12 мянга гаруй бичил уурхайчин ажилгүй болно гэв
Бичил уурхай эрхлэгчид нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орж, улсад татвар төлж, нөхөн сэргээлт хийх зэргээр хариуцлагатай ажиллахыг журамлаж өгсөн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг цуцлах асуудлыг БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр Засгийн газрын хурлаар хэлэлцэнэ хэмээн мэдэгдсэн.
Харин энэхүү мэдэгдлийг эсэргүүцэж буйгаа “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ноос мэдээлэв. Хэрэв уг журмыг цуцалбал Засгийн газраас тогтоож өгсөн журмын дагуу үйл ажиллагаа явуулж байсан 12 мянга гаруй бичил уурхайчин ажилгүй болно хэмээсэн юм. Тус холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг “Бид өнгөрсөн зургаан жилийн туршид хууль бус олборлолтын эсрэг тасралтгүй тэмцсээр ирсэн. Тэгэхдээ АМГТГ, УУХҮЯ, ЦЕГ-тай хамтран ажиллаж байна. Харин энэ журмыг цуцална гэдэг хууль бус олборлолтыг дэврээж буй үйлдэл болно” гэлээ.
Тиймээс Засгийн газар уг журмыг цуцлах бус харин хэрэгжүүлэлтийг нь сайжруулахад салбарын ТББ, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад анхаарахыг хүсч буйгаа уламжлав.
Т.Энхтогтох
“Засгийн газрын мэдээ” сонин
URL: