МАН сөрөг хүчин болон хэвлэл мэдээллээс ЦӨСӨӨ ЦАЛГИТАЛ АЙЖ БАЙНА

Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллүүд дуу алдан бичсээр байна. Ядуурал, утаа, долларын ханшийн өсөлт, шатахууны үнийн хөөрөгдөл, монгол төгрөгийн уналт гэхчлэн нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхэн энэхүү зургаан сайдыг томилох МАН-ын шийдвэрт АН болон Ерөнхийлөгч хүчин зүтгэхгүй байгаагаас боллоо хэмээн баалцгааж байна. Энэ бүх асуудлын буруутан нь АН хийгээд Ерөнхийлөгч юм гэнэ. “Телевизийн өмнө төрийн ажлыг явуулахгүй шүү” хэмээн Ө.Энхтүвшин байдлыг дэвэргэхийг оролдож байна. Ерөнхий сайдын зүгээс “Ерөнхийлөгчтэй уулзах гэтэл нэг зурагчин, нэг телевиз байсан учир хаалгыг нь савчихаад гарч ирлээ” хэмээн ялсан баатрын дүртэй мэдэгдэж байна. Эд нэг юмыг ерөөсөө анзаарахгүй юм. Миний бодлоор ардчилсан засаг ажлаа хийх гэж оролдож байгаагийн илрэл биш юм уу. Хэвлэл мэдээллийнхэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын юу ярилцахыг дэргэдээс нь сонсоод, хараад, ард түмэнд дамжуулаад зогсож байх чинь ардчилсан төрийн муухан илрэл биш үү. Хэзээ хэвлэл мэдээллийнхэн Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад, С.Баярыг Ерөнхий сайд байхад хажууд нь зогсчихоод юу ярихыг нь сонсож байлаа. Харуул манаатай хаалга, хананы цаана бүгдийг шийддэг, гар хөлүүд нь сэтгүүлчдэд боловсруулсан мэдээлэл тараадаг байсан нь үнэн биз дээ. Үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллээс нууна гэдэг ард түмнээс нууж байгаа хэрэг биш үү. Дарангуйллын төр л ийм байдаг. МАН-ынхан та нар 90 жил төр удирдахдаа бүх юмаа хэвлэл мэдээллийнхнээс нууж ирсэн. Үүн рүүгээ буцаж орох гээд мөрөөдөөд байгаа юм уу. Сүүлдээ телевизийн камер хажууд байхыг гэмт хэрэг мэт үздэг болох нь. АН-ынхан үүнийг бүүр түүр ойлгоод (дөрөв дэх засаглалыг хорих нь ардчилсан ёсонд тохирохгүй гэж үзээд) хурал хаяж гарч байна.

Улс төрийн орчин дахь өнөөдрийн энэ бүх хөдөлгөөнөөс нэг л зүйл тод харагдаж байх шиг. Энэ Засгийн газар чинь МАН-ын сонгуулийн төв штаб болчих гээд байна гэж. МАН-ын дарга нь Ерөнхий сайд, ерөнхий нарийн бичгийн дарга нь Тэргүүн шадар сайд, Сангийн сайд болох гээд зүтгэж буй хүн нь төсвийн олон зуун сая төгрөгийн сэжигтэн гэхчлэн. Ийм л эрх мэдэл, эд мөнгөний төлөө хүмүүс гүйцэтгэх засаглалын бүх эрх мэдэл дээр нэгдэн очихын эсрэг өнөөдрийн улс төрийн үйл ажиллагаа чиглэгдэж байна уу даа гэж харагдаж байгаа юм. Эхнээсээ харин үнэнд гүйцэгдэж эхлэв бололтой. Өчигдөр орой Тэргүүн шадар сайдын албаас У.Хүрэлсүх татгалзлаа. Эвдэрхий тэвшин дээрээ эргэн ирж буй Алтан загасны эмгэн шиг харагдаж байж магадгүй. Гэхдээ түүний энэ нь зөв. Хэрэвзээ У.Хүрэлсүх зүтгэснээрээ зүтгэсэн бол ард түмэн түүнийг янз бүрээр хардаж, ойлгох байлаа.

Сая АН асуудлыг бүүр түүр ойлгож эхэлжээ гэсэн. Үнэндээ АН сөрөг хүчин байхаа мартчихсан байж. Өнөөдөр зориг муутайхан ажиллаж эхэлж байна. Одоо сөрөг хүчнийхээ байр суурь дээр очсон шиг оч. Та нар өөрсдөө эрх барьж байгаа юм шиг халирхай ярих хэрэггүй. Хамтарч байхдаа ч та нар эрх барьж байгаагүй. Өөр өөрсдийн аранга чансаагаар ажил явуулж байсан байх. Хамтрахаа болиод бүүр ч барихгүй. Больсон хэд хоногт чинь МАН-ынхан яаж аашилж байгааг харж байна уу. Та нарыг шороотой хутгаж, шонд өлгөж байна. Эрх барьж байгаа юм шиг хулганаад байхаар тэдний хэрхэн Монголоос дээрэм хийж байгааг хэвлэл мэдээллийнхэнтэй хамтраад ард түмэнд дэлгээд сууж байгаач. Дээр нь хэлэхэд нийгэм бас хамтарсан гурван жилд улс төрийн сөрөг хүчин гэдгийг мартчихсан байна. Эсвэл өнөөдөр АН-ын явуулж буй сөрөг хүчний байр суурийг ойлгохгүй байна уу. 1996-2000 онд ажиллаж байсан улс төрийн сөрөг хүчний үйл ажиллагааны дэргэд өнөөдрийн АН юу ч хийж чадахгүй байна. Сайд нарыг нь хоёр хоног уясан нь МАН-ын хувьд бөөн хорсол болж үйл ажиллагааг нь дэмжсэнгүй гэж хэвлэл мэдээллийн сувгуудаар есөн шидээр нь балбаж байна. Бүр муужруулах санаатай даг шүү. Энэ байдлаараа МАН нь сөрөг хүчин болон хэвлэл мэдээллээс цөсөө цалгитал айж байна. МАН-ын Удирдах зөвлөл гээчийн шийдвэрийг Монгол даяар даган биелүүлэх ёстой юм уу. Тэд тэгж л ойлгоод байх шиг байна. Сөрөг хүчингүй байж сурчихаад сөрөг хүчин гараад ирсэнд давчдаж байх шиг байна. Сөрөг хүчинтэй дөрөвхөн сар явах гэж амь нь тэмцэж байгаа юм чинь ирэх сонгуулийн дараа үргэлж сөрөг хүчин байх хувь тавилан руугаа орохоороо амиа хорлоцгоох нь ээ. Тэгж яривал 1996-2000 онд тэр үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг долоон удаа буцааж байлаа. Тэр үед хуучин ху нар гурван сар тутамд нэг Засгийн газрыг огцруулан дайжигнаж байлаа. Тэр үед Иргэний хөдөлгөөний Бошигт тэргүүтнүүд төр засгийг эсэргүүцэн бүтэн жил өлсгөлөн зарлаж байлаа. Тэгэхэд нийгэм яаж хүлээж авч байв. “Манай сөрөг хүчнийхэн сайн байна” гэж хүлээн авч байсан. Манай Ерөнхийлөгч Н.Багабанди мундаг байна гэцгээж байсан. Тэр бүхний дэргэд өнөөдрийнх юу юм бэ. Н.Багабандийн тэр хорон ажиллагааны дэргэд өнөөдрийн Ерөнхийлөгч бол зөвхөн зөвлөгөө өгч байна шүү дээ. “Тэргүүн шадар сайдын алба чинь ийм учраас хэрэггүй юм биш үү. Тэр Сангийн сайд болох нөхөр чинь улсын төсвийг захирах нь бүү хэл аймгийнхаа төсвөөс атга атгаар нь идсэн, сонгогдсон тойрогтоо ч ажил хийж чаддаггүй хүн юм биш үү. Ард түмэн тэгж байна аа” гэж. Энэ бүх түүхийг нийгэм ч мартаж, сөрөг хүчин ч мартаж. Тасралтгүй төрийн эрх барьж ирсэн МАН бүр мартаад эрхэлж гүйцжээ. Тэгэхээр МАН-ын пиардаж байгаад үнэмших юм бол энэ хэдэн сайдыг томилоход манай улс диваажинд очих юм шиг байна. Гурван жил диваажинд аваачаагүй МАН энэ зургаагаа хүлээгээд байсан юм уу, хаашаа юм. Хэн ч үнэмшихгүй шүү дээ. Яг энэ хэвээр сонгуультай залгана. Харин ч бүр дордох нь гэж өнөөдрийн МАН-ын үйл ажиллагаанаас харагдаж байна. Тэд хэвлэл мэдээллийнхнийг юундаа ч оруулахгүй таг хаалттай… Э.Бат-Үүлийн хэлснээр МАН сонгуулийн штабаа байгуулахаар яарч байна.

Сая Засгийн газраас АН гарсан хийгээд сайдуудыг томилох үйл явцаас ард түмэн хохирсон уу? Хохироогүй харин хожсон. Нэгдүгээрт яаж хуйвалдаж үнэ нэмдгийг мэдэж авлаа. Ард түмнээ яаж молигоддогийг мэдэж авлаа. Хоёрдугаарт ямар хүмүүс яаж сайд болдгийг тодорхой мэдэж авлаа. Ер нь МАН-ынхан ирэх багахан хугацаанд ажлыг урагш ахиулахгүй нь одоо харагдаж байна. Ажил хийж бүтээе гэсэн бол ядаж Сангийн сайдаар Ч.Улааныг тавих байсан юм. Юу ч хийхгүй болохоороо Д.Хаянхярвааг тавилаа.

Улс төрийн нөхцөл байдлыг харахад Р.Раш гишүүний хэлсэн “Шүдийг нь татаж, сүүлийг нь сөхөж сонжсон” хэдэн сайд нь явахгүй нь ээ, хөөрхий. Хэдхэн хоногийн өмнө Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар… нар ч гэсэндээ төрийн албан хаагч гэсэн баг өмссөн сонгууль дөхөхөөр энэ багаа хуулж хаячихаад Монголын ардчилал руу дайрдаг нөхөд шүү дээ. Ийм багтай нөхдөөр энэ төр засаг дүүрсэн дээ.

Л.МӨНХТӨР А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих