Хамгийн сүүлчийн авлигач оймсоо тайлахад…
Хамгийн сүүлчийн олигарх ордноос явахад
Хамгийн сүүлчийн луйварчин төрөөс зайлахад
Хамгийн сүүлчийн хуйвалдагч хэргээ хүлээхэд
Хамгийн сүүлчийн авлигач оймсоо тайлахад
Монгол төр жолоо юугаа талбиж
Монгол түмний сэтгэлд оч асна
Хамгийн сүүлчийн биеэ үнэлэгч сэтгүүлзүйгээс арчигдахад
Хамгийн сүүлчийн долоогч төрийн албанаас хөөгдөхөд
Хамгийн сүүлчийн хөлсний жагсагч гэртээ өнжихөд
Хамгийн сүүлчийн сандлын наймаачин ажлаа өгөхөд
Монгол төр суудал юугаа засч
Монгол түмний зүрхэнд гэрэл асна
Хамгийн адгийн шуналтан нүгэлдээ бүдрэхэд
Хамгийн адгийн ховдог харийнхны хоолонд хахахад
Хамгийн адгийн худалч хэлсэндээ бүдрэхэд
Хамгийн адгийн хулгайч хумсалснаа буцаахад
Монгол төр ташуур юугаа өргөж
Монгол түмний итгэлд гал асна
Хамгийн анхны баян ба ядуу нүцгэн учрахад
Хамгийн анхны хаан ба харц номын санд уулзахад
Хамгийн анхны шүүгч хараа хяналтгүй алхаа цохиход
Хамгийн анхны хувьдаа бизнесгүй ерөнхийлөгч сонгогдоход
Монгол төр цулбуур юугаа чангалж
Монгол түмний нуруу амсхийнэ.
Хамгийн эхний хүрз нүүрс харууслын нулимсгүй ачигдахад
Хамгийн эхний тендэр бохир будлиангүй хуваарилагдахад
Хамгийн эхний улстөрч гэмээ хүлээн огцроход
Хамгийн эхний яам хүн-бохироо цэвэрлэхэд
Монгол төр сүлд юугаа өргөж
Монгол түмэн төр юугаа дээдэлнэ
Хамгийн анхны сум боловсон жорлонтой болоход
Хамгийн анхны аймаг даргаа зодоонгүй сонгоход
Хамгийн анхны хөрөнгө оруулагч шударга гэрээ үзэглэхэд
Хамгийн анхны сайд ах дүүсээ албанаас чөлөөлөхөд
Монгол төр эмээл юугаа сойж
Монгол түмэн эгэм юугаа амраана.
Хамгийн сүүлчийн жаран тэрбумтан суудал уруудахад
Хамгийн сүүлчийн жалганы үзэл өр нухахаа болиход
Хамгийн сүүлчийн бандаашгүй гишүүн амбицаа татахад
Хамгийн сүүлчийн ёс зүйгүй үеийнхэн тэтгэвэртээ гарахад
Монгол төр тэргүүнээ өргөж
Монгол түмний оюун амсхийнэ.
Р.ЭМҮЖИН.2019.08.15.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Гоё яг үнэн. хурдлуулмаар байна. болохгүй бол хүйс тэмтэрчээсээ дээрх луйварчдыг бүгдийг бурхан минь