Хийн түлшний хэрэглээг хорих биш, дэмжих ёстой
Монголчууд хийн түлш буюу шингэрүүлсэн шатдаг хийг амьдрал ахуйдаа өргөн хэрэглэх болсон. Цахилгаан тасрахад бага оврын хийн зуух аминд ордгийг хэн хүнгүй мэдэх байх. Хөдөө гадаа амарч явахад, үгүйдээ л найз нөхөдтэйгээ салхинд гарахад гаазан плитка шиг хэрэгтэй юм үгүй. Хаана ч төвөггүйхэн хэрэглэж болно, бас авч явахад авсаархан. Цахилгаан зуухыг бодвол үйлчилгээ нь хурдан, мөн тогонд хэмнэлттэй гээд олон давуу талтай учир сүүлийн жилүүдэд хийн хэрэглээ ялангуяа нийтийн хоолны газруудад ихээхэн өргөн дэлгэрсэн. Айл өрхүүд ч бас өдөр тутмын амьдралдаа хэрэглэх болсон. Зөвхөн гэр ахуй, нийтийн хоолны үйлчилгээнд нэвтрээд зогсоогүй нийтийн тээврийн хэрэгслийн бинзенийг хийн түлш орлох болсон.
Бинзений үнэ тэнгэрт хадаад байгаа үед энэ хөөрөгдлийг хийн түлш л халж чадна. Нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшээр ажиллуулах Засгийн газрын тогтоол өнгөрсөн жил гарсан нь хамгийн нүдээ олсон шийдвэр байсан. Монголчууд дэлхий нийтийн жишгээр гарцаагүй энэ хандлага руу явах ёстой. Япон, солонгос айлд хэрэв зочилж байсан бол хийн түлшнийг хэрэглээ ямар чухал болохыг та лав анзаарсан л байх. Хийн түлш байгальд хоргүй учраас улаанбаатарчуудын утаанаасаа салах хамгийн дориун арга энэ байж мэдэх юм. МCS компани гэр хорооллын айлуудыг нүүрсний хийн түлшээр дулааны асуудлаа шийдэхэд нь туслахаар томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь олон хүний талархлыг хүлээгээд буй. Нүүрсний утааг бодитоор бууруулахад хувийн, хувьсгалын гэлтгүй хүн бүрийн оролцоо чухал. Улаанбаатарчууд бинзенээс татгалзаж, машинаа хийн түлшээр “хооллодог” болчихвол өвлийн энэ өтгөн агаар бага боловч сийрэгжих нь дамжиггүй. Машин техникийг хөдөлгөх “хоол”, гэрэл цахилгааныг орлох нүдэнд үл үзэгдэх эрчим хүч бол ирээдүйд хийн түлш л байх болов уу.
Харин аюулгүй байдлыг нь дээд зэргээр хангаж, зааврын дагуу зөв хэрэглэх ёстой юм. Индүүг буруу ашиглавал хувцсаа түлдэг шиг гаазын плиткатай буруу харьцвал гал түймэр гарах нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл хэн нэгний хариуцлагагүй байдал, аль нэг компанийн буруутай үйл ажиллагаанаас болж, “Тэр гааз гэдэг чинь тун осолтой эд гэнэ шүү. Хэрэглэхээ больё” хэмээн бусдыгаа ухуулан сурталчлах нь буруу юм. Хийн хэрэглээг зөв сурталчлах ёстой. Иргэдэд хийгээр ажилладаг тоног төхөөрөмжтэй зөв харьцах, аюулгүй байдлыг нь хангах талаар мэдлэг мэдээллээр хангахад төр засгаас дэмжих ёстой. Монголчуудын хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж осол аваар гарч байгаагаас биш, дэлхий нийтээрээ хэдэн арван жилийн өмнөөс ашиглаж ирсэн хийн хэрэглээ эрсдэл дагуулсан эд биш юм. Хийн хэрэглээг хорих биш, дэмжих ёстой.
Г.Гэрэл
URL: