Б.Баяраа: Асашёрюү Дагвадорж дайны талбарт цэргүүдээ орхиод зугтаасан

5788

Гавьяат дасгалжуулагч, боловсролын ухааны доктор, олон улсын хэмжээний мастер Бямбаренчингийн Баяраатай ярилцлаа. Тэрбээр 2016 оны олимпийн наадмын үеэр гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаярын хамтаар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж тэмцээнд оролцох эрхээ гурван жилээр хасуулаад байсан юм. Харин энэ долоо хоногт түүний шийтгэлийн хугацаа нь дуусгавар болоод байгаа билээ.


-Таны хувьд хилийн чанадад докторын зэрэг хамгаалсан чөлөөт бөхийн дасгалжуулагчдын нэг. 2020 олимпийн мөчлөг өндөрлөх тийшээгээ хандчихлаа. Жил хүрэхгүй хугацааны дараа олимпийн наадам Ази тивд маань болно. Энэ олимпийн мөчлөгийн эрэгтэй шигшээ багийн амжилтыг та яаж дүгнэж байна. Өмнөх олимпийн мөчлөгт эрэгтэй багтай тулж ажилласан хүний хувьд дүгнэхгүй юү?

-Саяхан чөлөөт бөхийн дасгалжуулагчид Сочи руу явах хамтарсан бэлтгэлийн өмнө хуралдаж бэлтгэлжилтийн талаар санаа бодлоо хуваалцсан. Энэ хурлаар багш нар сургалт арга зүйн талаар зөвлөлдсөн л дөө. Энэ үеэр гавьяат А.Энхээ ах надаас “Баяраа чиний хувьд өмнөх олимпийн мөчлөгт эрэгтэйчүүдийн шигшээ багтай тулж ажилласан хүн. Санал бодоо хэл. Тамирчдын сэргэлт нь хэд хоног байвал тохиромжтой вэ” гэж асуусан юм. Би ч хэлсэн л дээ. Энэ мөчлөгийн дасгалжуулагчид ажлаа аваад гурван жил болж байна. Шигшээ багийн төлөвлөгөөг нэг ч харсангүй. Ахлах дасгалжуулагч Б.Баттулга шигшээ багийг ямар төлөвлөгөөгөөр авч явааг нь хармаар байна. Хурлын дараа төлөвлөгөөг нь харахад эрэгтэй, эмэгтэй шигшээ баг дээр ангилсан төлөвлөгөө байгаагүй. Ерөнхийлсөн төлөвлөгөө л байсан. Олимпийн өмнөх жил үргэлжилж байхад багийг маш сайн судалсан байх шаардлагатай. Багийн хэдэн хувь нь биеийн ерөнхий хөгжил дутуу юм, хэдэн хувь биеийн ерөнхий хөгжлийн тусгай хөгжил дутуу юм, хэдэн хувь нь техник, тактик дутуу байна, хэдэн хувь нь дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд байгаа зэргийг судалсан судалгаа байх ёстой. Ийм зүйл байгаагүй. Байшин барих хөрсөө судлаагүй байсан гэсэн үг л дээ. Багийн судалгаанд үндэслэж төлөвлөгөө хийдэг. Үүнээс үзэхэд нөхдүүд судалгаагүй л ерөнхийлсөн юм бариад явж байна лээ. Нарийвчилсан зөвлөгөө өгөх боломжгүй байсан. Миний энэ яриа бол би хүнийг шүүмжилж байгаа юм биш. Таныг асуусан болохоор үзсэнээ хэлсэн юм. Тэрнээс биш олимпийн өмнө хэн нэгэнд өс хонзон санаж унагаах бодол надад алга.

-2020 оны олимпийн мөчлөгийн дасгалжуулагчдын МЧБХ-ноос ямар шалгуураар яаж сонгосон юм бэ?

-Тодорхой хэмжээний сургалт арга зүйн онолын шалгалт, гадаад хэлний мэдлэг, нэмээд мэдээлэл зүй комьпютерийн шалгалт авдаг. Шалгалтын дүнгээр л шалгаруулж авдаг байх. Баттулгын тухайд ч энэ жишгээр л сонгогдсон байх. Гэхдээ дэл сул яриа их байдаг. Хамгийн өндөр оноог Ууганбаяр гэж залуу авсан байна лээ. Өндөр оноо авсан нь мэдлэг зузаан гэдэг утгаараа ахлах болох эрхтэй шүү дээ. Гэхдээ дотроо ямар тохиргоотойгоор Баттулга ахлагч болсон юм, би мэдэхгүй.

-Ингэхэд Ц.Цогтбаяр ах та хоёрын эрхийг яагаад хасчихсан юм бэ. Дэлхийн аварга Абдулрашид Садулаев аваргын төлөөх барилдааны үеэр Кубын тамирчинтай дэвжээн дээр зодолдож байсан нь саяхан шүү дээ. Барилдааны дараа Оросын багийн дасгалжуулагч ч шүүгчийн биед халдаж байсан удаатай. Эдгээрийн хэн хэн нь эрхээ хасуулаагүй. Та хоёрын тухайд шүүгчийн биед халдаагүй санагдана?

-Дэлхийн аваргын төлөөх барилдааны дараа Оросын дасгалжуулагч Тедэев шүүгчид гар хүрч цохисон байгаа. Оросоос гадна шүүгчид рүү хараалын үг хэлж доромжилсон олон зөрчлүүд байдаг. Гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хийсэн нөхдүүд яагаад уснаас хуурай гараад байна гэхээр үндэсний холбоо нь сайн ажиллаж байна л даа. Өөрийн гишүүн нь буруутай ч бай, буруугүй бай эх орны төлөө тэмцсэн иргэдийнхээ талд бат зогсож байгаа юм. Оросын чөлөөт бөхийн холбоо тамирчнаа өмгөөлж харилцан тохиролцож чадаж байгаа юм. Хүн шивэртэй гээд хөлийн хуруугаа тайрч хаядаггүй биз дээ. Харин манай хэд тайрчихсан байж мэднэ шүү.

-Та хоёрын эрхийг яагаад түдгэлзүүлэв?

-2016 оны наймдугаар сарын 31-нд дэлхийн чөлөөт бөхийн холбооноос “Монголын чөлөөт бөхийн холбооноос ирүүлсэн захидлыг үндэслэн спортын шүүхээс асуудлыг нарийвчлан авч хэлэлцсэн бөгөөд танайхаас ирүүлсэн захианы үндсэн дээр дараах шийдвэрийг гаргалаа” гэсэн албан бичиг ирээд л бид хоёрын эрхийг хасчихсан. Манайхаас л захиа биччихсэн юм шиг байгаа юм. Шүүгчийн биед халдсан Орос дасгалжуулагчийг холбоо нь шургаж захиа бичээгүй байгаа. Харин ч хамгаалсан байна лээ. Иймэрхүү л юм болсон доо. Гэхдээ үүнийг шүүдэг хүн нь би биш л дээ. Аливаа зүйлийн үнэн мөн гэдэг, цаг хугацааны эрхээр шийдэгддэг. Хохирсон бид хэдхэн чих нүдтэй хийсэн хүмүүс ч хэдхэн чих нүдтэй. Харин ард түмэн хэдэн сая чих нүдтэй учраас зөвөөр шүүх биз.

-Та гурван жилийн хугацаанд хаагуур юу хийж явав?

-Унаж босч янз бүрийн л юм үзлээ. Ажилгүй ч хэсэг явлаа. Тодорхой хэмжээний эрх зүйн хязгаарлалтад амьдрахад өөрийн мэдлэг чадвараа бүрэн дайчилж чадахгүй асуудлууд тулгарч л байлаа. Гэхдээ зүгээр суугаагүй ээ, хөдөлмөрлөсөн. Өдөр бүр бэлтгэл таслалгүй тамирчидтайгаа ажиллалаа. Үүний үүний үр дүнд “Аваргууд академи”-ийн тамирчин Т.Түвшинтулга маань ДАШТ-ээс хүрэл медаль зүүлээ. Г.Ганхуяг гэж шавь маань залуучуудын ДАШТ-ээс медаль хүртлээ. Б.Бямбадорж дэлхийн сайчуултай эн тэнцүү барилдаж байна. Сүүлийн үед МУБИС-ийн тамирчидтай ажиллаж байгаа. Насанд хүрэгчдийн УАШТ-д багаараа дэд байр эзэллээ. Бид тасралтгүй хөдөлмөрлөсөн.

-Рио-гийн олимпийн үеэр Цогоо багш дэвжээн дээр гүйгээд гарахад та эхлээд тайвшруулах оролдлого хийж байсан. Сүүлдээ нийлээд тэмцэж эхэлсэн. Тухайн үед юу болсон юм?

-Тухайн үед шүүгчид олон зөрчил гаргасан л даа. Тэвчихийн аргагүй. Үндсэн цаг дуусахад Мандахнаран хожсон. Олон улсын дүрэмд үндсэн цагт хэн хожсон нь л ялагчаар тодордог. Барилдааны үндсэн цаг дууссан бол шүүгч үргэлжлүүлж ажиллах эрх байхгүй. Монголын талын челленжийг хүлээж аваагүй. Харин Узбекстаны челенжийг хүлээн авч бичлэг үзэж эсрэг талд шийдсэн. Шүүгчид цаг дуусахад саналаа нэгтгэж чадаагүй. Энэ талаар яривал их юм бий.

-Тухайн барилдааныг дэнсэлсэн шүүгчдэд ямар хариуцлага оногдуулсан бэ?

-Яг энэ барилдааныг шүүсэн шүүгчдэд ямар шийтгэл оногдуулсан нь тодорхой биш байгаа. Харин Наурозовын өмнөх барилдааныг нь шүүсэн шүүгчдийн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэр хүн бол шигшээд гарч барилдах эрхгүй хүн шүү дээ. Олон тамирчинг луйвардсан нь тогтоогдоод шүүгчид нь арга хэмжээ авахуулчихсан. Манай Мандахнарантай гарч барилдах эрхгүй хүн байхгүй юу. Дэлхийн бөхийн холбооны үйл ажиллагааг энэ дээр ёстой ойлгоогүй.

-АНУ-аас авахуулаад олон холбоод Цогоо ах та хоёрын талд дуугарч байсан санагдаж байна?

-АНУ, Япон, ОХУ гэх мэт олон улсын холбоод луйвартай шүүлтийн эсрэг тэмцэл зүй ёсны байсан юм шүү гэж хэлж байсан. Бидэнтэй санал нэг байсан.

-Шүүгч хүн гэдэг нэг талдаа тамирчдаа өмгөөлөх үүрэгтэй байдаг. Олон улсын жишиг ч ийм. Рио-гийн олимпод Б.Төмөрбаатар гэж хүн шүүгчээр ажилласан. Та хоёрыг тэмцэж байхад хаана юу хийж явсан юм?

-Монгол цус судсаар нь гүйдэг, Монголын төлөө цохилох зүрхтэй л хүн юм бол сэтгэл нь зовж шүүгчдэд хэдэн үг хэлэх байсан биз. Үе үеийн шүүгчид ч монгол тамирдаа өмгөөлөх чиг хандлагатай байсан. Харин манай шүүгч тухайн үед инээд алдаад Цогтбаяр бид хоёрын зураг дараад, бичлэг хийгээд зогсож байсан даа. Үнэхээр харамсалтай. Тухайн шүүгч маань олимпийн наадмын өмнө ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнийг шүүхдээ будлиантуулж Дагестанчууд бүтэн багаараа орхиж байлаа. Олимпийн сонгон шалгаруулалтын тэмцээн шүү дээ. Одоо мань хүн хахуулийн хэрэгт холбогдсон юм уу, яасан юм. Шүүх эрхээ хасуулаад байгаа. Цогоо бид хоёр Монгол Улсынхаа төлөө тэмцээд шийтгэл амсдаг юм байна. Гэтэл Б.Төмөрбаатар олон улсын дэвжээнд луйврын чанартай шүүлт хийж эрхээ хасуулсан. Энэ хүн дээр МЧБХ ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна.

-Холбооны удирдлагууд дасгалжуулагч тамирчдаа өмгөөлөхгүй хаана юу хийж явав аа. Тухайн үед Асашёрюү Д.Дагвадорж холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан санагдаж байна?

-Дагвадорж тухайн үед твиттер хуудсандаа “Чөлөөт бөх баяртай. Залуустаа амжилт хүсье” гэж жиргээд тамирчдаа хаяад явчихсан. Нэг ёсондоо дайны талбарт цэргүүдээ хаяад зугтчихаж байгаа юм. Монголын чөлөөт бөхийн холбоог толгойлж байгаа хүний тухайд тамирчдаа хамгаалж дуугарах нь үүрэг байсан.

-Өнөөгийн Монголын нийгэмд яаруу, давчуу, бодлогогүй, эрт баярладаг зан зонхилох болжээ. Тал нутаг шигээ уужуу тайвуу зантай хүн ховордож. 2016 онд ч ийм зан суртахууны л балгаар 36 жил хүлээсэн медалиа алдах үндсийг нь тавиад өгчихсөн гэж ярих хүмүүс олон байсан. Сүүлийн тав зургаахан секунд тамирчныхаа сэтгэл хөдлөлийг нь дарчихаж чадаагүй юм уу, та хоёр?

-Танхимд 20 мянган үзэгч давалгаалж байсан. Цогоо бид хоёр ч бие биенийхээ юу ярьж байгааг гүйцэд ойлгох сөхөөгүй байсан л даа. Хурц, ширүүн өрсөлдөөнтэй барилдаан болсон. Хувь тамирчны спортын гоо зүй гэж нэг юм бий. Харууштай чанар шүү дээ. Түрүүлж буй дугуйчин барианд орохдоо гараа даллаж үзэгчидтэй мэндчилдэг. Гүйлтийн тамирчин ч адилхан. Бокс ч бас адилхан. Тэр бүрт хариуцлага тооцдоггүй. Тамирчин ялалтын баяраа үзэгчидтэй хуваалцах агшин байдаг. Мандахнаран хүн цохиогүй, нүд ам руу нь хуруу, гараа хийгээгүй, нуруугаа харуулж зугтаагүй. Олимп дэлхийн аварга Жордан Борауз дэвжээ тойроод л зугтдаг. Энэтхэгийн тамирчин бүр дэвжээнээс гараад зугтааж байсан. Тэр бүрт торгоогүй.

-Хүрэл медалийн төлөөх барилдааны өмнө Цогтбаяр дасгалжуулагч, Мандахнаран гавьяат та гурвын хооронд ямар яриа өрнөсөн бэ. Өмнөх жилийнх нь ДАШТ-нд Наузов Мандах гавьяатыг хожчихсон байсан шүү дээ?

-Ялагдалдаа их судалгаа хийсэн л дээ. Ялна гэдэг бүрэн итгэлтэй байлаа. Судалж төлөвлөсний дагуу бүх юм аа шавхана гэж тооцоолсон. Эх орны даалгаврыг заавал биелүүлэх даалгавартай л дэвжээнд гарсан.

-Энэ оны ДАШТ сар хүрэхгүй хугацааны дараа эхэллээ. Шигшээ багийн амжилтыг та яаж харж байна?

-Сайн мэдэх юм алга даа. Бид нар шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа адуу манаж байгаа юм шиг л тамирчнаас нэг хором ч холдуулалгүй өдөр шөнөгүй дагадаг байлаа. Тэр үед дэлхийн аваргаас тэдэн медаль авна гээд сарын өмнө хэлчихдэг байсан шүү дээ. Энэ нь судалгаатай л холбоотой. Судалгаа хүнийг ийм түвшинд хүргэдэг. Энэ баг хамт олон ингэж ажиллаагүй учраас мэдэх юм үнэндээ алга. Тэднээс асуувал гаргасан судалгаандаа тулгуурлаад нэг юм хэлэх биз. Шигшээ багийн дасгалжуулагчдаас асуувал дээр байх.

-2020 оны олимпоос чөлөөт бөхийн тамирчид медаль зулгаах боломж байна уу?

-Бид нарт олимпийн наадмаас медаль авах мэдлэг чадвар туршлага бий. Бид нарын гурав, дөрвөн олимп үзсэн судалгаа шинжилгээ, арга туршлагыг үнэлээд хамтарч ажиллаж чадвал медаль авч чадна.

-Та шигшээ багийн дасгалжуулагч гэдэг тамирчнаасаа нэг хором ч нүдээ салгах ёсгүй гэж яриандаа дурдлаа. Шигшээ багийн лидер тамирчин П.Орхон маань допингийн асуудалд холбогдчихлоо. Багш нарын хариуцлагатай холбоотой юу?

-Их гайхдаг юм. Орхоныг Хосбаяр багш тэмцээн болгон дээр дагаж хоол унд, амралтыг нь тохируулж дэлхийг донсолгосон их амжилтуудыг гаргасан. Допинг зөрчлийн ямар ч асуудал гаргаагүй. Хосбаяр ганц Азийн наадамд л Орхоныг дагаж явж чадаагүй. Энэ тэмцээн дээр л допингийн асуудалд холбогдчихсон. Хариуцаж явсан багш нар нь хаана юугаа хийж явдаг юм, би гайхаад байдаг юм. Үнэн нь цаг хугацааны эрхээр ил болно л доо. Хувийн дасгалжуулагчид хоорондоо “Орхоныг маань хорлочихлоо доо” гэж ярилцдаг юм. Илрэхгүй юм гэж байхгүй дээ.

-Д.Дагвадорж ерөнхийлөгч дайны талбар цэргүүдээ хаяад зугтчихаж. Одоо Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг хэн базаж авч явж байна вэ?

-Д.Сумьяабазар хариуцаад явж байгаа болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө Б.Болд, Батбаяр нарын ах дүүс үйл ажиллагааг нь чиглүүлээд явж байгаа болов уу.

-Гавьяат тамирчин Б.Наранбаатар та хоёр хэсэг хугацаанд хамтарч ажиллаж өндөр амжилт үзүүлж байсныг тань мэдэх юм. Гавьяат та хоёр ямар шугамаар багш шавийн барилдлагатай болж байв?

-Би 2007 оноос л шигшээ баг дээр ажиллаж эхэлсэн. Шигшээ багт ирэхэд гавьяат тамирчин Б.Наранбаатар багийн лидер тамирчин нь байлаа. Надад ирээд “Би Азийн наадамд оролцоод ирлээ. Медаль авч чадсангүй. Дэлхийн аваргаас ганц хүрэл медаль аваад л байрандаа зогсчихлоо. Байрнаасаа хөдөлмөөр байна” гэж хэлсэн юм. Би ч “Байрнаас чинь хөдөлгөж чадна. Мэдлэг чадвартаа итгэж байна” гээд л хамтраад л ажилласан даа. Байрнаас нь хөдөлгөж ч чадсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Томоохон гран при тэмцээнүүдэд бүгдэд нь түрүүлсэн шүү дээ, Наранбаатар маань. Монгол тамирчин анх удаагаа дэлхийн чансааг тэргүүлсэн нь тэр жил. Эрэгтэйчүүдийн шигшээ баг олимпийн наадмын дөрвөн эрх авч байлаа. Ажлын гараагаа ингэж л эхэлсэн.

Эх сурвалж: Өдрийн сонин


URL:

Сэтгэгдэл бичих