Леонид Решетников: Зөвлөлт засаг геополитикийн хувьд асар их сүйрэл дагуулах Украин хэмээх “Мангас”-ыг бий болгосон

АНУ, Европын холбоо ОХУ-тай үргэлж л сөргөлдөж байдаг. Харин яагаад ийнхүү тэрсэлдэх болсныг Оросын байр сууриас хэрхэн тайлбарладгийг харуулах нэгэн ярилцлага “Аргументы и факты” сонинд нийтлэгджээ. Сэтгүүлч Мария Поздняковагийн ОХУ-ын Гадаадын тагнуулын албаны дэслэгч генерал Леонид Решетниковтой хийсэн энэхүү ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Леонид Решетников нь Харьковын их сургуулийн түүхийн ангийг төгссөн бөгөөд түүхийн ухааны дэд эрдэмтэн юм. Тэрбээр 1976-2009 онд ОХУ-ын Гадаадын тагнуулын албанд ажиллаж, 2009-2017 оны хооронд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар ОХУ-ын стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

-Европын холбоо ОХУ-тай харилцаагаа яагаад улам бүр хөндийрүүлээд байгаа юм бол. Та юу гэж бодож байна вэ?

-Барууны элитүүд уурлаад одоо бүр тэсрэх түвшиндээ нэгэнт хүрсэн. Тэд ОХУ-ыг Сирид цэргийн үйл ажиллагаа явуулна гэж төсөөлөөгүй байсан байх. Тэд 20 жилийн өмнөөс ОХУ-ыг тоглоомоос хассан бөгөөд ийм хурдан сэхнэ гэж бодоогүй  юм. 1992 онд Холбооны мөрдөх товчооны захирал Роберт Гейтс Москвад ирэхдээ дотроо ялалтын парад хийж байсан. Тэр улаан талбайд цэрэг хүн шиг хөлөө өндер өргөн алхаж, ЗХУ-ыг задран унасныг тэмдэглэн оргилуун дарс задалж байсныг би санадаг. АНУ-ын улстөрчид 1990-ээд онд нүд рүү минь хараад “АНУ-ын үүрэг бол ертөнцийг удирдах учир үүнийг хүлээн зөвшөөрч, хувь заяандаа захирагд” гэж хэлж байсан.

Хамгийн анх АНУ 1917 онд болсон Октябрийн төрийн эргэлтийн үед ОХУ-ыг устгах гэж оролдсон. Тэд большевикуудад тусалсан бөгөөд энэ нь ч бүтсэн. Учир нь, ОХУ-д коммунист дэглэм 70 гаруй жил ноёрхож, улс орны хөгжлийг хэдэн арван жилээр хойш татсаныг бүх түүхчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Хоёр дахь оролдлого нь дэлхийн II дайны үед, гурав дахь нь 1991 онд болсон байдаг юм.

-Дэлхийн II дайнд ЗХУ, АНУ холбоотнууд байсан биз дээ?

-Дэлхийн II дайныг дэлхийг удирдах гэж оролдож буй хүчин зохион байгуулсан бөгөөд АНУ бол тэрхүү хүчийг тэргүүлэгч. Үндэстэн дамнасан корпорацууд буюу англосакс элит удирдлагын тэргүүнүүд л үүнийг хийсэн юм. Германыг ЗХУ руу дайрахыг АНУ өдөөн хатгасан. АНУ хоёр улсад хоёуланд нь зэрэг тусалж байсан. Тэдний тооцоолсноор дайнд оролцсон орнууд бүрэн сүйрэх ёстой байсан юм. Тиймээс АНУ ЗХУ-ын хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн. Сталинградын тракторын завод тэр чигтээ АНУ-д байгуулагдсан. Үүнийг задлан 112 усан онгоцоор зөөн авчирч, угсарсан түүхтэй.

Мөн Непор мөрөн дээр байгуулсан усан цахилгаан станцыг АНУ-ын “Күүрер инженер” хэмээх компани, Горькийн “Газ” автозаводыг “Аустин” хэмээх компани, Лениний комсмолын автозаводыг Фордын төслөөр барьж байгуулсан байдаг. Америкчууд 10 жилийн турш ЗХУ-д нийт 150 орчим үйлдвэр, цех барьж байгуулахад тусалсан. Яг энэ хугацаанд АНУ Германд ч бас тусалж байсан юм. ЗХУ, Германы дайны үед Их Британи дэлхийд тэргүүлэх гүрний байр сууриа алдаж, Герман бүхэлдээ сүйдсэн бөгөөд ЗХУ ялалтын төлөө 27 сая хүнээ алдсаныг бид мэднэ. Бид агуу эх орны дайнд ялсан. Миний аав дөрвөн жилийн турш фронтод байлдаж Берлин хүртэл явсан хүмүүсийн нэг нь байсан юм. Гэтэл яг үнэндээ Дэлхийн II дайнд АНУ 300 мянгахан хүнээ золиослон ялалт байгуулсан гэж хэлэхэд болно. Харин Герман 13 сая хүнээ алдсан. Орос, Герман хоёр нийт 40 сая хүнээ алдаж, дэлхийд тэргүүлж байсан эдийн засаг нь сүйрсэн. АНУ энэхүү дайнаас хамгийн их ашиг олж, их хямралаасаа гарсан юм. Дараа нь коммунист, капиталист хоёр дэглэмийг тусгаарласан төмөр хөшгийг Сталин биш АНУ бий болгосон. Америкчууд дайнд сүйдсэн ЗХУ-ын эдийн засагт өндийх ямар ч боломж олгохгүйн тулд ийнхүү гадаад ертөнцөөс тусгаарлаж, шилэн хоргон дахь аалзнууд бие биеэ хэрхэн барьж идэхийг харахаар төлөвлөсөн гэхэд болно. Гэвч Оросын ард түмний сэтгэлийн их тэнхээг тооцоолоогүй. ЗХУ-ыг төмөр хөшигний цаана тусгаарласан байх зуур АНУ дэлхийн эзэгтэй болсон нь маргашгүй үнэн.

-Гэхдээ 1990-ээд онд АНУ, ОХУ хоёр эв найрамдалтай байсан биз дээ?

-Оросууд “Баруун бидэнд тусална. Бид коммунистууд биш болсон” хэмээн итгэдэг байсан. Гэтэл яг үнэндээ барууны хамтрагч нар маань ОХУ-ыг 10 хэсэг болгон хуваахаар төлөвлөж байсан юм. Жишээлбэл, Умард Кавказад болсон алан хядагчид байна. Тэдний санхүүгийн дэмжлэг хаанаас ирсэн гэж та нар бодож байна. Ер нь ОХУ-ыг ойрын хэдэн жилд сэхэж чадахгүй болтлоо хямарсан хэмээн үзэж, АНУ-ын Тагнуулын төв газар ялалтаа тэмдэглэж байх тэр үед ОХУ Крымийг эргүүлэн авч, Сирид цэргийн ажиллагаа явуулсан нь тэдний хувьд цэлмэг тэнгэрээс аянга ниргэхтэй адил зүйл болсон. АНУ-ын Конгресс ОХУ-ын зэвсэгт хүчний шинэ боломжуудын тухай анхааруулга өгөөгүй хэмээн Тагнуулын албаа буруутгасан тухай мэдээлэл надад байдаг.

-Европын холбоо яагаад АНУ-ын утсан хүүхэлдэй шиг байдаг юм бэ?

-Дэлхийн II дайнд ялагдсаныхаа дараа Германы удирдагчид АНУ-тай маш нууц гэрээ хийсэн.Уг гэрээнд ХБНГУ-ын алтны бүх нөөцийг АНУ-ын нутаг дэвсгэрт хадгалж, Германы газар нутагт АНУ-ын цэргийн бааз олноор байгуулах тухай заасан байдаг. Одоо АНУ-ын 300 гаруй цэргийн бааз Германд байрладаг бөгөөд дэлхийн аль ч улсад Америкийн ийм олон цэргийн бааз байхгүй шүү дээ. Үүнээс гадна АНУ Европын холбооны удирдах аппаратын оройг тэр чигт нь худалдан авсан гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, зүүн Европоос үүнийг бид тодхон харж болно. Би Болгарт нэлээд хэдэн жил ажилласан. Болгарын ард иргэд Туркийн 500 гаруй жилийн боолчлолоос ОХУ тэднийг чөлөөлсөн гэдгийг хэзээ ч мартдаггүй. Ер нь, дэлхий дээр болж буй ихэнх төрийн эргэлтийг АНУ-ын Тагнуулын мөрдөх товчоо зохион байгуулдаг.

Үүний хажуугаар мэдээллийн дайн гарч байгааг ч та бүхэн мэднэ. Жишээ нь, Путин Сирийн Ерөнхийлөгч Ассадыг огцрохыг тушаасан гэсэн худал мэдээлэл цацагдахад Кремль үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл хийхээс өөр аргагүй байдалд хүрч байсан. Надаас холбоотнууд маань “Та нар “Исламын улс”-тай эцсээ хүртэл тэмцэлдэх үү” гэж асуудаг. ОХУ Сири дэх цэргийн ажиллагаагаа Дамаскийн засаглал унахаас гуравхан долоо хоногийн өмнө эхэлж байсан. Хэрэв дайралтаа эхлээгүй бол “Исламын улс” ОХУ-ын хилд тулж ирэх байв.

Дэлхийн II дайныг утсан хүүхэлдэйнүүдийн эзэн эхлүүлсэн нь ойлгомжтой. 1945 оноос дэлхийд тогтсон санхүүгийн систем нь бүх ашиг орлого АНУ руу урсан орж байхаар хийгдсэн байдаг. Гэвч энэ нь сүүлдээ бүтэлгүйтэж эхэлсэн бөгөөд АНУ дэлхийн хамгийн их өртэй орон болж, дээсэн дээр дэнчигнэж эхэлсэн.

-Украины ирээдүйн талаарх таны бодол?

-Зөвлөлт засаг геополитикын хувьд асар их сүйрэл дагуулах Украин хэмээх “мангас”-ыг бий болгосон. Энэ нь Каезрийн Германы нууц алба болон большевикуудын хамтын ажиллагаа байсан бөгөөд Ленин, Сталин, Троцки нар суурийг нь тавьсан. Тэд Украин хэмээх шинэ Бүгд Найрамдах Улс зохион байгуулж, Оросын хотууд болох Харьков (Алексе Михайлович хааны байгуулсан), Донецк (Эзэн хаан II Александрын бүтээсэн), Николаев, Днеиронетровск, Одесс /II Екитрина хатан хааны байгуулсан) хотуудыг Оросын Зөвлөлт Социалист Холбооны Бүгд Найрамдах Улсаас таслан авч Украины бүрэлдэхүүнд өгч байсан юм. Мөн Хрущев Крымийг Украинд бэлэглэж байсныг та бид санаж байгаа. Тэд ирээдүйд ОХУ-ын эсрэг ашиглах томоохон занга бэлдэж байгаагаа мэдээгүй байх. Одоо Украины удирдлагууд сэхээ орохгүй бол тус улсын ирээдүй бүрхэг болно.

-Сүүлийн үед дайн хэмээх үг ойр ойрхон сонсогдох болжээ. Энэ юуны дохио вэ?

-Тийм ээ. Энэ үг ахин дахин сонсогдох болсон нь дайн ойртож байгааг бүгдэд мэдрүүлж байх шиг. Дэлхий дахин ОХУ-ыг энхийг сахиулах хүчин мэт харж байна. Сирид явуулсан ажиллагааны дараа олон хүн ОХУ-ыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Учир нь, Ирак, Афганистан, Ливи, Египетийн хувь заяагаар АНУ яаж тоглосныг дэлхийн дахин мэднэ шүү дээ. Хаалттай олон улсын уулзалтуудын үеэр эдгээр орны удирдагчид надаас ОХУ хэзээ бидэнд туслах вэ” хэмээн асууж байсан. Итали, Франц болон өөр хэд хэдэн орны төлөөлөгч нар ч энэ тухай асууж байсан удаатай.

Саяхан намайг Пакистанд байх үед ислам шашинтай Пашстаны цэргийн албаныхан хүртэл надаас энэ тухай асууж байсан юм. Ер нь, Орос орон одоо шударга ёсны баталгаа болон энэ ертөнцөд оршиж байгааг хүмүүс ойлгож эхэлж байна. АНУ-д ОХУ-ыг үзэн ядах шалтаг хангалттай бий. Бид эдийн засгийн хувьд ч, цэргийн хүчний хувьд ч тэдний том өрсөлдөгч болсон учир ОХУ-ыг нураах нь тэдний хувьд хийх зайлшгүй зүйл болсон. Учир нь, бид дэлхий дахинд хөгжлийн өөр нэг хэлбэрийг санал болгож байгаа. Харин барууны хувьд тэд ганц л үнэт зүйлтэй. Өөрсдөө идээд л, унтаад л, таашаал аваад л, харин бусад үндэстнүүд тэдний төлөө ажиллах ёстой гэсэн ойлголттой байгаа нь тэдний асуудал. Харин Оросын соёл иргэншилд материаллаг зүйлс үргэлж давамгайлж байсан. Тиймээс манай ард түмнийг тааварлахад бэрх байдаг юм. Тэд ОХУ-ыг бүсэлж, эдийн засгийн хориг тавихад нурж унана гэж тооцоолж байгаа ч энэ нь бүтэшгүй гэдгийг би мэдэгдмээр байна. Орос орон руу маш олон хүчин довтолж байсан ч түүхэндээ буулган авч байгаагүй юм.

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих