Монголын төр Үндэсний хөрөнгө оруулагчиддаа халдаж эхлэв

olloo_mn_1564542525_ZGТ.БАТСАЙХАН

Түүх сөхвөл одоогоос 90 орчим жилийн өмнө Монголын төрийг бүрэн хянасан коминтернийхэн манай ноёд, дээдсийг зайлуулаад ард түмэнд ингэж хэлжээ. “Та нарт байх ёстой хөрөнгө малыг феодал, лам, ноёд авсан учраас ядуу болчихсон юм. Одоо эднээс юм аа эргүүлж авцгаа” гээд хөрөнгө хураах үйл явц эхэлсэн  байдаг.  Ард түмний хөрөнгийг хэрхэн булааж авсныг хувьсгалчид тайлбарлаагүй ч энэ нь тэдэнд таалагдав. Дараа нь феодалуудын улс төрийн эрхийг хасч, буудаж эхлэв. Гар, хөл бологчид гэдэгт нь ч ард түмэн багтав. Зогсоох арга байсангүй.   Ийм үйл явцыг нэг бол болгохгүй байх эсвэл хөдлөхөд нь гацаах хоёрхон арга байсан юм.  Гэсэн ч сүүлдээ хувьсгалын эсэргүү, ардын дайсан, ноосны төлөвлөгөө тасалдуулагч, тагнуулч, намын эсрэг бүлэг гэж устгасаар. Хамгийн сүүлд ард түмний малыг хураагаад намжсан байдаг.

Тэгвэл яг л ийм үйл явц одоо Монголын нийгэмд өрнөж байна. Дотоод, гадаадын хөрөнгө  оруулагчдын хөрөнгө, лицензийг цуцалж, төрөөс  тусгай ажиллагаа явуулж,  үйлдвэр уурхайг хааж эхэллээ. “Эрдэнэт”-ийн 49 хувь, “Салхитын мөнгөний орд” дээр тусгай ажиллагаа явуулж, хууль хяналтын байгууллагыг үүндээ дайчилсан байдаг. Тэгвэл энэхүү төрийн тусгай ажиллагаа  Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коал транс” компанийн Баянтэсийн уурхай дээр үргэлжиллээ.   Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуулийн байгууллагын удирдлагуудыг  дуудаж уулзан “Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад ухаад байгаа юм бэ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Эх орны газар сэндийчиж, ард түмэн бухимдуулахаа боль гэсэн. Албан тушаалтнуудыг авлигалддаг байсан бол одоо ард түмнийг авлигалдах гэж оролдож байна. Тэр лицензүүдийг цуцлаж, Тост, Тосон бумбыг улсын тусгай хэрэгцээнд ав” хэмээн үүрэг өгсөн байдаг. Улмаар тэр өдрийн орой нь БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбат “Сауд гоби коал транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа”  гэж  зарлав.  Мөн дараагийн өдрийнх нь Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь хамгаалалтад авах шийдвэр гаргасан.  Энэ хооронд “Сауд гоби коал транс” компанийн Өмнөговь дахь уурхайд хууль хяналтынхан очиж, хаахыг нь хааж, лацдахыг нь лацдаж сүрийг үзүүлэв.

Засгийн газар энэ асуудал дээр тун шуурхай ажиллалаа. УИХ-ын гишүүний  хувь эзэмшдэг “Сауд гоби коал транс” компанийн малгай дор хэд хэдэн уул уурхайн компанийн хаалгыг барьж орхив. Өнөөдрийн байдлаар Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын 35 тусгай зөвшөөрөл олгоод байна. Нэр бүхий есөн компани тусгай хамгаалалттай бүсээс гадуур бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа юм. “Чинхуа Мак”, “SGS”, “Өсөх зоос”, “Жавхлант орд”, “Хайрхан толгой”, “АГМ майнинг”  гээд үргэлжилнэ. Нэгэнт улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан учраас тэдэнд  үйл ажиллагаа явуулж байгаа бусад уурхай ч хаалгаа барих нь тодорхой юм. Мөн одоогоор олгоод байгаа уул уурхайн лицензүүд бүгд хүчингүй болно гэсэн үг. Үүний цаана томоохон компаниудын хөрөнгө гацаанд орж, тэд их хэмжээний алдагдал хүлээх нь тодорхой юм.

“Сауд гоби коал транс” компани нь  тэнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хоёрхон компанийн нэг юм. Уг нь төр нь үндэсний компаниудаасаа авах ёстой татвараа авч, үүрэх ёстой хариуцлагыг нь үүрүүлж, хариуцлагатай уул уурхайг нэхэж ажиллах нь Монголын хөгжлийн нэгэн гарц гэдгийг аль хэдийнэ бүгд хүлээн зөвшөөрчихсөн асуудал.  Мөн үндэсний хөрөнгөтнүүд нь өөдөө дээшээ явсан цагт ард түмэн түүнийг дагаж хөрөнгөжинө.  Олон улсад баян чинээлэг нийгэм яг л ингэж бий болсон. Хөгжлийн өндөрлөгт хүрсэн Америк, Япон, Герман, Өмнөд Солонгос, Швейцарь, Финланд нь дэлхийн тэргүүлэгч орнуудын хөгжиж дэвжсэн, хөл дээрээ бат зогссон түүх үндэсний хөрөнгөтнүүдтэй, хувийн хэвшлийнхэнтэй нь салшгүй холбоотой байх юм. Гэтэл Монгол Улс 90 орчим жилийн өмнөх шиг “Та нарт байх ёстой хөрөнгө малыг феодал, лам, ноёд авсан учраас ядуу болчихсон юм. Одоо эднээс юм аа эргүүлж авцгаа” гэдэг үйл явц руу гулсаад байх шиг байна.

“Сауд гоби коал транс” компанийн хувьд  Засгийн газрын энэхүү шийдвэрийн дараа мэдээж хүнд байдалд орсон.  Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Буянбат    “Уурхайг хаасан, лацадсан. Ийм л байдалтай болчихлоо. Ер нь бол Засгийн газрын энэ шийдвэрээс болж бид төсөөлшгүй хүнд байдалд орлоо. Манай компани 130 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Нүүрсний урьдчилгаа болгоод авчихсан гадны компаниудын өр, дотоодын компаниудаас авсан зээл, нефтийн компаниудад өгөх ёстой өр овоорчихоод байна. Цаашид ч зээлийн хүү, гэрээний алдангиуд гээд өр төлбөр нэмэгдэх нь ойлгомжтой болчихлоо. Дээр нь орон нутагт төлөх татвар, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл гэсэн зардал гардаг. Одоо ч бид ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна. Уурхай хаах улс төрийн шийдвэр гарсанд харамсаж байна”  гэжээ.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд “Энэхүү шийдвэр нь дан ганц хөрөнгө оруулагчид биш уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад маш ойлгомжгүй байдал үүсгэчихэж байна. Хуулийнх нь дагуу хураана гэвэл мэдээж улсын эрх мэдэл. Хүлээн зөвшөөрнө. Бүх зүйл хуулийн дагуу өрнөсөн учраас асуудал байхгүй. Харин хуулийн дагуу процедур явахгүй шууд хураана гэвэл хэт өрөөсгөл хэрэг. Өнөөдөр өрнөж буй үйл явдлуудыг анзаарахад хоёр бүлэг ч юм уу, хоёр хүний хоорондын асуудлыг шийдвэрлэсэн мэт харагдаж байгаа ч үзүүлэх нөлөө нь нийт салбартаа хүнд тусах гээд байна. Хамгийн том эрсдэл нь энэ” гэдгийг онцолжээ.

Ийнхүү “Сауд гоби коал транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Засгийн газрын  шийдвэр нь Үндэсний хөрөнгө оруулагчиддаа халдсан ээлжит халдлага л боллоо.   Энэ үйл явц нь ард түмний хөрөнгийг хурааж, эрхийг нь боож эхэлсэн 90 жилийн  өмнөх шиг байдалд л хүргэх вий дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих