Замын цагдаагийн гүүр хугацаандаа ашиглалтад орохгүй нь
“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийн ажлын явцыг сурвалжиллаа. Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух 470 метр урттай үндсэн гүүрийг энэ сарын 25-нд ашиглалтад оруулах ёстой байв. Наймдугаар сарын эхээр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс уг гүүрийн ажлын явцтай танилцах үеэр энэхүү үүрэг даалгаврыг өгсөн боловч өнөөдрийг хүртэл нам гүм байдалтай байна. Төслийн төлөвлөгөө ёсоор есдүгээр сарын 30 гэхэд Замын цагдаагийн уулзвар гүүртэй болох ёстой. Харин энэхүү бүтээн байгуулалт графикийн дагуу явж, хугацаандаа ашиглалтад орох эсэхийг холбогдох албаныхнаас тодруулсан юм.
Биднийг 11.00 цагийн үед очиход арав орчим хүн гүүрэн дээр ажлаа хийж байгаа харагдав. Уг төслийн гүйцэтгэгчээр Хятадын “Төмөр замын 20 дугаар товчоо” корпорац ажиллаж байгаа юм. Мэдээлэл авахаар очтол “Түр хүлээгээрэй. Мэдээлэл өгөх монгол хүн байвал дагуулаад ирье” хэмээн 20-30 минут хүлээлгэсний эцэст “Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зөвшөөрөл өгсөн тохиолдолд гүйцэтгэгч компаниас мэдээлэл өгөх ёстой” гэлээ.
Харин тэнд ажиллаж байсан нэгэн монгол залуу “Ажлын явц удаашралтай байна. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж амжихгүй байх. Тийм ч амархан баригдах ажил биш бололтой” хэмээн толгой сэгсэрч байлаа. Ингээд нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Гүүрэн гарцын ажил графикийн дагуу явж байгаа. Үргэлжлэн орсон борооны улмаас ажил хэд хоног зогсонги байдалтай байсан. Гэхдээ одоо ажиллах хүчээ нэмсэн учир ажил хэвийн үргэлжилж байна. 470 метр урттай үндсэн гүүр ирэх сарын 30-нд, харин салаалсан гурван гүүр арваннэгдүгээр сард ашиглалтад орно” гэх хариулт өгөв. Хотын даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадаагүй шалтгаан нь бороо гэнэ. Бороо их орсноос болж гүүрэн гарцын ажил 76 хувьтай явж байгаа аж. Орлогч дарга цааш хэлэхдээ “Наана чинь байгаа хүмүүс буруу зүйл ярьж, ташаа мэдээлэл өгөх байх. Тиймээс гүүрийн барилгын ажлын гүйцэтгэгч талаас мэдээлэл авах боломжгүй” гэсэн юм.
“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төсөл 2017 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, энэ оны есдүгээр сард барилгын ажил дуусах товтой байв. 42.38 сая ам.долларын өртөгтэй энэхүү гүүр ашиглалтад орсноор хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахаас гадна замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэд ая тухтай саадгүй зорчих, цаг хугацаа болон шатахуун хэмнэх, эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой хэмээн албаны хүмүүс ярьж байв. Харин өнөөдрийн байдлаар хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа гүүрээр зорчих мөчийг иргэд хүлээсээр сууна.
Г.Санжааханд
Засгийн газрын мэдээ
URL: