Монгол биш МОНГОЛ ЗАЛУУС

Эртээд ийм нэг ярианы гэрч болсон юмаа, би. Их хурлын нэр бүхий хоёр гишүүн үр хүүхдүүдийнхээ асуудлаар ярилцаж байх юм. Эрхэм гишүүн Э ганц бандийгаа 12-тойд нь Америкт сургажээ. Англи хэлээр ус цас гэнэ. Тэгсэн гайгүй сургууль төгссөний хэрэг нэг л гарахгүй байгаа аж. Эх орондоо ирээд орчуулагчаас өөр ажил олдохгүй байна гэнэ. Тэрбээр “Эхнэр бид хоёр том алдаа хийсэн шиг байна. Монгол хэл, бичгийн боловсрол одоо олгох гэж 30 нас руу явж байгаа хүүхдэд маань том асуудал болоод байна. Гадаадын иргэн шиг байх боллоо. Ядаж албан бичиг монголоор хөтөлж чаддаггүй. Дунд сургуулийг нь энд төгсгөдөг байж” гэж. Өнөөх Б гишүүн нь нас биед хүрч байгаа хоёр охиныхоо зовлонг бас ярилаа. Мань эр хоёр охиноо дунд сургуулиас нь Америк руу аваачаад сургачихаж. Охид нь англи хэлээр ус цас гэнэ. Монгол хэл соёлоор паг гэнэ дээ. Монголоор зөв бичих нь бүү хэл зөв ярих тухайд асуудалтай болчихож. Аргаа бараад англи хэл хэрхэн сурсан аргачлалаар нь монгол хэл бичгээ сургаж байгаа гэнэ дээ.

Монгол хүн монгол хэлээ 20 нас гарсан хойноо сурна гэхээр чинь… одоо ямар байдаг юм бол. Байдаг л байх нь дээ. Бүр зовлон зүдгүүрийн хэмжээнд очсон байх нь. Төрийн хоёр түшээгийн монгол биш болчихсон монгол хүүхдүүдийнх нь зовлон ганц энэ хоёроор тогтохгүй болсонд эмгэнэл нь оршиж байгаа юм. Боломжийн амьдралтай, боловсролтой, соёлтой гэгддэг айл бүрийн хүүхдүүд бага насандаа гадагшаа гарч сурсан нь өнөөдөр тоогоо алджээ. Энэ улсын их том гэгдэж буй улстөрч хүртэл “Америкт л сургууль төгсөөгүй бол хүн биш” шахуу юм ярьж, хандах болсон зэрэг нь энэ мэтэд нөлөөлдөг биз. Их хурлын энэ 76, дээр нь том бага сайдууд, том жижиг дарга нар, компанийн захирлууд… ер нь бүгд л хүүхдээ гадагш нь явуулж сургаж байна. Зөв л дөө. Юм үзэж нүд тайлах хэрэгтэй. “Хор”-оо гаргах хэрэгтэй. Хоёр гурван хэлтэй байж хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлнэ. Монголынхоо хонхорт мод болоод дуусахыг хэн хүсэхэв. Гэхдээ учиртай, ухаалгаар сурч боловсрохыг нь зохицуулахгүй бол хэрмэлүүд болох нь. Цыганууд болох нь ээ, үр хүүхдүүд чинь. Эх оронтой эх оронгүйчүүд, монгол цустай монголгүйчүүд болох нь.

Ийм эмзэглэлээр энэхүү нийтлэлээ эхлүүлж цааш нь баримтаар үргэлжлүүлье. Ц.Нямбаяр гэх багын найз маань зургадугаар ангиасаа Туркийн лицей гэж сургуульд суралцах болов. 1997 онд юм байна. Гуравдугаар эмнэлгийн зүүн талд тийм нэг сургууль байгуулагдсан даа. Ингээд нэг жилийн дараа Турк улс руу нь сурахаар мордов. Тэгээд л сураггүй. Өнгөрсөн жил гэнэт гараад ирлээ. Монголдоо ирээд хагас жил болж байгаа гэнэ. Таньж ядлаа. Нүдний шилтэй болчихож, хөрслөг бор царай нь нимгэрч цайраад хот хүн болжээ. Гаднаасаа лав. Тэгсэн гаднахаасаа илүүтэй доторх нь бүр хүнийшиж гүйцсэн байх юм. Муу гэсэн утгаар биш л дээ. Монголын нийгэмд эзлэх байр сууриараа хүнийшжээ. Монгол эх оронд нь түүнд бараг таних хүн байхгүй болсон юм байх. Яриад суух гэсэн үг хэл нийлэх хүн олдохоо байж гэнэ. Ажил хайгаад явахнаа тэнцэх ажил алга гэнэ. Аваад унших гэхнээ ойлгодог сонин хэвлэл, ном товхимол үгүй байна гэнэ шүү. Өөрийгөө өөр улс оронд ирчихсэн юм шигээр харах болжээ. Гэтэл яах аргагүй Өвөрхангай аймгийн БаруунбаянУлаан сумын уугуул Цэрэнсамбуугийн Нямбаяр гэж монгол хүн, Монгол Улсын иргэн байгаад байдаг. Нөхөр зовлонгоо зөндөө ярьсан. Ярианд нь үнэндээ би гутарсан л даа. Нөхөр маань англи, араб хэлээр мундаг болсон нь тодорхой. Номын мөр хөөж 10 гаруй жилийг тэнд өнгөрөөсөндөө сэтгэл хангалуун байгаа юм ер алга. Ахиад л Арабын ертөнц рүүгээ буцаж тэндээ Азийн сангийн нэгэн нэгжид багахан шиг албаа хаших нь илүү амар байгааг хэлсэн юм. “Монголд би амьдарч чадахааргүй болжээ” гэсэн үгийг салахдаа хэлсэн дээ. Тэр зүг рүүгээ тэгээд явчихсан гэсээн. Тэндээ л шороо пур хийлгэхээс өөр замгүй болсон хүн юм шиг байна лээ. Яагаад гэвэл түүнд эх оронд нь дунд сургуулийн найз нөхөд алга, их сургуулийн найз нөхөд алга, ажиллаж байсан хамт олон гэж алга. Монголд түүний нэрийг ах дүү, хамаатан садан төдийнхөн хэдэн хүн мэдэхээс өөрөөр тэр бол монгол биш Туркийн иргэн. Ц.Нямбаяр маань Турктээ хичнээн хөдөлмөрлөлөө гээд тэрүүхэн тэндээсээ илүү гарахгүйгээ бас мэдэж байна лээ, ярианых нь өнгөнөөс.

Өнгөрсөн зун Мянганы сорилын санд ажиллах гээд бараагүй “америк” залуутай танилцсан юм. Монгол залуу л даа. Бас л бага нас, өсөх насаа Америкт үдээд Монгол эх орондоо иржээ. Тусгаар тогтносон Монгол Улсад бүх бичиг хэрэг монгол хэлээр явдаг болохыг тэр мэдээд, мэдрээд “нам” суужээ. Яагаад гэвэл тэр залууд англи хэлнээс өөрөөр мэдэх хэл, бичиг соёл байхгүй болохоор Монголын нэгэн яам тамгаас ороод ирж буй бичиг хэргийг хараад ойлгох аядах ч хариуг нь барих тал дээр харийн хүн болжээ. Ингээд л монгол хэл, бичгээ сурах ажилд шамдан суралцаж байгаа аж. Аав ээж нь гайгүй алба ажилтай хүмүүс болохоор Мянганы сорилын санд алба хашуулаад дээш нь явуулахаар төлөвлөсөн бололтой. Тийм зорилгын үүднээс монгол хэлээ идэвхийлэн суралцаж байгаа сайн залуу юм билээ, хөөрхий. Монгол хэлийг сурах ч амаргүй дээ. Хэцүү, хатуу хэл шүү дээ. “Та яасан хүдэг хийрхүү хүн бэ” гэж язгуурын монгол хэлээрээ ярихыг насаараа ч эдгээр залуус ойлгохгүй Монголын ирээдүй юм. “Чи яасан ааш муутай хулгайч вэ” гэдгийг ядаж ойлгохтойгоо монгол хэлээ сурчихаасай даа.

Ингээд яривал их “юм” байна аа, Монголын шинэ үеийнхэнд. Тэд маань гадагшаа явж сурч боловсрох л хэрэгтэй. Гэхдээ цаг үеэ мэдэрч, эх оронтой хүн шүү гэдгийг эцэг эх нь эхлээд бодолцож, эргэж ирнэ шүү, ирээд эх нутагтаа амьдарна шүү гэдгийг нь бүр сайн тооцоолж, явах насанд нь явуулж сургаж байвал яасан юм бэ. Америкт 10 настайдаа очиж суралцаад алдар хүндийн оргилд хүрэх нь хэд байх юм бол. Тэр хэрийн потенциалууд хэр олон бол. Тэнд нь нэг дэлгүүрийн менежер хийлгэсээр насыг нь дуусгахаар хүүхдийнхээ ирээдүйг харсан юм уу. Дэлхийд дээгүүр орох баялагтай эх оронд нь эзэн хүн шиг ажиллаж хөдөлмөрлүүлж, амжилт бүтээлтэй, алдар хүндтэй нэгэн явуулахыг аав ээжүүд мэдээж хүсч байгаа даа. Эцэг эх бүхэн үр хүүхдийнхээ ирээдүйг мэдээж сайхнаар л төсөөлж байгаа. Хүсч байгаа. Тийм бол эхлээд эх оронд нь монгол хүн болгож ав. Ядаж монгол хэл бичигт сураг. Эх хэлийг нь сургах хугацаа их удаад 18 нас хүртэл эх оронд нь байлгахад л хангалттай. Их сургуулийг эх орондоо дүүргэхэд 20 нас гарсан төдий байна шүү дээ. Болж өгвөл эх оронд нь хоёр гурван жил ажиллуулчих хэрэгтэй. Ингээд 23, 24 настай залуу гадагшаа явж суралцахад оройтоно гэж үү. Тачигнатал таван жил гадаадад суралцаад эх орондоо ирэхэд дунд сургуулийн нөхөд нь, их сургуулийн андууд нь, ажиллаж байсан хамт олон нь хэдүйн байр сууриа олчихсон байж байна. “Найз минь чи нааш ир” гээд сууж байна шүү дээ. Энэ л таны үр хүүхдийн нийгэмд эзлэх байр суурь юм. Нийгэмд ийм хүрээлэлгүй, ийм өөрийн гэсэн орчингүй бол таны хүүхэд таван их сургуулийг таван тивд төгссөн байгаад ч хэн ч биш юм. Хэн ч биш болцгоож байгааг нь энэ нийтлэлээрээ ойлгуулахыг хичээлээ. Монголын шинэ үеийнхний шинэ зовлон гэж энэ юм даа.

П.Хашчулуун


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих