Тавантолгойн үнэ цэнэ шалдаа буулаа

Тавантолгойн орд Оюутолгойн замналаар замнах бүхий л тохироо бүрдэж эхэлсэн бололтой.Гурван сайдын үзэглэсэн Оюутолгойн орд Монголчуудын мэдлээс хальж, өдгөө харийнхны гарт орсон талаар гишүүд баримт дэлгэх болсон.
Өчигдөрхөн л гэхэд нэр бүхий зургаан гишүүн Оюутолгойн гэрээний заалтуудыг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай талаар дурьдаж байсан.

Уг ордын талаар асуудал хөндөх бүрт сайд нар гадаад дотоод томилолтоор явсан үе таардаг нь ч хачирхалтай.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Оюутолгойн ТЭЗҮ-г хэлэлцэх байсан ч сайд нар гадаадад байгаа үндэслэлээр хойшлуулав.

Түүнчлэн Засгийн газар Тавантолгойн ордыг өнөөх галт тэргэнд суулгаад хөдөлгөхөөр зэхэж байна. Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах УИХ-ын 39 дүгээр тогтоол өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд баталсан. Оюутолгойг ашиглах УИХ-ын 27,39 дүгээр тогтоол батлагдаж байсантай агаар нэг. Тогтоолын 1.1-т Тавантолгойн ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс-Тавантолгой” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх болсон.

Товчхондоо Тавантолгой орд газрыг хуваахгүй. Ганц “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани байгуулах юм. Гэтэл Оюутолгойд хэрэгжээгүй дээрх тогтоол мөн л Тавантолгойн ордод хэрэгжсэнгүй. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн орд хэдийн хоёр хуваагджээ. Ингэснээр нөгөө л иргэн бүрт олгох хувьцааны үнэ цэнэ 50 хувь буурна. Цаашлаад аж ахуйн нэгж, тэр ч бүү хэл, олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргах хувьцааны үнэ цэнээ алдах юм.

Асуудал үүгээр зогссонгүй. Тогтоолын 1.5-д гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компанийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын өнгөрсөн оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах    шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь энэ заалт замын голд зангаа хувиргаж, буруу замаар замналаа.

Ганц жишээ дурьдахад, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани биш зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдын нэгдсэн компанийг уралдаант шалгаруулалтаар шалгаруулж эхэлсэн талаар мэдээлэл хөврөх болов. Энэ нь Оюутолгойн түүхийг давтаж эхэлсэн хэрэг бус уу хэмээн Ерөнхий сайд С.Батболдоос үнэн үгийг дуулахаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва нар асуулга тавьжээ.

УИХ-аас дээрх шийдвэрийг гаргахдаа энэ ордыг хувааж ашигласнаар Тавантолгойг ашиглах төрийн өмчит компанийн үнэ цэнэ бууруулахгүй байхад анхаарсан боловч Оюутолгойн жишгээр хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгосон ч Монгол Улсад наалдахгүй нь. Цаашлаад иргэдийн эзэмших хувь хэмжээ ч буурна. Нэгэнт галт тэрэг хөдөлж, Оюутолгойн түүх давтагдвал Монголчууд хоосон мөрөөдөл тээсээр харь орны клон болох биз.

Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих