Төв аймгийн АН-ын гишүүд өөр нам сонгосон нь худлаа гэнэ
Төв аймгийн Ардчилсан намынхан өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв, АН-ын ҮЗХ-ны гишүүн Г.Баярсайхан, Ж.Батболд, Төв аймгийн Батсүмбэр сумын АН-ын дарга Ц.Доржпүрэв нарын хүмүүс ирсэн байлаа. Сонгууль ойртсон учраас хот хөдөөгүй улс төрийн нөхцөл байдал ширүүсч байгааг тэд хэлж байв. Төв аймгийн Батсүмбэр сумын АН-ын зуун гишүүн намаасаа гарлаа гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсантай холбогдуулан тэд тайлбар хийсэн юм.
Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв “Шударга өрсөлдөөнийг уландаа гишгэж АН-ын эсрэг тодорхой акцуудыг хийж байгаад харамсаж байна. АН-ын гишүүд, гишүүдийн намын батлахыг худалдан авч түүнийгээ цуглуулж АН-аас олон гишүүн гарч байгаа мэтээр зохион байгуулалттай мэдээлэл хийх боллоо. Төв аймгийн Батсүмбэр сумын АН-аас зуун гишүүн нь гарч өөр намд элсээгүй. Тийм зүйл ч болоогүй. Өнөөдөр гэхэд Батсүмбэр сумын АН-д намаасаа гаръя гэж өргөдлөө өгсөн нэг ч хүн алга. Харин АН-д элсье гэж зуу гаруй хүн өргөдлөө өгсөн байна. Ийм үндэслэлгүй ташаа мэдээлэл гарч байгаа нь орон нутагт тодорхой хэмжээний санхүүгийн эрх мэдэл шилжиж буйтай холбоотой.
Энэ бусармаг зүйл хийж байгаа нөхдүүдийг үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Түүнчлэн 22 жилийн хугацаанд ардчиллын үйл хэргийн төлөө тэвчээртэй байж бусдын гар хөл болж, хэдэн төгрөгийн төлөө үзэл бодлоосоо урвахгүй байсанд баярлалаа. Бидэнд удаан хүлээсэн боломж ирж байна. Тийм учраас эв эеийг эрхэмлэн түр зуурын нөлөөнд авталгүй ялалт байгуулж, аймаг орон нутаг улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах цаг ирсэн” гэв. Төв аймагт МАН буюу МАХН-ын ноёрхол хэрээс хэтэрсэн ардчиллын салхи ороогүй цөөхөн аймгийн нэг гэхэд болно. Энэ удаагийн 2012 оны сонгуулиар Төв аймгийнхан Ардчилалд итгэл үзүүлэх нь дамжиггүй болсноос үүдэн энэ мэт увайгүй үйлдлийг зохион байгуулж байгаа юм гэж хэвлэлийн хурал зохион байгуулагчид онцолсон юм.
Л.ТӨР
URL: