Популистуудын ялалт ба Аргентин улс хоёрдахь Венесуэль болох магадлал
Зуун жилийн өмнө Аргентин улс дэлхийн хамгийн баян чинээлэг 10 улсын тоонд ордог байлаа. Гэвч хагас зуун жилийн хугацаанд 14 удаа эдийн засгийн хямралд өртсөн энэ улсыг эдийн засгийн сурах бичгүүдэд бүтэлгүйтлийн жишээ болгон дурддаг болсоор удаж байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд Аргентин улс энэ муу ёрын тойргоос гарах гэж бүхий л чадлаараа оролдож байгаа боловч олон удаагийн шинэчлэл нь ард иргэдийг залхаан туйлдуулжээ. Ингээд аргентинчууд хуучиндаа эргэж орохоор шийдсэн нь Латин Америкт бүхэлд нь асуудал бэрхшээл үүсгэж байгаа тухай ВВС агентлагийн эдийн засгийн тоймч А.Калмыков дүгнэн бичсэнийг товчлон орчууллаа.
Танго бүжиг ба алдарт Мессигийн эх нутаг болох энэ улс өнгөрсөн долоо хоногийг нэлээд зовж өнгөрүүллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан шатанд зүүний сөрөг хүчнийхэн даагаа нэхэн ялалт байгуулсан нь валютын ханшийг унагаж, хөрөнгийн биржид томоохон доргилт үүсгэв. Энэ нь одоогийн ерөнхийлөгч Маурисио Макри-гийн хэрэгжүүлж буй төлөвлөгөөг бусниулж орхилоо. Латин Америкийн гуравдахь том эдийн засгийг Макри эмх цэгцэнд нь оруулж чадна гэж найдсан барууны орнууд 2001 оны дефолтоос хойш зогсоогоод байсан зээлээ дахин сэргээсэн юм.
Гэтэл одоо Ерөнхийлөгч асан Кристина Киршнер тэргүүтэй Макри-гийн өрсөлдөгчид Аргентины түүхийн шинэ хуудсыг бичиж, мөнгө хөрөнгийг захиран зарцуулахаар болж байна. Кристинагийн төрийг удирдаж байх үеийн талаарх таагүй дурсамж хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчдийн ой санамжинд тодхон байгаа бөгөөд тэд яарч сандран Аргентинаас мөнгөө татаж, хувьцаагаа бөөнөөр нь зарж эхэллээ.
Одоо Аргентины тухай яриа өрнөх бүрт хямрал, дефолт, популизм гэсэн танил үгс олонтоо сонсогдох боллоо. Улс орон олсноосоо илүү мөнгөөр амьдардаг хуучин хэв маягтаа эргэн орж, Олон улсын валютын сангаас /ОУВС/ 57 тэрбум доллар зээлдэн байж хэрэгжүүлж буй шинэчлэлүүд зогсох нь хэмээн эдийн засагчид болгоомжилж байна.
Сонгуульд барууны үзэлтнүүд ялагдсан нь Латин Америкийг бүхэлд нь хамрах сөрөг үр дагавартай. Ерөнхийлөгч Макри бол АНУ, Бразил хоёрын гол холбоотон бөгөөд тэрбээр огцрохоор болсон нь чөлөөт худалдааг дэмжиж, Хятадын тэлэлтийг эсэргүүцдэг хүмүүсийн байр суурийг сулруулах болно. Ингэснээр зүүний популистуудын сэргэн мандлын үе эхлэх бөгөөд өмнө нь тэднийг төр барьж байх үед түүхий эдийн үнийн огцом өсөлтөөс ашиг хүртэх боломжийг Аргентин улс алдаж, хөгжиж буй орнуудын эгнээнд сүүл мушгих болсон билээ.
Яагаад Аргентин улс ийм байдалд оров оо? Дефолт зарлаж, хоёрдахь Венесуэль болох эрсдэл тус улсад тулгарсан уу? Энэ талаар ВВС агентлагийн эдийн засгийн тоймч Алексей Калмыков дорх дүгнэлтүүдийг хийжээ.
Асуудлын гол нь юунд байна вэ?
Дассан сурснаараа амьдрах гэтэл аргентинчуудад мөнгө нь хүрэлцэхгүй байгаагийн зэрэгцээ хэмнэж хямгадах, илүү их мөнгө олохыг тэд хүсэхгүй байна. Учир нь, эдийн засгийн загвар бүр нь байнга л хямрал гэдэг зүйлд хүргэж байгаа юм.
Тэгэхээр зээл авахаас аргагүйд хүрнэ, гэтэл Аргентинд зээл өгөх улс одоо бараг үгүй, өөрсдийнх нь хэмнэж хуримтлуулсан мөнгө гэж юу ч алга. Аргентинчууд бол мөнгийг хуримтлуулах гэхээсээ үрж зарцуулахыг илүүд үздэг хүмүүс. Учир нь, сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд жолоодлогогүй инфляц ба девальвацийн улмаас тэдний хуримтлуулсан мөнгөний ханш нь 5 дахин унаж үнэгүйдэж байв.
Ерөнхийлөгч Макри эдийн засгийн шинэчлэл хийх замаар “3 жил тансаглаад 2 жил өлсдөг байдлыг хална” гэж сонгогчиддоо амлаад, өөрчлөлт хийхэд тэсвэр тэвчээр, шийдэмгий байдал, аз хийморь хэрэгтэй гэж уриалж байсан юм. Гэвч аргентинчуудад энэ гурвын аль нь ч байсангүй.
Үүссэн асуудлуудын зарим нь Киршнерийн үеэс улбаатай бол зарим нь зарлагыг танах талаар түүний явуулсан бодлоготой холбоотой юм. Дээр нь дэлхийн эдийн засагт үүссэн хүндрэлүүд нөлөөлсөн. Энэ бүхний улмаас Аргентины эдийн засаг уналтанд орж, инфляци 50 хувьд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар, тус улсын 45 сая хүн амын гуравны нэг нь ядууралд нэрвэгджээ.
Эрх баригчдын хувьд шинэчлэл үр дүнгээ өгч, ирэх улиралд улс орон хямралаас гарчихна гэж тооцоолж байсан бол Макри энэ намар дахиад сонгогдоно гэж найдаж байсан хөрөнгө оруулагчид мөнгөө бариад иржээ. 5-6 дугаар сард хөрөнгийн биржид 50 хувийн өсөлт гарсан бол песогийн доллартай харьцах ханш 10 хувиар чангарч байлаа.
Гэвч ямар ч сайхан үлгэр төгсдөг жамтай. 8 дугаар сард болсон ерөнийлөгчийн урьдчилсан сонгуульд Макри 32 хувийн санал авсан бол сөрөг хүчнийхэн сонгогчдын 47 хувийн дэмжлэг хүлээжээ. Саналын ийм их зөрүүг нөхөж чадна гэдэгт одоо хэн ч итгэхгүй байна. Тэр тусмаа Макри-гийн ялагдлын дараа мөнгөний ханш 30 хувиар унасан үед шүү дээ.
Хөрөнгө оруулагчид яагаад Киршнерээс болгоомжилж байна вэ?
Киршнерийн гэр бүл 2003 -2015 онд Аргентиныг удирдаж байсан бөгөөд эхлээд Нестор Киршнер, дараагийн 8 жилд нь түүний эхнэр Кристина ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тэдний үед улсын төсвөөс их хэмжээний татаас олгож, төрийн зүгээс эдийн засагт хутгалдан оролцож, валютын хязгаарлалт хийх, худалдааны салбарт бусдаас тусгаарлах бодлого явуулснаар зүүний популизм ид цэцэглэж байлаа.
Улсын захиалгаар хийж буй ажлаас олон сая песогийн хахууль авах, мөнгө угаах зэрэг авлигын хэргүүдэд Киршнерийн гэр бүлийн найз нөхөд төдийгүй хатагтай Киршнер өөрөө холбогдох болов.
Киршнерийн үед эдийн засаг зогсонги байдалд орсноор инфляци 20 хувиас давж, улсын төсвийн алдагдал асар ихээр өсч, бүтээмж муутай төрийн албаныхны тоо хэт өссөний зэрэгцээ үнийг хянаж, эрх баригчдад ойр байдаг том бизнес эрхлэгчдийн эрх ашгийн үүднээс өрсөлдөөнийг нухчин дарж байлаа. Гэтэл хачирхалтай нь, Киршнерийн үед хүмүүсийн орлого өсч, ажлын байрны тоо нэмэгдэж байсан гэж олон аргентинчууд үздэг ажээ.
Аргентины эрх баригчид өрөө төлөхөөс татгалзсан учир олон улсын зээлдүүлэгчид тус улсаас нүүр буруулав. Аргентинчууд эхлээд түүхий эдийн үнийн өсөлтөөс олсон гэнэтийн их ашгийн мөнгөө идэж ууж дуусгаад, дараа нь зүгээр л мөнгө хэвлэж эхлэв. Үр ашигтай тогтолцоог бий болгохгүйгээр, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхгүйгээр зөвхөн хэрэглээг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн бодлогын загвар нь дахиад л мухардалд орлоо. Эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр Аргентин улс Узбекистан, Украин хоёрын дараа 148 дугаарт бичигдэх болов. Гэтэл тус улс 1990-ээд оны сүүлчээр ТОП-30-д багтаж байсан билээ.
Киршнер бол бие хүнийхээ хувьд тун зөрчилтэй нэгэн бөгөөд одоо дэд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа юм. Тэрбээр өөрийг нь Ерөнхийлөгч байх үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Альберто Фернандесийг төрийн тэргүүний суудалд өрсөлдүүлж байгаа аж.
Фернандес ирээдүйн эдийн засгийн бодлогынхоо талаар тодорхой яриагүй боловч түүний ерөнхий дүр зургийг гаргаад байна. Эдийн засгийн өнөөгийн загварыг халж, ОУВС-тай байгуулсан гэрээгээ эргэн харах, нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ тарифийг өсгөхгүй байх, үнэ ба бизнесийг зохицуулах, Төв банкны бодлогын хүүг бууруулах, Европын Холбоотой байгуулсан Чөлөөт худалдааны гэрээгээ эргэн харж засах нь тодорхой болжээ.
Энэ бүхнээс хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгчид дүгнэлт хийхдээ “зүүний хүчнийхэн ялснаар хувийн өмчийг нийгэмчилж, дефолт зарлаж магадгүй” хэмээн болгоомжилж байна.
Аргентин улс дефолтоос зайлсхийж чадах уу?
Аргентин бол Европоос шилжин суурьшихаар ирсэн хүмүүсийн нутаг юм. 19 дүгээр зууны сүүлчээр энэ улсын эдийн засаг тэсрэлт маягаар огцом цэцэглэн хөгжлөө. Тааламжтай уур амьсгал, хязгааргүй өргөн уудам тариалангийн талбай нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд нэн зохимжтой байсан ба гадаад худалдаа эрс өргөжсөнөөр Аргентины үхрийн мах, үр тариаг борлуулах зах зээл асар ихээр тэлжээ. Мөнгө гол мэт урссаар, Буэнос-Айрес хот Европын нэгэн улсын нийслэл гэмээр санагдана. Аргентин орон Европын цагаачдыг соронз мэт татах болов. 1914 он гэхэд гурван аргентин хүн бүрийн нэг нь Европоос шилжин суурьшигсад байлаа. Тэр үеийн европ цагаачдын үр хүүхдүүд нь амьдралын европ хэв маягаа өнөөг хүртэл хадгалсаар ирсэн бөгөөд энэ нь европ загварын засал чимэглэл, Европынхтой төстэй нийгмийн хамгааллын тогтолцоог харахад л мэдрэгдэнэ. Тэд улс орноо Латин Америкийн гэхээсээ илүүтэй Барууны /Европын/ улс гэж үздэг. Тэдний амьдралын ийм хэв маяг нь дэндүү өндөр өртөгтэй бөгөөд улсын мөнгөн сангийн боломжоос аль хэдийнэ давжээ.
Аргентинчууд амьдралын европ хэв маягт нэгэнт дасчээ
Гэсэн хэдий ч Аргентин улс улам ихээр зээл авч өрөнд орсоор. Байнга л төлбөрийн чадваргүй болдог боловч зээлдүүлэгчид олдсоор байдаг нь хачирхалтай. Тус улс 325 тэрбум долларын өртэй байгаа нь нэг жилийн ДНБ-тэй нь тэнцэж байна. ОУВС тусалсаар байгаа хэдий ч Аргентин улс бие даан өрөө төлөх чадваргүй болжээ. Өрөө төлөхийн тулд дахиад л өмнөх өртэйгээ тэнцэх хэмжээний мөнгө зээлж байна.
Аргентинд азгүйтэл нүүрлэсний шалтгаан юу вэ?
1950 оноос хойших хугацааны гуравны нэгийг нь аргентинчууд хямралын байдалд өнгөрүүлжээ. Өнгөрсөн 70 орчим жилийн хугацаанд шинэчлэл хийхийн тулд ОУВС-гаас зээл авах талаар 20 гаруй удаа тохиролцож байсан боловч бараг бүх хөтөлбөр нь хэрэгжиж дуусалгүй дампуурч байв. Түүхээс харвал энэ удаад ч мөн адил ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжинэ хэмээн найдах хэрэггүй болжээ.
Дэлхийн банкны эдийн засагчдын үзэж байгаагаар, архаг хямралын үндсэн шалтгаанууд нь засаглалын сул тогтолцоо, ялангуяа Аргентины холбооны улсын улс төрийн тогтолцооны онцлогууд, түүнчлэн амьдралын өмнөх хэв маягаа хадгалж үлдэх хүсэлтэй хүн амын дундаж давхаргынхны хэрэглээтэй холбоотой ажээ.
Ерөнхийлөгчийн гарт орсон бүс нутгуудын ихэнх нь төвөөсөө авдаг татаасаас хамааралтай байдаг. Харин Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогыг орон нутгийн төлөөлөгчдөөс бүрдсэн Сенат баталдаг байна. Тэгэхээр сенатчид ба сайдууд улс төрийн дэмжлэгийн хариуд санхүүжилт өгөх байдлаар улсын мөнгөөр наймаалцсаар ирсэн ажээ. Хууль тогтоох ба гүйцэтгэх засаглал хоёр нь түр зуурын ашиг сонирхлыг эрхэмлэдэг нь урт хугацааны эдийн засгийн бодлогыг батлан хэрэгжүүлэхэд саад тотгор болсоор ирэв. Аливаа асуудлыг мөнгөөр шийдсээр ирсэн тул байнга мөнгөний гачаалд ордог байна.
“Аргентины бүтэлгүйтлийн нэг гол шалтгаан бол иргэд нь байгаа мөнгөнөөсөө илүү зардал гаргаж амьдардаг явдал юм. Хүн амын хэрэглээ ба улс төрийн амбицийг гүйцэлдүүлэхийн тулд зардлыг хөөргөдөхөөс аргагүйд хүрнэ. Ингээд дутагдаж байгаа мөнгөө бусад улсаас зээлдэг” гэж Дэлхийн банкны эдийн засагчид дүгнэн бичжээ.
Харин Ерөнхийлөгч Макри энэхүү чөтгөрийн тойргоос улс орноо гаргаж, байгаа мөнгөндөө тааруулж амьдардаг болгоно гэж амласан. Тэрбээр ирээдүйнхээ төлөө тэсвэр тэвчээр гаргахыг аргентинчуудад уриалжээ. Гэвч түүнээс үл хамаарах хүчин зүйл гарч ирлээ. Өнгөрсөн онд Аргентинд сүүлийн 50 жилд болж байгаагүй ган гачиг тохиосноор экспортын гол бүтээгдэхүүн болох шар буурцагны ургац эрс буурчээ. Даарин дээр давс гэгчээр АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөнгүүт хөрөнгө оруулагчид хүү өндөртэй Америкийн өрийн бичгийг худалдан авахаар хошуурч, харин хөгжиж буй орнуудын үнэт цааснаас салахын түүс болжээ. Үүний улмаас песогийн ханш 50 хувиар унаж, эдийн засаг 2,5 хувиар буурч, 3 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжив. Макри аврал эрж ОУВС-д хандахаас аргагүйд хүрлээ.
Аргентинчууд Макриг эсэргүүцэн жагсч байгаа нь
Өнгөрсөн оны эхээр нэг доллар 20 песотой тэнцэж байсан бол 9 дүгээр сар гэхэд 40 песо болж 2 дахин өсөв. Киршнерийн баг Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан шатанд ялсны дараа долларын ханш 60 песод хүрсэн бол энэ оны эцэс гэхэд 100 песо болж өснө гэж зах зээлийн шинжээчид таамаглаж байна.
Энэ бүхнээс дүгнэвэл, Аргентин улс дахиад бүхэл бүтэн 10 жилийг алдах нь. Сүүлийн 40 жил ч мөн адил алдагдсан 10 жилүүд байлаа. Бусад орнууд элбэг дэлбэг ирээдүй өөд урагшилсаар атал тус улс хагас зуун жилийн турш баялгаа өсгөх жорыг олж чадалгүй нэг л газраа дэвхцсээр.
Саявтархан 2000 онд гэхэд Аргентин улс нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр Чили, Турк, Орос, Хятадаас илүү байсан бол одоо эл үзүүлэлт Оростой харьцуулахад 2 дахин бага, Хятадаас 4 дахин их байснаа адилхан хэмжээнд, Чили, Турк хоёроос 30 гаруй хувиар бага болтлоо буурчээ.
Аргентин улс хоёрдахь Венесуэль болох уу?
Зөвхөн Аргентин ч биш Латин Америк тэр аяараа хүнд байдалд ороод байгаа аж. 30 жилийн өмнө энэ бүс нутаг хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг хангаж байсан бол одоо ердөө 12 хувь болж буурчээ. Латин Америкийн эдийн засгийн өсөлт жилд дунджаар 2,8 хувь болж буурсан нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад бараг 2 дахин бага гэсэн үг. Тэргүүлэх гурван орон болох Мексик, Бразил, Аргентины эдийн засаг энэ оны эхний улиралд буурсан үзүүлэлттэй байв.
Мексикт зүүний популистууд, Бразилд барууны популистууд засгийн эрхийг авчээ. Аргентинд популистууд ялах нь үндсэндээ тодорхой болоод байгаа бөгөөд сонгуулийн хоёрдахь шатны санал хураалт болохгүй байх. Хуулинд зааснаар, хэрвээ эхний шатанд өрсөлдөгчөөсөө 10-аас дээш хувийн санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулахгүй аж. Тэгвэл урьдчилсан шатанд Фернандес, Киршнер хоёр 47 хувийн санал авч, өрсөлдөгчөөсөө 15 пунктээр хол тасарсан билээ.
Улс төрийн бодлого зүүн тийш дахиад эргэсэн нь дөнгөж хэрэгжиж эхэлж буй бүтцийн шинэчлэлийг дуусгана гэсэн найдварыг үгүй хийж байна. Сүүлийн 25 жилийн хугацаанд тус улс нэг туйлаас нөгөө рүү ханаран савласаар ирлээ. Худалдааг дэмжихийн тулд хилээ нээж, тэгснээ гэнэт хааж, мөн өмч хувьчлалыг өргөн далайцтай хийж байснаа 10 жилийн дараа өмчийг буцаагаад нийгэмчилж, валютын ханшийг барьж байснаа гэнэт сул тавьж байв. Өнгөрсөн хугацаанд татварын хууль тогтоомж нь 80 удаа, төсвийн бодлого нь 16 удаа өөрчлөгдсөн байх жишээтэй.
Латин Америк дахь Д.Трампын дотнын анд нөхөр гэгддэг барууны популист үзэлтэй Бразилын Ерөнхийлөгч Ж.Болсонару нэгэн удаа Киршнерийг Ф.Кастро, Уго Чавес нартай адилтгасан нь бий. Тэрбээр хэлэхдээ “хэрвээ Кристина Киршнер засгийн эрхийг дахин авбаас Аргентин улс Венесуэлийн араас орно. Дүрвэгсэд Венесуэлиэс төдийгүй өмнө зүгт Аргентинаас Бразил руу цуврах болно” гэжээ. Үүний хариуд Аргентины Ерөнхийлөгчид нэр дэвшигч Фернандес хэлэхдээ “Бразил улс Аргентины гол түнш хэзээд хэвээр байх болно, гэхдээ арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч, эмэгтэйчүүдийг үзэн ядагч, хүчирхийллийг дэмжигч Болсонарутай би зам нийлэхгүй” гэж байв.
Аядуу перонист бодлого баримталдаг Фернандес хэдийгээр Киршнертэй нэг баг болсон ч гэсэн тэднийг Уго Чавес, түүнийг залгамжлагч Николас Мадуро хоёртой адилтгах аргагүй. Чавес, Мадуро хоёр дэлхий дахинд социалист хувьсгалыг мандуулж, Америкийн империалистуудыг ялна гэсэн уриан дор хүн хүч, байгалийн асар их нөөцтэй Венесуэль орныг үгүйрүүлэн хоосруулсан билээ.
Харин Аргентинд хэт зүүний үзэлтнүүд нь хүртэл марксизмаас зайгаа барьж хол байдаг, генералууд нь нефтийн компаниудыг дампууруулдаггүй, аргентинчууд хөршүүд ба АНУ-тай сөргөлдөөгүй билээ. Аргентины мөнгө-зээлийн бодлогыг үйлдвэрчний эвлэлээр дамжин засгийн эрхийг авсан автобусны жолооч нар бус харин мэргэжлийн эдийн засагч, санхүүчид тодорхойлдог. Гэсэн хэдий ч хямралыг тойрч гарна гэдэг бол Аргентины хувьд нэлээд хүнд зорилт юм. Эдийн засгаа өсгөх өмнөх жоруудыг олон удаа туршиж үзлээ. Одоо харин ээлжит хямралыг даван туулахын тулд шинэ жор олох хэрэгтэй болжээ.
Одоохондоо ОУВС-аас тус улсад мөнгө өгч байна. Мөн Америк-Хятадын худалдааны дайны нөлөөгөөр бий болсон шар буурцагны үнийн өсөлтөөс орж ирж буй мөнгө бий. Гэхдээ аливаа илүүдэл мөнгө нь Аргентиныг үргэлж л хараалд өртүүлж байсан билээ. Хэрвээ тус улс одоо мөчлөг дагасан бодлогоосоо татгалзахгүй бол, тогтвортой өсөлтийг хангах ээлжит боломжийг алдах юм бол дэлхийн эдийн засгийн дараагийн хямралыг даван туулахад нэн хүнд байх болно. Хямралын үүлс тэнгэрийн хаяанд хурсаар…
Орчуулсан Б.Адъяахүү
Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-49400732
URL: