“Гурван даргад ашиглуулчихлаа” гэж таван гишүүн гомдолложээ

5652

Юм юм руу ордог, дуугардаг таван гишүүн энэ парламентад бий. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нарыг хэлж байгаа юм. Гоёор хэлэх юм бол “Шүгэл үлээгч”, “ Тэмцэгч тав”, тааруухнаар бол “Поп тав” гэж олон нийт тэднийг нэрлэдэг.

2016 оны сонгуулийн дүн гарсны дараахнаас, УИХ-д орж ирснээсээ хойш өнөөг хүртэл тэдний юу ярьж, юуг хийснийг нийтээрээ мэдэж байгаа. Нэр бүхий найман шүүгчийг түдгэлзүүлэхээр ҮАБЗ-д хандсанаас хойш энэ таван гишүүн ойрд нийлж “дуугараагүй” юм. Харин Б.Хурцыг зургаан хоног шүүгээд хэргийг нь мөрдөн байцаалтад буцаах шүүхийн шийдвэр гарсан орой буюу 2019 оны наймдугаар сарын 19-ний орой таван гишүүн дахин цуглажээ.

Тэд “Баасан гаригт бид Б.Хурц нар ямар ч байсан шүүхээр шийтгүүлж, ял авна гэдэг мэдээлэлтэй байсан.  Ер нь тийм хэмжээний нотлох баримттай хэргийг шүүх өөрөөр шийдвэрлэх ямар ч боломжгүй. Гарц, гаргалгаа байхгүй. Гэтэл баасан гаригийн оройноос нөлөө орж эхэлсэн. Энэ илэрхий болсон. Тэгээд даваа гаригт шүүх шийдвэрээ уншсан. Хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа” гэж ярьцгаажээ. Улмаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Шүүх ийм байхад юунд ч найдах хэрэггүй юм байна”, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Худлаа юм байна”, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ордон дотроос тэмцээд нэмэргүй боллоо” гэжээ.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ч шүүхийн шийдвэр ингэж гарсанд Ерөнхийлөгч оролцоотой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Ингээд эцэст нь таван гишүүн “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав МАНАН талтай тохирчихлоо. Одоо Б.Хурц, Д.Эрдэнэбилэг нарын асуудал дээр тэд хөдлөхгүй юм байна. Эргээд харах нээ, Б.Хурцыг Элчин сайд болгохыг одоогийн гурван дарга гурвуулаа дэмжиж байсан. Ингэхээр одоо хүчний харьцаа МАНАН талд шилжиж байна гэсэн үг” гэцгээсэн байна. Түүнчлэн мань таван гишүүн “Гурван дарга биднийг ашиглаад зорьсондоо хүрсэн. Шүүгчдэд хариуцлага тооцох хуулийн эрхтэй болсон. Гэсэн ч Б.Хурц нар дээр энэ эрх мэдлээ өөрөөр ашиглаж байна” гэж гомдоллоцгоожээ.

Таван гишүүний тойрч суугаад ярьсан “хууч” нь энэ. Тэгэхээр эдгээр гишүүд улс төрийн тогтолцооны хямрал, МАНАН, шүүхийн асуудлыг дахиад ярьж эхлэх бололтой. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Засгийн газрын сэлгээнээс хойш эдгээр найман хүн нэг зүйл ярьдаг, нэг чигтэй ажилладаг “холбоотон” явсаар ирсэн юм. Харин Б.Хурцыг шүүсэн шүүх хурлын дараахнаас энэхүү задрал нь эхэлж, гурван дарга, таван гишүүн гэсэн хоёр талд гарч байна. Таван гишүүний зам ч бас салж мэдэх юм.

Ер нь бол Б.Хурцыг шүүх хурлын шийдвэр гарснаас хойшхи хэдэн өдрийн турш иймэрхүү толхилцоон “дээгүүр” болж буй нь үнэн бөгөөд энэ явсаар У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар огцрох бодит эрсдэл үүсгэхээр харагдаад эхэллээ.

Эх сурвалж: Polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих