Цахилгааны үнийг бууруулж иргэдээ чимээгүй үхлээс аварна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санааг нийслэлийн утаа зовоосоор байна.
Тэрбээр энэ талаар өчигдөр УИХ дахь намын бүлгийн дарга нар, зарим байнгын хороодын дарга нар, УИХ-ын гишүүд болон Эрдэс баялаг эрчим хүчний яам, Улаанбаатар хотын удирдлагуудтай нийслэлийн утаа, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар зөвлөлдөх үеэр хэллээ.
Тус уулзалтаар, нийслэлийн утаа, агаарын бохирдлыг багасгаж болох арга замууд, тэдгээрт шаардагдах хөрөнгө, техникийн шийдлийг хөндсөн юм.
Тэрбээр “Энэ асуудлыг олон жил ярьсан ч хотын утаа, агаарын бохирдол багасгасан үр дүн гарахгүй байна. Гамшгийн үед ярилцаж, төлөвлөж цаг алддаггүй харин авах арга хэмжээгээ шууд тодорхойлж үйл ажиллагаандаа ордог. Тийм учраас УИХ, Засгийн газар, яам агентлагууд, иргэд бүх нийтээрээ анхааран оролцож шийдэл гаргая” гэсэн юм.
Түүний санаачлагаар хотын утааг багасгахад тэргүүн ээлжинд цахилгааны үнийг бууруулах шаардлагатай гэнэ. Цахилгааны үнийг бууруулсны дараа гэр хорооллыг цахилгаан халаагуурт шилжүүлэх хэрэгтэй аж. Тиймээс одоогийн эрчим хүч, цахилгаан шугам сүлжээг шинэчлэн, өргөтгөхгүйгээр энэ ажил биелэлээ олохгүй юм байна. Өөрөөр хэлбэл, дулааны цахилгаан станцуудын хүчин чадал хүрэхгүй.
Дээрх шинэчлэл, өргөтгөлийг хийхэд эхний ээлжинд 100 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Нэг кВт өдрийн цахилгааны үнэ 78 төгрөг, шөнийх нь 40 төгрөг байгаа аж. Тиймээс үнийг буулгах бололцоог судлах шаардлагатай гэж Ерөнхийлөгч үзэж байна.
Дээрх хурлаар гарсан саналуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, холбогдох хууль тогтоомжуудыг нэн яаралтай боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд оруулах гэнэ. Тиймээс Ерөнхийлөгч холбогдох хүмүүст энэ талаар үүрэг өгөв.
URL: