Төсөл танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байна гэж гишүүд “гомдоллов”

FG“Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэдэг шиг ирц хүрээгүй шалтгаанаар хоёр хоног хуралдаагүй УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр үдээс өмнө техникийн саатлын улмаас дахин хойшлов.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн төслийг төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан. Харин хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, асуулт тавих гишүүд нэрээ бүртгүүлэх үеэр дээрх саад гарч гишүүдийг бухимдуулав.

Харин үдээс хойших хуралдаанаар гишүүд асуулт тавьж, саналаа хэлж эхэлсэн юм.

Хамгийн түрүүнд уихын гишүүн Б.Бат-Эрдэнэ ард нийтийн санал асуулгыг хэзээ хийхийг ажлын хэсгээс тодруулав.

Харин С.Бямбацогт ард нийтийн санал асуулга хийх эсэхийг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэнэ хэмээн хариулсан юм.

Л.Энх-Амгалан: Шударга ёсны өлсгөлөн ходоодны өлсгөлөнгөөс хатуу байдаг юм байна. Монголд шударга ёс алга. Хуулийн төслийг анх өргөн барихдаа авлигажсан, улс төрөөс хараат шүүхийг халъя гэсэн. Гэтэл зөвшилцлийн хугацаанд зарим зарчмаасаа ухарч байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахиад л шүүгчийг, Шүүхийн ерөнхий зөвлөлийг саарал ордноос томилдог байдлаар үлдээвэл ямар ч шинэчлэл болохгүй. Ард түмэн баялгийн тэгш хуваарилалт, шударга шүүхийг л хамгийн их хүсэж байна.

Т.Аюурсайхан: Шүүхийн хараат бус хяналттай, хариуцлагатай, шударга байх асуудлыг 62 гишүүний өргөн барьсан төсөлд тусгасан байсан. Шүүх шударга, Засгийн газар бие даасан, парламент хариуцлагатай болох юм байна гэсэн итгэл үнэмшил надад байсан учраас би төслийг дэмжиж гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр 62 гишүүний өргөн барьсан төсөл нэлээн хөндөгдчихлөө.

Төслийн 27-д хуулийг нийт гишүүний олонхын саналаар батална гэж тусгасан байсан. Энэ бол хуулийг дор хаяж 37 гишүүний дэмжсэн саналаар баталж байх санаа юм. Гэтэл үүнийг хасаад хаячихсан байна. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах саналыг маш тодорхой болгох ёстой юм. Түүнээс биш хуралдаанд оролцсон гишүүний олонх гэхээр 19 гишүүний саналаар хууль баталж байна. Бидний өргөн барьсан төслийг яагаад дордуулаад оруулаад ирэв ээ. Ер нь бид Д.Лүндээжанцан тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан төслийг хэлэлцэж байна уу, Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэж байгаа юм уу?

З.Энхболд /Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга/: Ерөнхийлөгч шүүгч нарыг сайн ажиллаж байгаа гэж ерөөсөө хэлэхгүй байгаа. Ялангуяа өөрийн чинь хэлж байгаа зүйлтэй санал нийлж байна.

Шударга ёсны өлсгөлөн ходоодны өлсгөлөнгөөс хатуу байдаг юм

С.Бямбацогт: УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгохтой холбоотой яриад байх шиг байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд урьдчилан тохирсон нэг төсөлтэй өөр төслийг зэрэгцүүлэн хэлэлцэж болохгүй гэж заасан. Харин өөр төсөл орж ирвэл саналын түвшинд хэлэлцэж болно гэсэн байдаг. Тиймээс энэ хуульд заасны дагуу үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна.

Харин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой өмнө нь байгаагүй маш тодорхой заалт төсөлд орж ирсэн. Хууль батлахын тухайд одоо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталж байна. Өмнө нь хурууны хээгээр баталдаггүй байхад бараг арвуулаа сууж байгаад хууль гаргадаг байсан. Харин одоо ядаж 20 хүрч байна. Тэгвэл үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хамгийн багадаа 39 гишүүнээр батална.

Д.Тэрбишдагва: Монголын өнөөгийн нийгэмд болохгүй байгаа олон асуудал байгаагийн нэг нь эцэг хуульд гар хүрэх тухай гэж олон жил ярилаа. Ярьж ярьж 62 гишүүн гарын үсэг зурж, төсөл өргөн барьсны нэг нь би. олон ч жил ярьж, олон ч ажлын хэсэг байгуулж хэлэлцсэн. Нэлээн цогц зүйл хийлээ гэж үзсэн. Гэтэл 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл маань шавар шавхай нь овгор товгор болчихов уу, дундаас нь сугалаад хотгор гүдгэр ч болчихов уу? 108 гэсэн тоон дээр маргалдаад сүүлдээ тооны наймаа хийлээ. Дундаа хийгээд 99 болголоо. Монголын парламент 108 гишүүнтэй байна гэж санаачилсны учрыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд та надад тайлбарлахгүй юу?

З.Энхболд: 1992 оны үндсэн хууль батлах үеэс Монголын хүн ам 1 сая 80 мянгаар өссөн. Нэг гишүүний эрх мэдэл хүн амын тооноосоо хэтрээд байна. Тиймээс үүнийг 1992 оны түвшинд аваачихад 114 болоод байгаа юм. Гишүүдийн тоог 108 болгосноор гишүүдийн эрх мэдлийг саармагжуулж байна гэсэн үг. Энэ жил Монгол Улс тусгаар тогтносны 108 жил болж байгаа учраас энэ тоог сонгосон. Гэхдээ гол шалтгаан нь дээр хэлсэн нэг гишүүний эрх мэдлийг саармагжуулах.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих