Сар шинийн өмнө саяыг өгөөд хэрэггүй

Цагаан сар дөхөөд ирэхээр ахмадуудын гомдол ихсээд ирэх нь ажиглагддаг. Энэ удаад бүүр ч их бухимдалтай байх шиг байна. Намуудын сонгуулийн амлалт гэж нэг юм сэтгэлээс нь гарахгүй байгаа бололтой. Үнэхээр тэтгэвэрийг нь нэмнэ, зөрүүг нь арилгана, 1,5 сая төгрөг өгнө гээд амлацгаасан юм чинь яалт ч байхгүй өгч таараа. Харин хэзээ өгөх вэ гэдэгт хамаг учир байна. Монголчуудад “ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэж айхтар үнэн үг бий. Тэгээд тэр амласан хүмүүс нь захын нэгэн компанийн захирал биш төрийн түшээд болохоор иргэд итгэхээс аргагүй.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ахмадын хорооноос 86 мянган өндөр настныг төлөөлөн мэдэгдэл хийсэн.Тэд ахмадуудыг Төр засгаас анхаарахгүй байна. Ахмадуудад тэтгэврийн зөрүүг арилгана, сая төгрөг өгнө гэж удаа дараа хуурлаа. Ерөнхий сайдад ил захидал илгээсэн боловч “судалж байна”, “ахмадуудаа харж үзэх ёстой”, “үүнд анхаарлаа хандуулж байна” гэхээс өөр хариу өгсөнгүй гэцгээж байна. Үнэхээр тэтгэврийн цөөхөн мөнгө нь хүрэлцэхгүй байгаа нь тодорхой. Өнөөдөр ахмадуудын 60 хувь нь дундаж тэтгэвэр буюу 125 мянган төгрөг авдаг. Үлдсэн нь 105 бүүр зарим нь 70 мянган төгрөг авдаг байна. Хавтгайруулсан халамжтай гэж шүүмжлэгддэг манай улс энэ удаад амласандаа бантаад судалж, боловсруулж дуусахгүй л байх шиг. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эн тэргүүнд сая төгрөг өгнө гэж яригдсан. Тэгэхдээ журам боловсруулагдах учиртай аж. Одоогоор юун тэтгэвэр нэмэх, багш эмч нар ажил хаячих гээд, дээр нь оюутнууд 70 мянга авна гээд тэвдүүлээд байхад энэ удаад ахмадуудад нэг сая төгрөг өгнө гэдэг дэмий санагдана. Мөнгө хэрэггүй хүн хэн байх билээ. Ахмадуудын маань дунд ядуухан амьдралтай нэг хэсэг байгаа нь тодорхой. Телевизээр ярилцлага өгөөд, дээш доошоо ярьж саяыгаа авмаар байна цагаан сараа тэмдэглэх хэрэгтэй байна гэж ярих хүмүүс байна. Харин тэднийг амьдралаа өөд нь татах юм бодсон чинь сая төгрөгөө авч цагаан сараа тэмдэглэх юм ярьцгааж байна. Болж бүтэхгүй ядуугаа тоочиж байж сая төгрөгөөр цагаан сар тэмдэглэнэ гэж байгаа нь зүйд нийцсэнгүй. Хэрээ мэдээж хэрэглээгээ зохицуулж баймаар. Цагаан сарыг ихээхэн үрэлгэн баяр гэж ярих нь бий. Сая төгрөгөө авах гэж шалж буй ахмадуудын ард үр хүүхэд нь гараа тосоод сууж байгааг үгүй гэх аргагүй. Хэрвээ цагаан сарын өмнө өндөр настнуудад сая төгрөгийг нь олгочих юм бол тэр их мөнгө Мао-ийн хөрөгтөй ягаан мөнгөн тэмдэгтээр солигдоод урд хөрш өөд урсах нь тодорхой. Төрд бас бодол байж л таараа. Харин ахмадууд ус гэсэж урь унахын цагт сая төгрөгөө авч жимс ногоо тарих хэрэгтэй байна гэж шаардсан бол амьжиргааг нь дээшлүүлэх талаар Төр засаг анхаарлаа хандуулж болохсон. Өгнө гэсэн юм өгч л таараа. Тэрбумаар тоологдох тэр их мөнгийг олгосонгүй гээд тэднийх цагаан сарыг муу тэмдэглэсэн гэж яригддаггүйг хэн бүхэн мэднэ. Сар шинийн өмнө саяыгаа аваад нэмэргүйг сайхан цагийн ихийг үзсэн буурлууд нэгийг бодно биз ээ.

Н.ЛХАГВАСҮРЭН

logo-ubtimes


URL:

Сэтгэгдэл бичих