Хавтаст хэрэг: Баянзүрх дүүргийн газрын албаны даргын Хятад иргэнээс мөнгө авсан хахуулийн хэрэг
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга байсан С.Бямбадорж нарын хахуулийн хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Бид энэ хэргийг сэрэмжлүүлэг болгох зорилгоор дэлгэрүүлэн хүргэж байна.
Хэрэг ингэж эхлэв: Н.Батсүх Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Их цуурайтын аманд 2015 оны есдүгээр сард 43 иргэний нэр дээр, 2016 оны долдугаар сарын 8-нд 60 гаруй хүний нэр дээр мөн дээрх хэсэгт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Улмаар иргэдийн нэрээр халхавчлан, Газрын тухай хууль зөрчиж аж ахуйн нэгжид газар эзэмшүүлснийхээ хариуд Лин Суйлин гэх хятад эрээс бусдаар дамжуулан 50 сая төгрөгийн хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан юм. Шалгалтын явцад нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал дээрх газрын хууль бус гэрчилгээг Газрын мэдээллийн санд бүртгүүлж, хятад иргэнээс 100 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд ил болсон байдаг.
Тиймээс Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүхийг
- Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ийн ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуурайтын ам гэх газарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “…энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж, тухайн газарт нэр бүхий 60 иргэний нэр дээр Дүүргийн засаг даргын газар эзэмших захирамжийн төсөл гаргуулан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар дамжуулан 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгийн хээл хахууль авсан,
- хээл хахууль өгөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ийн ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Аын хэлсний дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “…энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэн Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ээс Г.Мөнхбаатараар дамжуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутгасан бол
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргалыг Нийслэлийн газрын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ийн ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “…энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар урьдчилан амлаж, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Н.Бээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамж, 43 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан мэдээллийн санд бүртгүүлэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Lin Xuelong /Лин Суй Лин/-ээс Г.Мөнхбаатараар дамжуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хээл хахууль авсан хэрэгт тус тус буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүхийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргалынүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Нийслэлийн Прокурорын газраас Н.Батсүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, хахууль авахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэж хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Батсүхийг 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Амаржаргалыг 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Батсүх, Б.Амаржаргал нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдсэн.
Тэгвэл давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг хөнгөрүүлсэн. Тодруулбал,
- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Чонос овгийн Нямаагийн Батсүхийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, хахууль авахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг, Тайж овгийн Батчулууны Амаржаргалыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэж хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Чонос овгийн Нямаагийн Батсүхийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, Тайж овгийн Батчулууны Амаржаргалыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэж хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
- 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бэд 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Аыг нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчлөн Б.Амаржаргалыг нэн даруй суллалсан юм.
Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх хурлаар тэднийг гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар гэм буруутай гэж үзсэн ч ялыг нь давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлсэн юм. Тухайлбал,
гэрч М.Монхорын “…С.Чулуунцэцэг гэх эмэгтэй 650.000 юанийг Хятад улс дахь манай төлөөлөгчид өгсөн бөгөөд мөнгийг нь манай компанийн касснаас гаргуулж авсан. Манай компаниас 650.000 юанийг гаргуулж авахдаа 590.000 юанийг 303 төгрөгөөр бодож, нийт 178.770.000 төгрөгийг болон 60.000 юанийг бэлнээр авсан. Хятад улсад манай компанийн төлөөлөгч Далай гэдэг Хятад улсын иргэн ажилладаг бөгөөд тэр хүнд 650.000 юанийг Хятад улсын иргэнээс авч ирж өгсөн. Бэлнээр авч ирж өгсөн юм уу эсвэл дансаар шилжүүлсэн юм уу, ямар хүн өгсөн талаар мэдэхгүй байна. Учир нь, Далай гэдэг хүнтэй манай компани хамтран ажиллахаа больсон. …”/1хх-239/,
гэрч П.Энхмандахын “…Би 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд жолоочоор ажиллаж байгаа, …дарга 13 дугаар хороолол орно гээд явсан бөгөөд дарга замдаа хүнээс мөнгө авах ёстой юм гээд уулзахаар болоод бууж, 10 гаран минутын дараа Home Plaza гэсэн бичигтэй цагаан тортой зүйл барьж орж ирээд хойд талын шалан дээр тавиад өөрөө урд орж ирж суусан. Ямар хүнтэй уулзсан талаар мэдэхгүй. …” /1хх-240/,
гэрч Э.Соёлын “…манай ээж Чулуунцэцэг надтай утсаар яриад мөнгө аваад хүнд өгөх хэрэгтэй гээд Хаан сүйх валют арилжааны цэг дээр намайг хүрээд ирээч гэсэн. Тэндээс 60.000 юань, 178.000.000 төгрөг аваад Мишээл орж ор авах ажилтай явж байсан. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Голомт банкны урд талд 00-40 дугаартай цагаан өнгийн автомашины ар талын суудал дээр шардуу царайтай эмэгтэйд 155.000.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. …” /1хх-248/,
гэрч Б.Ганчимэгийн “…2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 60 иргэний өргөдөл гомдол ямар ч бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Мөн цахим бүртгэлд ороогүй байсан. …” /2хх-5/,
гэрч Д.Пүрэвдаваагийн “…Газрын албаны дарга Н.Б захирамжийн төслийг зуруулахаар орж ирсэн. Уг захирамжийн төсөл нь хянагдаагүй байсан учраас нөхөж зуруулаарай гээд гарын үсэг зурж өгсөн. Тайлбар юу вэ гэхээр баярын өмнө холбогдох хүмүүс нь байхгүй, ажлын ачаалалтай байсан учраас хянагдаагүй гэж байсан. Би одоо болтол жинхэнэ захирамж дээр гарын үсэг зураагүй байгаа. Миний хувьд эрх зүйн талаас нь хяналт тавих боломжтой болохоос өөр ямар нэгэн байдлаар хяналт тавих боломжгүй. Давхцалын асуудалд Нийслэлийн Өмчийн харилцааны албанаас хяналт тавих ёстой. …” /2хх-7-8/,
гэрч Д.Төмөрхүүгийн “…Надад үзүүлсэн 60 иргэний өргөдөл нь манай албаны бичиг хэргээр дамжаагүй байна. Хэрэв бүртгэлд орсон бол бүртгэл хяналтын карт байх ёстой. …” /2хх-9/,
гэрч Н.Эрдэнэцэцэгийн “…газар эзэмших гэрчилгээ авсан 60 иргэнийг шүүж үзэхэд нэг ч хүн газрын төлбөр төлөөгүй байсан, хэрэв төлсөн бол Нийслэлийн төсөвт ордог юм.” /2хх-10/,
гэрч Б.Оюумаагийн “…2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлын цаг дууссан байхад буюу 19 цагийн үед Өмч харилцааны албаны дарга Н.Б, ахлах мэргэжилтэн Батзоригийн хамт Пүрэвдаваагийн өрөөнд орж уулзаад төслөө зуруулаад гарсан. …” /2хх- 11/,
гэрч Б.Энхзаяагийн “…2016 оны 07 дугаар сарын 08-ны орой төслийг Засаг дарга зурсан учраас захирамжид олгох дугаарыг төслийн дээд хэсэгт бичиж тэмдэглээд төслийг буцааж явуулсан. …” /2хх-12/,
гэрч Л.Гантөгсийн “…Намайг орой ажил тараад гэртээ байж байхад 19 цагийн үед Батзориг утсаар яриад дарга дуудаж байна гэсэн. Ажил дээр очиход Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдэд олгосон газрын макро хийлгэх гээд дуудсан байсан. Би 20 гаран иргэний газар эзэмших эрхийн макро зургийг компьютерт хийгээд хэвлэж гаргасан, хэвлэж гаргасан макро зургаа дадлагын хүүхдэд өгөөд явсан, намайг очиход захирамж нь гарсан гэж байсан. …” /2хх-13-14/,
гэрч Г.Санчирмаагийн “…2016 оны 07 дугаар сарын 08-ны орой ажил тарсны дараа Батсүх дарга хэдэн макро буюу нэгж талбарын байршлын кадастрын зураг хийгээд өг гэсэн. Нийт 60 айлын кадастрын зураг байсан бөгөөд Батзориг, Гантөгс нарын хамтаар 20, 20-иор авч би Батчимэг, Отгонзаяа нарын комьютер дээр хийгээд дадлага хийж байсан Лхагважавт өгчихөөд явсан. Захирамж гарсан гэж ойлгож байсан юм. …” /2хх-16/,
гэрч Г.Лхагважавын “…2016 оны 07 дугаар сарын 08-ны орой ажил тарсны дараа иргэдээс ирсэн материалыг архивлаж байхад Батсүх дарга мэдээллийн санд яаралтай зураг оруул гэсэн үүрэг өгсөн. Би Г.Одонтунгалагийн компьютер дээр 60 айлын зургийг оруулсан, мэдээллийн санд 21 цагаас 09-ний өдрийн 00 цаг 10 минут орчимд дууссан зургийг хэвлээд, Батсүх даргад өгсөн чинь Одонтунгалагийн өмнөөс гарын үсэг зурчих гэсэн. Би төлөөлөөд гарын үсэг зурсан, газрын давхцал гараагүй. …” /2хх-17/,
гэрч Б.Батзоригийн “…Батсүх дарга газар зохион байгуулагч Батчимэгт 60 нэр өгчихсөн байгаа, тэрийг нэмж оруул гэсэн. Эдгээр 60 иргэний 20 дугаар хороо, Их цуурайтын аманд байрлах газарт бичигдсэн байсан. Захирамжийн төслийг Батсүх дарга өөрөө Засаг дарга руу авч ороод зуруулж гарч ирсэн. Би дараа нь эрх зүйн мэргэжилтэн Энхзаяагаас дугаар авсан, … би Гантөгсийг гэрээс нь дуудаж ирүүлээд 20, 20-иор авч гэрчилгээ бичиж, Батсүх даргад өгөхөд өрөө рүүгээ авч ороод удалгүй явсан, 60 ширхэг гэрчилгээний үнэ 1.200.000 төгрөг өгөөгүй. …”/2хх-19-21/,
гэрч О.Батчимэгийн “…Дээрх өргөдлүүд дээр ямар нэгэн цохолт байхгүй байсан бөгөөд надад дарга өгөхдөө захирамжийн төсөлд оруулах, давхцал байна уу шалга гэсэн. Шалгаж үзэхэд давхцалтай байсан учир даргад буцаагаад өгсөн. Намайг байхгүй байхад 7 дугаар сарын 27-ны өдрийн гарсан А/562 дугаар захирамжаар олгосон 90 иргэний кадастрын зурагнаас эхэнд олгосон 43 иргэний газрын 20 орчим иргэний газар давхцаж байсан. …” /2хх-22-24/,
гэрч М.Хулангийн “…Би газар авах гэж өргөдөл өгч байгаагүй. Харин манай нөхөр Мөнхдаваа, ажлын газрын ах Батбаяр нар нийлж хаус барьдаг юм уу гэж ярьж байсан. …” /2хх-36/,
гэрч А.Жаргалсайханы “…Баянзүрх дүүрэгт миний нэр дээр гэрчилгээ гарсныг сая мэдлээ. Миний гарын үсэг болон бичиг биш байна. Манай компанийн захирал хэзээ билээ миний иргэний үнэмлэхийг авч байсан газрын холбогдолтой юм ярьж байсан, би сайн ойлгоогүй. …” /2хх-37/,
гэрч С.Алтанцэцэгийн “…Би Баянзүрх дүүргийн газрын албанд өргөдөл бичиж байгаагүй. Харин манай нөхөр Мөнхдаваа миний иргэний үнэмлэхийг авч байсан, өргөдөл, гарын үсэг минийх биш байна, Булганыг орчуулагч гэдгээр мэднэ бусдыг танихгүй. …” /2хх-40/,
гэрч А.Наранцэцэгийн “…би Их цуурайтын аманд газар авах гэж өргөдөл бичиж байгаагүй, миний бичгийн хэв, гарын үсэг биш байна. …” /2хх-41/,
яллагдагч С.Чулуунцэцэгийн “…Пүрэвхатан та газартай юу гэж асуугаад газаргүй гэхэд газар авч өгье гэсэн. Надаас миний болон манай 2 хүүгийн, төрсөн дүү Оюунцэцэг, Оюунбат, Нарандарь, Наранчимэг, төрсөн эгчийн хүү Буяндэлгэр, найз Цацралт нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан. …Пүрэвхатан манайх циркийн тэнд машин зардаг, наадмаас өмнө хэдэн машин аваад буцаагаад зарчих хэрэгтэй байна гээд 155.000.000 төгрөг зээлсэн, Батсүхийг танихгүй. …” /4хх-47-48/,
яллагдагч Н.Батсүхийн “…Тухайн газрууд нь газар олгох талаар хууль, журмын дагуу л олгогдсон, …сүүлийн 50.000.000 төгрөг авсан гэх үйлдэл нь С.Чулуунцэцэгээс 50.000.000 төгрөгийг зээлж авахаар тохирч түүнээс мөнгө авсан бөгөөд энэ нь газартай холбоогүй, би мөнгө авахдаа Т.Пүрэвхатанаар дамжуулан өгч байгаа гэж мэдээгүй, урьдчилан хэлээгүй. …” /Зхх-162/,
яллагдагч Г.Мөнхбаатарын “…Миний бие өөрийн хүүхдүүдийн нийлсэн 7 хүний бичиг баримт, Булганы олж өгсөн 34 хүний, нийт 41 иргэний нэр дээр газрын гэрчилгээ гарсан. Дээрх газрыг гаргуулахын тулд Булган надад эхлээд 2015 оны 09 дүгээр сард 20.000.000 төгрөг бэлнээр өгсөн, уг мөнгийг аваад Нийслэлийн өмч, харилцааны газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Амаржаргал гэж эмэгтэйд өгсөн. Газар гарсны дараа гэрчилгээ гарсан газраас гадна сул талбай их байсан учраас энэ газрыг хүнд өгч болохгүй байх талаар арга хэмжээ авч өгнө үү гэж хэлээд Булганаас 80.000.000 төгрөг авч Амаржаргалд 2015 оны 10 дугаар сард ажлын гадаа нь Харрер машин дотор өгсөн. Би Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Батсүхийг таньж мэдэхгүй учраас газар гаргуулж өгөөч гэж Амаржаргалыг гуйсан. 43 айлын газрын гэрчилгээ гарснаас хойш Баасандорж бид нарын авсан газартай давхцуулаад 90 айлын газар авсан байсан. Гэхдээ газар нь мэдээллийн санд ороогүй байсан. 2016 оны хавар Чулуунцэцэг яриад нөгөө газрын чинь хажууд нэмж газар авах гэсэн юм, бичиг баримт бүрдүүлж өгөөч гэсэн. Тэгээд би кадастрын зураг хийлгэхэд машинаар явж өгч, хэдэн хүний иргэний үнэмлэхийн хуулбар өгснөөс өөрөөр энэ асуудалд оролцоогүй. Пүрэвхатан, Чулуунцэцэг нар яаж гэрчилгээ гаргуулж авсан, 100.000.000 төгрөгийг Амаржаргалд өгсөн, миний үйлдэл хээл хахууль биш зуучилсан юм…” /4хх-68-72/, яллагдагч А.Булганы “…Би Мөнхбаатарт 34 иргэний үнэмлэхийн хуулбар олж өгсөн бөгөөд урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж Лин Шуйлинд хэлсэн. Лин Шуйлин урд талын хөрөнгө оруулагч нартайгаа холбогдоод мөнгө бэлдэхээр болсон. Сүүлийн газрын гэрчилгээний зөвшөөрлийг С.Чулуунцэцэг хөөцөлдөхөөр болоод Лин Шуйлин хүмүүсийн иргэний үнэмлэхийн хуулбарыг олоод өгөөч гэсэн. Би Чулуунцэцэг эгчид 22-23 хүний иргэний үнэмлэхийн хуулбар өгсөн. Лин Шуйлин “өөрийн найз нөхдийн мөнгийг Мөнхбаатарт өгсөн асуудлаас болж би Монгол улсад ямар нэгэн хөрөнгө оруулалт, төлөвлөсөн ажпуудаа хийх боломжгүй болчихлоо. Чи өгсөн гээд хэлээд өгчих гээд намайг гуйгаад байсан болохоор би газрын гэрчилгээ авахын тулд Мөнхбаатарт өгсөн мөнгийг би өгсөн гээд хэлчихсэн юм. 100.000.000 төгрөгийг хоёр хуваагаад Мөнхбаатарт авч ирж өгсөн. Би тэр үед орчуулагчийг нь хийгээд явж байсан юм. Өмнө нь 44 иргэний нэр дээр авсан газрын хажуу талд нэмж иргэдийн нэр дээр газар авахаар болоод энэ асуудлыг Чулуунцэцэг хөөцөлдөхөөр болсон юм. Хэрхэн, яаж газрын гэрчилгээ гаргуулж авсныг мэдэхгүй. …” /2хх-90-93/,
яллагдагч Б.Амаржаргалын “…Мөнхбаатартай би 2014 оны 4 дүгээр сарын сүүлчээр ажлын гадаа тааралдахад “Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн нэр дээр газар авахаар хууль журмын дагуу газрын албанд материалаа өгсөн. Та газрын албаны дарга Батсүхэд нэг хэлээд өгөөрэй гэж байсан, … ингээд Батсүх дарга руу сүүлд буюу түүнээс хойш 20 орчим хоногийн дараа утсаар ярьж “Г.Мөнхбаатар гэж хүнд туслаад өгөөрэй, манай байгууллагаар өргөдөл гомдол гаргаад олон жил явж байгаа хүн шүү” гэж тайлбарлан нэг удаа хэлж өгсөн. Газар нь Баянзүрх дүүргийн Их цуурайтын ам нэртэй газарт гарсан гэж Мөнхбаатартай тааралдаж сонсож мэдсэн, тэрнээс Мөнхбаатараас мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. …” /4хх-106-107/,
гэрч Г.Мөнхцэцэгийн “…манай албаны дарга Батсүх мэргэжилтэн О.Батчимэгийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар газар эзэмшүүлсэн 43 иргэний 31 иргэнтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээг нь бичээд өг гэсэн байсан. Батчимэг тухай үед байхгүй намайг бичээд өгчих гэхээр нь Батчимэгийн шкафнаас материалуудыг аваад гэрчилгээ бичиж өгөөд гарын үсэг зураад Батсүх даргад материалуудыг үлдээгээд явсан. Хүсэлт гаргасан нэг ч иргэнтэй уулзаагүй зөвхөн гэрээ, гэрчилгээг бичээд албаны даргад өгсөн, тухайн үед гэрчилгээний үнэ тушаагдаагүй байсан. …” /2хх-13-14/ гэх мэдүүлгүүдээр болон бусад баримтуудаар нотлогдсон байдаг.
Тиймээс иргэн та өөрийн иргэний үнэмлэхийг байнга биедээ авч явж, бусдад шилжүүлэхгүй байхыг анхаарна уу. Эс бөгөөс хэн нэгэн таны иргэний үнэмлэхээр ийнхүү гэмт хэрэг үйлдэж бусдад давуу байдал олгож байгааг анхаарна уу!!!
URL: