Дүүргийн удирдах ажилтны шуурхай боллоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр ‘’Чуулган’’-ы танхимд боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Т.Баясах удирдан явуулсан бөгөөд зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын дэргэдэх агентлагууд, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад, харьяа газрууд, Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм.
Зөвлөгөөний үеэр дүүрэг дэх Цагдаагийн-1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Онцгой байдлын хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн болон урьдчилан сэргийлэх ажлын 14 хоногийн тайлан мэдээг удидлагуудад өгсөн юм.
Зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга Т.Баясах дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Боловсролын хэлтэст, хорооны нутаг дэвсгэрт байгаа гэрэлтүүлгийн судалгааг гарган ажиллахыг Хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон юм. Түүнчлэн дүүргийн Засаг даргын зүгээс сургууль, цэцэрлэг орчмын замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг эрчимжүүлэхийг Замын цагдаагийн хэлтэст үүрэг өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: