Дипломат албанд үүрлэсэн хууль бус наймаачдын хаанчлалд төгсгөл байна уу
Монгол Улсын дипломат алба дэлхий дахинаа нэр нүүргүй болж дуусаж байх шиг байна. Энэ Ерөнхийлөгч маань юуг бодож суудаг юм бол, ёстой бүү мэд! Түүний томилгоогоор л Элчин сайдууд эцэслэн батламжлагддаг шүү дээ. Монгол Улсаа гадаадад төлөөлөх тэр эрхмүүдэд бүрэн эрхийг нь олгохдоо “арай өөр зүйлийг” чихэнд нь шивнэдэг юм биш байгаа гэж бодогдохоор хэрэг явдлыг манай дипломатууд өдүүлээд, бүр гаршаад удлаа. Ганц Х.Баттулгад хамаарах хэрэг биш л дээ. П.Очирбат Ерөнхийлөгчийн үеэс эхлээд Монголын Гадаад харилцааны яам “гэмт хэрэгтнүүд”-ийг үржүүлж, бөөцийлдөг газар болсон хэмээн учир мэдэх хүмүүсийн ярихыг олонтаа сонсож явлаа. Яагаад “гэмт хэрэгтнүүд” хэмээн тодотгож буйн учрыг уншигч авхай хэн боловч шууд мэдэх хойно тайлбар хэрэггүй билээ. Хамгийн сүүлийн жишээ нь дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нартай холбогдох хэрэг.
Тэд 70 кг буюу гурван сая еврогийн үнэ хүрэх хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод баригдаад дэлхий дахинаа улс орноо шившиглэсэн түүхийг бид бүхэн мэднэ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Германы хамгийн нөлөө бүхий сонин хэвлэл, мэдээллийн сайтуудаар дахиад л Монголын дипломатчдын шившигт дуулиан дэгдлээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Унгарын нийслэл Будапешт хотоос Берлин рүү дипломат дугаартай автомашинаар их хэмжээний хориотой эм тээвэрлэж яваад баригдсан Монголын хоёр иргэнийг шүүх хурал эл өдрүүдэд берлинд болж байгаа юм байна. Өвчин намдаах үйлчилгээтэй “лоразепама” хэмээх эмийг 150 мянган ширхэгээр хил давуулах гэж байгаад баригдсан Т.Мөнхбат нь Будапешт хот дахь Монгол Улсын Консулын газрын Атташе, Э.Оргил хэмээгч нь мөн газрын жолоочоор ажилладаг байсан тухай Германы хэвлэлүүдээр бичсэн байх юм.
Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаатай. Монгол Улсаас хилийн чанадын 29 оронд Дипломат төлөөлөгчийн газар, хоёр улсад байнгын төлөөлөгчийн газар, 11 оронд Ерөнхий консулын газар, нэг оронд Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай хэмээн Гадаад харилцааны яамны албан ёсны вэб хуудсанд дурджээ. Манай улс анхны улстайгаа дипломат харилцаа тогтоосноос хойш 73 дахь жилтэйгээ золгож байгаа юм байна. Харамсалтай нь эх орноо төлөөлөн гадаад улсад сууж буй дипломат албаныхан маань улс орныхоо талаар эерэг биш сөрөг сурталчилгаа хийх нь эрс ихэслээ. Өнөөдөр Монгол Улсын дипломатч гэдэг эрхэм үг Европт тэр тусмаа ЕХ-ны улсуудад хууль бус наймаа эрхлэгч, гэмт хэрэгтэн хэмээн ойлгогдох болж.
Монголын дипломат албаны паспорт хамгийн сэжигтэй баримт бичигт тооцогдох болоод удлаа. Өнгөрсөн зургадугаар сард манай нэг чухал салбарын сайд албаны ажлаар Европыг зорихдоо хил гааль дээр шалгагдан саатуулагдаж, түмэн хэрэг өдүүлсэн сураг бий. Дипломат паспорттой болохоор нь түүнийг тийнхүү “чангалсан” аж. Цаашид түүн шиг ичгэвтэр байдалд орох албаны хүн олон гарах вий. Бид ингэтлээ нэр хүндээ барсан гэсэн үг л дээ.
Хэн бидний, Монгол Улсын нэр хүндийг бараад байна вэ гэж үү? Жирийн нэг иргэн бус уих-аар хэлэлцэн, улсын Ерөнхийлөгчөөс томилогддог, аль ч оронд тусгай халдашгүй эрх ямба эдэлдэг тэр эрхмүүд гээд бодохоор үнэнхүү урам хугарна. Манай дипломатуудын өдүүлсэн, үйлдсэн хууль бус наймаа, гэмт хэргийн цуваа маш урт. Жишээ татаж, “ийгл ТВ” тодорхой дурдсан байсан.
2001-2003 он. н.Алтансайхан, н.баялаг-Эрдэм, н.Баярхүү нар нь ХБНГУ, Франц, Бельги улсуудад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус тамхины наймааны хэрэгт холбогдсон.
2003-2007 он. Австри улсад ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан С.Эрдэнэ ХБНГУ-д тамхины хууль бус наймааны хэрэгт үйлдсэн хэмээн хоригдон шалгуулав.
Монгол Улсаас Бельги улсад суугаа ЭСЯ-ны ажилтан н.Баярхүү Англид, Унгарт суух ЭСЯ-ны ажилтан н.Цэрэнсодном мөн л тамхины наймааны хэргээр баригдав.
Монголын дипломат паспорт хамгийн сэжигтэй баримт бичигт тооцогдох болсон
ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайд Б.Даваадорж “Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат дугаартай машинаа алдсан” гэж мэдүүлж байсан ч түүнийг машинаа тамхины наймаачдад ашиглуулж байсан хэмээн сэжиглэж байв. Мөн түүнд холбогдох 201,800 еврогийн хэрэг гэгч нь мөнгө угаасан гэмт хэрэг байж болзошгүй гэх дуулиан дэгдэж байсан билээ. Хувийнх нь данс руу таван удаагийн үйлдлээр орсон 200 гаруй мянган еврогоо тэрбээр “танил, ах дүүсийн машин, тавилга захиалахаар шилжүүлсэн мөнгө” хэмээн тайлбарлаж байв.
Беларусийн брестэд сууж асан Монгол Улсын консул Д.Далайжаргалыг Польш улсад тамхины хууль бус наймаа эрхлэгч н.Цэвэгмид гэгчийг шүүхээс батлан даалтаар гарган авч, оргуулсан хэргээр саатуулж байсан.
Тус улсын люблин мужийн хууль хяналтын байгууллагаас консул Х.Болдбаатарыг дээрх хууль бус наймаачинтай холбоотой хэмээн сэжиглэн, саатуулж байв.
Женевт Элчин сайдаар сууж асан Х.Бэхбат мөн л хууль бус тамхины наймааны хэрэгт тус бүр шалгагдсан хэмээх цагаан дээр хараар бичсэн баримтууд дурайна.
2005 оны гуравдугаар сарын 23. Монгол Улсаас Болгар улсад суугаа ЭСЯ-ны элчин зөвлөхөөр ажилладаг Д.Шатарбал Монгол Улсын дипломат дугаар бүхий албаны машиндаа 120 орчим кг хар тамхи тээвэрлэж яваад тус улсын тусгай албаныханд баригдав. Д.Шатарбалын тээвэрлэж явсан хар тамхи нь тухай үеийн ханшаар 23 сая ам.доллартай тэнцэхүйц байжээ. Олон улсын хууль сахиулах байгууллагынхны хяналтад байдаг Black Morgan гэх бүлэгтэй холбоотой байсан түүнийг болгарын хууль, хяналтын албаныхан таван сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь, эд мөрийн баримттайгаар баривчилсан нь энэ байжээ. Монгол Улсын дипломат албаны ажилтан, элчин зөвлөх Д.Шатарбалд холбогдох хэргийг 2006 онд манай улсад шилжүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн өршөөлөөр хугацаанаасаа өмнө суллагдаж байв.
2005 он. Монгол Улсаас ХБНГУ, ОХУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд нийлсэн 12 дипломатч Украин, Болгар зэрэг улсаас ЕХ-ны улсууд руу хууль бус бараа зөөвөрлөхдөө Монгол Улсын дипломат ажилтан гэсэн нэр, эрх ашиглан дипломат шуудан гэсэн өнгөлөн далдлалт хийн татваргүй нэвтрүүлдэг байсан нь илрэв. Вьетнам хамтрагчдынхаа хамтаар 7.7 сая ширхэг тамхийг хууль бусаар зөөвөрлөсний улмаас 1.2 саяеврогийн хохирол учирсныг ХБНГУ-ын гаалийн ажилтнууд тогтоосон байдаг. Герман улсын лейпцик хотод төвлөрсөн уг хууль бус наймаанд гол үүрэг гүйцэтгэгч, хил гаргаж өгдөг этгээдүүд нь Москва дахь ЭСЯ-ны зөвлөх н.Ганболд, түүний эхнэр н.Сэлэнгэ нар байлаа. н.Ганболд эх орондоо буцаж ирсэн бол эхнэр н.Сэлэнгэ нь ХБНГУ-ын хуулийн дагуу ял шийтгэгдэхээр болсон.
2016 оны зургадугаар сар. Украин, Румын улсын хилийн Дьяково боомтоор Будапешт дахь Монгол Улсын ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр дипломат шуудангийн наалт ашиглан нийт 29,145 хайрцаг тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдаж байгаад баригдсан. Д.Дөхөмбаяр нь 2015 оны наймдугаар сард өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарсан ч дипломат ажилтны паспортоо өгөлгүй, хууль бус наймаа хийхдээ ашиглаж явсан нь тогтоогдсон байдаг.
2017 оны дөрөвдүгээр сар. Украин-Унгарын хилийн Лужанка боомтоор Монгол Улсын иргэн О.Лхагвацэрэн Д0000949 дугаартай дипломат паспортоороо хууль бусаар ихээхэн хэмжээний тамхи нэвтрүүлэхийг завдан саатуулагдсан. Паспортын мэдээллийг шалгахад иргэн О.Лхагвацэрэн нь 2014 оны нэгдүгээр сарын 30-нд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлын албаны нарийн бичгийн дарга гэх төрийн албан хаагчийн статусаар Гадаад харилцааны яаманд дипломат паспорт мэдүүлж авсан нь тогтоогдсон. Хил хамгаалах ерөнхий газраас авсан тодруулгаар иргэн О.Лхагвацэрэн нь 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд энгийн паспортоор Турк улсад нэвтрээд эх орондоо ирээгүй байгааг олж тогтоосон гэдгийг ГХЯ-наас албан ёсоор мэдэгдэж байв.
• Өнөөдөр Монгол Улсын дипломатч гэдэг эрхэм үг Европт тэр тусмаа ЕХ-ны улсуудад хууль бус наймаа эрхлэгч, гэмт хэрэгтэн хэмээн ойлгогдох болж.
• Олон улсын хууль сахиулах байгууллагынхны хяналтад байдаг Black Morgan гэх бүлэгтэй холбоотой байсан Д.Шатарбалыг Болгарын хууль, хяналтын албаныхан таван сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь, эд мөрийн баримттайгаар баривчилсан байдаг.
• Манай Элчин сайд нар тамхины наймаа эрхэлж, бүр амиа алдаж байсан харамсалтай түүх ч бий.
2019 он. Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ дипломат ажилтнуудын гэмт хэргийн түүхэнд байгаагүй нэн шинэ бизнесийг үүрэгт ажлынхаа хажуугаар давхар эрхлэх болжээ. Д.Мөнх-Эрдэнэ нь Ерөнхий консулаар ажиллаж буй таван жилийнхээ хугацаанд Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зардаг тухай мэдээлэл хангалттай гарсан.
Д.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны долдугаар сард Монголоос Mersedes Benz Maybach маркийн автомашинд А-1234 дипломат дугаар авч хилээр гарган иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн, мөн оныхоо наймдугаар сард Range Rover маркийн автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж, Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлсэн, 2018 оны дөрвөөс тавдугаар сард Lexus -570 маркийн хоёр автомашинд дипломат А17889, А9901 дугаарыг зүүж хятад иргэдэд хууль бусаар худалдсан гэх асуудлаар шалгагдаж байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. БНХАУ-ын шалган нэвтрүүлэх байгууллагууд өнгөрсөн оноос эхлэн бээжин дэх ЭСЯ, хөх хот дахь ЕКГ, Эрээн дахь КГ-ын автомашинуудыг хилээр орж, гарах үед нь нарийвчлан шалгадаг болсон аж. Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын дипломат дугаартай автомашиныг худалдан авсан иргэдийг 2018 оны 11 дүгээр сарын 30-нд БНХАУ-ын хуулийн байгууллагаас баривчлан шалгаж байгаа гэсэн мэдээлэл ч цацагдаад байна.
Түүнчлэн манай Элчин сайд нар тамхины наймаа эрхэлж, бүр амиа алдаж байсан харамсалтай түүх ч бий. Тухайлбал, Польшид сууж байсан манай нэг Элчин сайд Герман руу “бараа”-гаа оруулж өгчихөөд буцаж явахдаа хурдны зам дээр онхолдож амиа алдсан үнэнийг ГХЯ олон нийтээс нуусан билээ.
Болгарт Элчин сайд байсан Г.Дашдаваа, эдүгээ Прагад суугаа Элчин сайд Н.Наранбат гээд ЕХ-нд “данслагдсан” эрхмүүдээр цуваа үргэлжилдэг.
Түүнчлэн Будапештийн тамхины дипломат наймаачдын бүлэгт Цэдэнсодном, Дүүжий, Эрдэнэчулуун нар хамрагддаг гээд баримт цувуулаад байвал их урт жагсаалт гарч ирэх аж. Энд хэн нэгнийг гүтгээгүй шигээ басхүү хэн нэгнийг нууж, хайцаалах ямар нэгэн шалтгаан надад алга. Нэгэн цагт бх-ын сайд, ГХЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан Ц.Цолмон ОХУ-д Элчин сайд байхдаа ажилтнуудаа бүр хуваарьт оруулж, тамхины наймаа хийлгэдэг байсан нь манай дипломат алба хэрхэн дампуурсныг, ёс зүйн хувьд яаж ялзарч, цагаандаа гарсны жишээ биш гэж үү! ихэвчлэн тамхины хууль бус наймааг дипломат паспортаа ашиглан, дипломат шуудангийн наалт ашиглан хийдэг байсан Монголын дипломатчдын бизнесийн хүрээ өргөжин тэлж, хар тамхи, автомашины худалдаа эрхлэх болсныг илтгэх хар хэргүүдийн жагсаалт энэ. Бидэнд одоогоор мэдэгдээгүй ямар гэмт хэрэг тэд үйлдсэнийг нь таашгүй. Монгол Улсын дипломат албаны газардсан нэр төр хэзээ сэргэхийг бүү мэд. Монголын дипломат албанд халдашгүй эрхээр хайцаалагдсан хулгайч, хууль бус наймаачдын тогтоосон хаанчлал хэзээ нурахыг ч бас бүү мэд!
ЗГМ сонин
URL: