сууж болохгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулах ажилд идэвхи санаачлагатай оролцох ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулах. Шат шатандаа ажлын хариуцлагыг өндөр ухамсарлаж, хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаг байх ёстой. Тодорхой хугацаанд доривтой дүн гаргаж ажиллахад сэтгэл дутаж байна.

Хариуцсан ажилдаа удаа дараа хариуцлага алдаж, нийслэлийн ажлыг гацааж байгаа зарим газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Нийслэлчүүдийн хувьд том шалгуур болсон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрх бүрт сайжруулсан шахмал түлшийг түгээх, борлуулах, мэдээлэл зөвлөмжөөр хангах ажлыг удаа дараа хангалтгүй зохион байгуулж байгаа Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга болон хүйтний улирлаас өмнө зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй байгаа, салбарын ажилдаа хангалттай хэмжээнд хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа Авто замын хөгжлийн газрын дарга нарыг албан үүргээ хүлээлгэж өгөх шийдвэрийг гаргаж байна.

Цаашид ажил хариуцсан албан тушаалтнууд цаг хугацаатай уралдаж хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарч, хяналтаа тавьж ажилла” гээд холбогдох албан тушаалтнуудыг хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг хатуу анхааруулж, цаашид эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудтай ажлын хариуцлага тооцож ажиллахаа мэдэгдлээ.

 Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

URL:

Сэтгэгдэл бичих