Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд орхон голыг онилж байна-2

olloo_mn_1565915075_orhon2Монголын хамгийн урт, үзэсгэлэнт баян бүрд болсон Орхон гол алтны компаниудаас болж аюулын ирмэгт ирээд байна. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Орхон голыг тэжээдэг амин судлууд болох есөн гол урсдаг. Гэвч уул уурхайн нөлөөгөөр Орхоныг тэжээдэг есөн голын тав нь буюу Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн гол ширгэж алга болсныг бид өмнөх дугаартаа хөндсөн.

Малчдын гол бэлчээр, отрын бүс нутаг байсан Орхоны хөндийн салаа, судаг бүр нь уул уурхайд идэгдэж эргэн тойрны 1000 га газарт хөл тавих аргагүй болсныг бид газар дээрээс нь сурвалжлан хүргэж байгаа юм. Үржил шимт хангай нутгийн баялгийг хэрхэн цөлмөж, хүн ардыг нь гишгэх газаргүй, малыг  нь идэх өвсгүй болгож буйн эмгэнэлт жишээ Орхоны хөндийд давтагдаж байна. Уул уурхайн компаниуд газрын хэвлийг сэндийчиж баян хангайн баялгийг нь авахдаа зэрлэг шигүү ой мод, өвс, ургамал, булаг шандыг нь дахин сэргэхгүйгээр устгаж байна. Голын гольдролыг өөрчлөн ширгээж, газрын гүнд нь ортол өрөмдөхдөө нэг ч удаа хууль журмынх нь дагуу нөхөн сэргээлт хийж эргээд эдгэрэх орон зай үлдээгүйг малчид халаглан ярьж байлаа. Аймаг, нийслэлээс дарга нар очихоор эвдэгдсэн газрын эхний хэдэн шороог үзүүлээд буцаадаг байна. Гэтэл гүн рүү нь орвол 6-7 жилийн өмнө ухсан газар дахин сэргэх боломжгүй болон үлджээ. Том ангал үүсгэсэн нүх рүү мал унах энүүхэнд. Хүн унаж амиа алдсан тохиолдол ч цөөнгүй гарсан гэнэ.
Баялгийг нь сэгсэрчихээд нөхөн сэргээлгүй зугтчихдаг алтны компаниудад хяналт тавьдаг, хариуцлага тооцдог хүн нэг ч алга. Аймаг, сумын удирдлагууд арга хэмжээ авах нь битгий хэл иргэдтэй уулздаггүйгээс газар орон нь сүйрч дуусч байгааг учирласан малчид цөөнгүй жагсч тэмцсэн ч цөхөрчихөөд байгаа юм байна. Малын бэлчээр нутгийг бүхлээр нь хашаалж авсан алтны компаниуд 30 км газрыг өмчилж цэг босгосон байна. Нутгийн иргэд өсч төрсөн газартаа чөлөөтэй ч буух, суух эрхгүй болсныг саарал ордон руу манай сониноор дамжуулан дайсан юм.
Багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нар нь иргэдтэй нэгдээд жагсч тэмцдэг ч алтны компаниудыг лацдаж ломбодох нь битгий хэл шаардлага ч тавих эрхгүй гэнэ. Байгаль хамгаалагч сарын 300 мянган төгрөгийн цалинтай. Хятад мотоциклиор 30 км газрыг 2-3 хоногт тойрдог. Шатахуун, хувцас хэрэглэлийн хангалт байхгүй. Дээр нь модны хулгайтай тэмцэнэ гээд ажиллах боломж хомс байдаг бололтой. Компаниудын алтаа угаадаг далан байсхийгээд сэтэрч  Орхон гол руу шар ус цутгадаг ч компаниуд шаардлага хүлээж авдаггүй аж.
Үүнээс болж Орхон гол улаанаараа эргэлддэг, цаашид энэ хэвээр үргэлжилбэл эх суурь болж тэжээдэг таван голыг нь ширгээчихээд байгаа алтны компаниудын шуналд Орхон гол амь тавих нь ээ.  Биднийг нутгийн иргэдтэй уулзах үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд байгаль дэлхийгээ хамгаалах нь битгий хэл хуруу хөдөлгөх хүсэл сонирхолгүйг хэлж байсан юм.
Орхон багийн малчин Ц.Болд: Аймгийн дарга 2016 оноос хойш нэг ч удаа ирээгүй
-Компаниуд алтаа шууд голд угаадаг байсан. Саяхнаас далан байгуулсан ч бороо орох бүрт сэтэрч Орхон гол руу цутгадаг. 1999 оноос хойш ухахдаа нөхөн сэргээлт хийсэн компани бараг байхгүй. Жижиг компаниуд ямар ч бүртгэлгүй, ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй атлаа үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнтэй нөхөн сэргээлтийн талаар яриад ч хэрэггүй. Эрүүл газарт, айлын өвөлжөөнөөс 2-3 км зайд олборлолт хийж байна. Архангайн мэргэжлийн хяналтын газрынхан удаа дараа ирж шалгалт хийдэг ч үйл ажиллагааг нь зогсоодоггүй. Саяхан гэхэд манай тойргоос сонгогдсон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг алт олборлогчидтой уулзчихаад ямар ч арга хэмжээ аваагүй. “Өлзий тээл” компанийнхан багийн иргэдэд дэмжлэг үзүүлнэ, мотор тавьж өгнө, нөхөн сэргээлт хийнэ гэж хэлээд өнгөрсөн хавар биднээр гарын үсэг зуруулсан юм. Гэтэл өнөөх нь алтны компаниуд эвдрэлгүй газарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зөвшөөрсөн гарын үсэг болж хувирсан. Иргэдийг ингэж хууран мэхэлж байна. Малчид буух буудалгүй, уух усгүй л болж хоцорлоо. Аймгийн байгаль орчин хариуцсан газрын даргаМөнхбаярт удаа дараа шаардлага тавьсан ч юу ч хийсэнгүй. Малчид буух нутаггүй болсонд Цэнхэр сум, Архангай аймгийн удирдлагууд буруутай. Цэнхэр сумын удирлагууд “Аймгаас бүх зөвшөөрлийг нь олгож байна. Бид юу ч хийж чадахгүй” гэдэг.  Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 2016 оноос хойш нэг ч удаа энд ирээгүй. Сумын Засаг даргын тусгай дансанд 100 сая төгрөг байсан ч аймгийн Засаг дарга өөр дансанд байрлуулахаар авсан гэнэ лээ” хэмээв.
Цэнхэр сумын байгаль хамгаалагч З.Отгонбаяр: Алтны компаниуд шаардлага хүлээж авдаггүй
– Уул уурхайн далан шуудуу сэтэрч шар ус алдахаар шаардлага тавьдаг ч компаниуд хүлээж авдаггүй. 2-3 хоногтоо нэг удаа тойрдог. Эвдэгдсэн гурван хөндийн эвдэгдсэн газрыг тойроход 30 гаруй км болдог. Нөхөн сэргээлт хийх шаардлага тавихаар жижиг компаниуд нь толгой компанидаа мөнгө төлсөн гэдэг. Толгой компани хүлээж авдаггүй, удирдлагатай нь уулзаж чаддаггүй. Компаниуд нөхөн сэргээхгүй хаяж явсан нүхэнд мал, хүн унах тохиолдол хэд хэд гарсан. 2017 онд хоёр хүн нууранд унаж нас барсан. Заримдаа аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирж уурхайнуудын бичиг баримтыг шалгадаг юм билээ. Байгаль хамгаалагчийн хувьд шалгах нь битгий хэл шаардлага ч өгөх эрх бараг алга. Шаардлага тавилаа ч биелүүлэхдээ хойрго. Уул уурхайн компаниуд харьцах үнэхээр хүндрэлтэй. Заримдаа аргаа бараад аймаг, сум руу хэлэхээс хэтрэхгүй.
Ч.Бармид: Багийн даргад уул уурхайтай тэмцэх эрх мэдэл алга
Орхон багийн Засаг дарга Ч.Бармидтай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.
-Голуудын урсгал татарч нарийхан болжээ. Жилд хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх хэмжилт судалгаа хийдэг үү? 
-Манай нутагт Орхон голыг тэжээдэг есөн гол бий. Тав нь уул уурхайд идэгдэж байхгүй болсон. Урсч байгаа нь улаанаараа эргэлдэж байна. Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн голын гольдролыг нь өөрчилж ухаж хаяад шуудуу татаад урсгачихсан.  Өнгөрсөн жил Байгаль орчны газраас хүмүүс ирж Сав газрын хэмжилт хийсэн ч шуудуу татаж урсгаснаар нь хэмжиж аваад явсан. Уг нь голын гольдролоос хоёр тийшээ 50 метрт ухаж хөндөж болохгүй гэсэн заалттай. Гэтэл модных нь хаяагаар шуудуу татаж урсгачихаад хоёр тал руу нь хэмжчихсэн. Саяхан Будантад очиж  хэмжиж үзэхэд мөн л шуудуу татаад урсгачихсан байна лээ. Мөн л шуудуунаас хоёр тийш 50 метрийг хэмжчихсэн. Хэрэв  гол урсах ёстой хуучин гольдролоор нь хэмжсэн бол зарим хэсэг нь ухагдахгүй үлдэх боломжтой.
“Монгол газар” компани нөхөн сэргээлт хийх нэрийдлээр жижиг компаниудтай гэрээ хийгээд хоёр, гурван га-гаар нь зарчихдаг. Өөрөөр хэлбэл, газрын наймаа хийдэг. Мөн бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй  жижиг компаниуд хулгайгаар ажиллачихаад нөхөн сэргээлт хийхгүй хаяад явчихдаг. Ухчихаад хаяад явчихсан.
Ухаад нөхөн сэргээлт хийхгүй хаяснаас дахин ашиглах боломжгүй болсон газар их бий. Өнөөдрийн байдлаар албан ёсны зөвшөөрөл нь гарсан гурван компани байна. Үүнээс гадна аймаг сумтай гэрээ хийгээд бичил уурхай хэлбэрээр ажиллаж байгаа хоёр компани байдаг. Зөвшөөрөлгүй жижиг компани олон бий.
-Та өнгөрсөн хугацаанд уул уурхайтай хэрхэн тэмцэж байв. Ер нь Багийн  даргад уул уурхайн компаниудтай тэмцэх эрх мэдэл хэр байдаг вэ?
-Уул уурхайтай тэмцэнэ гэдэг маш хэцүү. Миний хувьд 2013 оноос тэмцэж байна. Бид үнэхээр хүчин мөхөсддөг. Уурхайнууд 4-5 жилийн өмнөөс эрчимтэй ухаж эхэлсэн. Уурхай дээр очоод лацдах эрх бидэнд байхгүй. Байгаль хамгаалагчид ч тийм эрх байхгүйгээс өөрсдийнхөө хэмжээнд л тэмцэж байна. Тэр тусмаа багийн даргын хувьд уул уурхайтай тэмцэх эрх мэдэл алга. Багийн дарга гэдэг нэрээрээ л санал хүсэлт, зөвлөмж өгөхөөс хэтрэхгүй. Дээд шатны байгууллагуудад янз бүрийн бичиг цаас өгнө, бодит байдлыг мэдээлнэ. Бас нэг арга хэлбэр нь нутгийн иргэдийг цуглуулж эсэргүүцлээ илэрхийлдэг. Нутгийн иргэд 4-5 хоног тэмцэж байгаад сүүлдээ цөхрөөд явчихдаг. 2014 оноос хойш олон ч удаа жагсч тэмцсэн. Дээд шатны байгууллага болон компаниуд тоосонгүй.   Зөвшөөрөлгүй компаниудын талаар холбогдох газруудад мэдээлээд ч хариу ирэхгүй. Тэгж байтал бичиг баримт нь бүрдээд зөвшөөрөл нь гарчихдаг.
-Эндхийн хүн, мал усаа хаанаас уудаг юм бэ. Уурхайн шар уснаас лав уудаггүй байх? 
-Малчид ундны усаа зун нь машинаар зөөдөг. Өвөл нь их голоос мөс ачиж авчирдаг. Мал бол алтны компаниудын урсгаж байгаа шар уснаас л уудаг. Өдийд мал маань Орхоны хөндийд бэлчээрлээд явж байх ёстой. Гэтэл гол хөндийг нь ухчихсан учраас хаа хол нуруунд очиж өвс олж идэж байна. Өвөл, хавар идэх өвс байхгүй. Зуны дэлгэр цагт өвөл, хаврынхаа  бэлчээрийг идчихээд байна гэсэн үг. Энэ хавиар нутагладаг байсан малчид дайжиж уурхайгүй хэсэг рүү бөөгнөрсөн. Олон малчин нэг дор бууснаас бэлчээрийн даац хэтэрч, өвс хомсдож байна.
Мал уул уурхайн олборлолтоос үүдэлтэй шар ус ууснаар тарга хүч муу авахаас эхлээд дам нөлөө их бий. Хар ухаанаар бодоход л ямар байх билээ.
-Компаниуд алт угаасан ус Орхон гол руу цутгадаггүй л гэх юм билээ?
-Уул уурхайгаас гарч байгаа шар ус Орхон голын ай сав руу шууд цутгадаг гэж хэлж болно.
-Та багийн дарга болоод долоон жил болж байна гэсэн. Таны бодлоор уул уурхайн компаниудыг хэрхэн цэгцэлж, байгаль орчноо хамгаалах саналтай байна вэ?
-Хамгийн гол нь уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийх хэрэгтэй. Одоо ганц нэг компани нөхөн сэргээлт хийж байгаа ч газрын хэмжээ хангалтгүй. Уг нь БОАЖЯ-нд өгдөг уулын ажлын төлөвлөгөөндөө жилд нөхөн сэргээх газрынхаа хэмжээг батлуулдаг юм билээ. Тэр нөхөн сэргээх газрынхаа хэмжээг их бага оруулдгаас бараг хийгддэггүй. Жишээлбэл, 300 га талбайд олборлолт явуулж байгаа компани жилд 3-4 га газар нөхөн сэргээхээр зааж өгдөг. Мөн нөхөн сэргээлт хийж байгаа эсэхийг хянадаг газар ч алга. Хууль журмынх нь дагуу нөхөн сэргээлт хийлгэхээс гадна нэмж эрүүл газар ухуулмааргүй байна. Олборлолт жилээс жилд тэлж байна.
-Алтны компаниуд сум орон нутагтай хэрхэн хамтарч ажиллаж, ямар хураамж төлдөг вэ?
-Би сумын хурлын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байна. Сум бол алтны компаниудаас хог хаягдлын хураамж л авдаг. Жилд нэг уурхайгаас 1.2 сая төгрөг суманд төвлөрдөг. Өнгөрсөн жил 30 гаруй сая төгрөг төвлөрсөн байсан. Өөр хураамж авдаггүй. Харин хамтран ажиллах гэрээг аймагтай хийдэг.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих