УИХ-ын гишүүдийг тоог 99 болгож, таван жилээр сонгодог байхыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжлээ

bulegУИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, санал зөрөлдөөд байсан Үндсэн хуулийн өөрчлөлтүүд дээр байр сууриа нэгтгэлээ. Тус намын бүлэг өнгөрсөн долоо хоног болон энэ долоо хоногт өдөр бүр хуралдсан ч уг шийдвэрт хүрч чадаагүй байсан юм.

Энэ удаа ийнхүү УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг олонхийн саналаар дэмжсэн нь энэ.

Эдгээр өөрчлөлтийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 76 гишүүнийг 108 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох өөрчлөлтийн хувилбарт тусгасан байсан.

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг тусгасан байсан. Ерөнхийлөгчийн зүгээс дээрх өөрчлөлтүүдийг үндсэн хуульд оруулах саналыг МАН-ын бүлэгт тавиад байсан ч холимог тогтолцооны хувьд Үндсэн хуульд тусгана гэхээсээ Сонгуулийн тухай хуулиар шийдэх боломжтой гэж УИХ дахь олонх үзсэн бололтой.

Ерөнхийлөгч болон сөрөг хүчинтэй ийнхүү зөвшилцөж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр болоод байна.

Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж эхэлснээс хойш гишүүдийн тоог 108, 99 болгож нэмэх асуудал байнга хөндөгдсөөр ирсэн. Өмнөх УИХ-ын үед гишүүн асан Н.Батбаяр 99 гишүүнтэй байх хуулийн төсөл оруулж ирж байлаа.

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих