32 жилийн турш хориотой байсан зэвсгийг АНУ анх удаа туршжээ

5583

Анх 1987 онд байгуулагдаж байсан Дунд тусгалын цөмийн зэвсгийг хориглох гэрээнээс АНУ, ОХУ улсууд саяхан гарсан билээ

Уг гэрээний дагуу цөмийн болон энгийн хошуутай, 500-5,500 км тусгалтай, газраас харвах зориулалттай бүх пуужинг хориглосон юм.

Гэрээ байгуулагдсаны дараа тухайн үед Европ тив даяар байрлуулаад байсан ийм ангиллын зэвсгүүдээ Америк, Зөвлөлтийн эрх баригчид хураан устгаж байжээ.

Харин АНУ-ын засаг захиргаа Оросын тал тохиролцоогоо байнга зөрчиж, дунд тусгалын пуужин үйлдвэрлэж байгаа гэсэн шалтгаанаар наймдугаар сарын 2-ны өдөр уг гэрээнээс албан ёсоор гарсан юм.

Тэгвэл өчигдөр Пентагон газар ангиллын дунд тусгалын далавчит пуужинг өнгөрсөн Ням гарагт туршсан тухайгаа зарлажээ.

Энэ нь гэрээгээр хориотой байсан зэвсэг юм. Пуужинг Калифорнийн эргээс холгүй орших Сан Николас арлаас харвасан байна. Пентагоны мэдэгдэлд “Туршилтын пуужин газарт байрлуулсан харвагчаас хөөрч 500 км зам туулсны дараа байгаа оносон” гэж мэдээлжээ.

Туршилтын үр дүнг дараа дараагийн дунд тусгалын пуужин бүтээхэд ашиглах гэнэ. Дунд тусгалын цөмийн зэвсгийг хориглох гэрээ дуусгавар болсноор зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөн эхлэх вий гэсэн айдас дэлхий дахинд үүсээд байгаа.

Пентагоны тэргүүн Марк Эспер гэрээнээс гарсны дараа хориотойд тооцогдож байсан ангиллын зэвсгүүдийг бүтээхээр ажиллаж эхэлснээ мэдэгдэж байв. Ингэхдээ тэр зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөнийг эхлүүлж байгаагаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Оросын тал аль эртнээс гэрээг зөрчиж, ийм ангиллын зэвсэгтэй болсныг тайлбарласан юм.

Өчигдөр Францын ерөнхийлөгчийн зуны өргөөнд зочилж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчидтэй уулзахдаа “Би өмнө нь хэлж байсан, одоо энд давтан хэлье. Гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Хэрвээ АНУ ийм зэвсэг бүтээж эхэлбэл бид ч бас бүтээх болно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: AFP

Р.ТӨМӨР, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих