Их долоогийн ил далд зөрчил хурцдаж магадгүй
“Их долоо”-гийн бүлгийн удирдагчид Францын Биарриц хотод бямба гарагт цуглаж, худалдаанаас эхлээд уур амьсгалын асуудлыг хоёр өдөр хэлэлцэж байна. Мөн үеэр дэлхийн хамгийн баян нөлөө бүхий орнуудын эдийн засаг, уур амьсгалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал болж, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ. Жагсагчдыг удирдагчдын байрлалаас аюулгүй зайд байрлуулан хамгаалалт гаргасан байна. Эхний өдөр удирдагчдын хооронд уулзалтууд болж, зарим мэдэгдэл хийсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Европын орнууд өсөлтийг сэргээхийн тулд татварыг багасгаж магадгүй гээд “Бидэнд эдийн засгаа өөд татах шинэ арга хэрэгсэл хэрэгтэй байна” хэмээн уулзалтыг нээсэн үгэндээ онцлов. Ням гарагт эхэлсэн албан уулзалтын нэгдүгээр асуудал нь эдийн засаг байв. Гэвч тайзны цаана зөрчил үүсэх шинж ажиглагдав. АНУ-ын албаныхан Франц дээд уулзалтыг хэрхэн зохион байгуулж буйд сэтгэл дундуур байгаа бололтой.
“Дэлхийн уушги” гэж нэрлэгддэг Бразилын Амазон мөрний сав газар нэлэнхүйдээ гал түймэрт автсан явдалд Их долоо анхаарал хандуулах аж.
Тухайлбал, уур амьсгалын асуудлыг хэлэлцэхэд АНУ-ын Ерөнхийлөгчид хүндрэл үүсэж болзошгүй.
Тэд Францын тал уулзалтын хуваарьт худалдаа, эдийн засгийн талаар бага тусгасныг шүүмжлэв. Зохион байгуулагчид эдийн засаг эхний асуудал боловч Трампын харшилтай уур амьсгалын тухай ярихгүй байх нь элсэнд толгойгоо шургуулсантай адил хэмээн тайлбарлажээ. “Дэлхийн уушги” гэж нэрлэгддэг Бразилын Амазон мөрний сав газар нэлэнхүйдээ гал түймэрт автсан явдалд Их долоо анхаарал хандуулах аж.
Үүний сацуу Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Биаррицэд ирмэгцээ уур амьсгалын улмаас Өмнөд Америкийн улсуудтай байгуулах Европын холбооны худалдааны гэрээнд хориг тавих Макроны саналыг шүүмжлээд амжив. Тэрбээр сэтгүүлчдэд “Худалдааны асуудалд хөндлөнгөөс оролцохын тулд ямар ч хамаагүй шалтаг гаргадаг хүмүүс байна. Би ийм зүйлийг хүсэхгүй” гэж хэлсэн нь давхар Брекситийн гэрээг өөрчлөхгүй гэсэн Парисын байр суурийг дайруулсан хэрэг юм.
Технологийн компаниуд, дарсны экспортоос эхлээд уур амьсгалын асуудлаар санал зөрж буй Трамп, Макрон зоог барих үедээ ихэд найрсаг харагдаж, Сири, Украйн, Хойд Солонгос, Ираны талаар ярилцав. Макрон “Холбоотон найз нөхдийн дунд ийм яриа маш чухал” гэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч “Зарим зүйлд санал зөрдөг ч Макронтой дотно харилцаатай” хэмээв. Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск Британийн Ерөнхий сайдад хандаж, гэрээгүй Брекситээс түдгэлзэхийг уриалав.
Тэрбээр дээд уулзалтад Европын холбоог төлөөлж, олон талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн байр суурийг эсэргүүцэхээ мэдэгдэв. Туск хэлсэн үгэндээ Европ Иранаас эхлээд Оростой хийх худалдааны асуудалд Вашингтонтой санал нийлэхгүй гээд “Худалдааны дайн уналт руу хөтөлдөг. Их долоогийн гишүүд хоорондын худалдааны дайн хэдийн буурсан бидний итгэлцлийг улам муутгана” хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр Трамп Ирантай байгуулсан цөмийн гэрээнээс татгалзсан нь ямар ч эерэг үр дүнд хүргээгүйг онцлоод Иран, Орос, Хятадын эрх ашигт нийцэхийг анхааруулав. Туск Оросыг Их долоо форматад урих ёсгүй гэсэн нь шууд Трампыг зэмлэсэн хэрэг боллоо. Үүгээр ч зогсохгүй ОХУ Крымийг Украйнаас салгасныг хэрхэвч зөвшөөрөх ёсгүй гээд харин ч Украйныг Их долоод урих ёстой хэмээсэн нь өдөөн хатгасан үг болж сонсогдлоо.
Туск түүнчлэн АНУ Францын дарсны экспортод тариф тогтоовол Европын холбоо хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгдэв. Трамп АНУ-ын технологийн аварга компаниудад Францын тал дижитал тариф ногдуулсны хариуд дарсанд нь 100 хувийн импортын татвар тогтооно гэж мэдэгдсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа. Энэ жил “Их долоо” маргаанаа шийдэж чадахгүй бол ирэх онд АНУ-д болох дээд уулзалт бүр ч зөрчилтэй болж магадгүйг ажиглагчид тэмдэглэжээ.
“Засгийн газрын мэдээ” сонин
URL: