Н.Алтанхуяг: Саяны хоёр хоногт танайх ямар аймар сандардаг юм бэ

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Сангийн сайдад нэр дэвшигч Д.Хаянхярвааг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Л.Гүндалай: Манай нам фракциараа сайд нараа гаргасан нь үнэн. Гэхдээ танай нам сайд нараа ингэж оруулж ирсэн гэдгийг та хараагүй бололтой.

С.Батболд: Би бүрэн эрхээ эдэлмээр байна. Надад хүмүүс их заах юм. Та хүртэл заагаад байх юм. Хамгийн том төсвийг шагшин батлаж байгаад батлуулсан хүнийг Сангийн сайдаар тавьсан. Энэ хүнд итгэхгүй юм бол би УИХ-даа итгэхгүй байх хэрэг гарч байна. Эрүүл мэндийн салбартаа хүлээн зөвшөөгдсөн хүнээр Эрүүл мэндийн сайдаар ажиллуулъя гэлээ. Асрагчаас нь эхлээд ажилласан хүнийг оруулж ирсэн. Би өөрийнхөө сонголтоор оруулж ирж байна гэдгийг эрхэм журмын нөхөд маань ойлгож байгаа.

Л.Гүндалай: Таныг олонхиороо хүч түрээд сайд болгох байх. Очоод юу хийх гэж байгаа талаараа яриад өгөөч. Энэ яамны ямар ажилд анхаарал хандуулах ёстой гэж бодож байна.

Д.Хаянхярваа: Дөрвөн сарын хугацаанд учиргүй шинэ зүйлс хийгээд явна гэж худлаа хэлэхгүй.  2012 оны батлагдсан төсвөө хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг дээр анхаарал хандуулна. Аж үйлдвэрийн паркаас эхлээд олон томоохон төслүүдийг бид олон жил ярьсан. Үүн дээр олигтой ажлууд хийгдээгүй. Хэдийгээр инфляци гэдэг зүйл Монголбанктай шууд холбоотой гэдэг боловч бид үүнийг хязгаарлахын тулд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.

С.Ламбаа: Концессын гэрээнүүдийг бид нэг ч удаа ашиглаж чадахгүй байна. Энэ Засгийн газар дараагийн Засгийн газрын асуудлаа шийдэж байгаа юм шиг болоод ерөөсөө асуудлууд шийдэгддэггүй. С.Баярцогт сайдын санаачилсан Засгийн газрын шийдсэн асуудлыг дараагийн Засгийн газар нь шийддэг байх үүрэг хүлээдэг хууль бий. Тухайлбал, 30 мянган хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэн 60 сая ам.долларын үнэтэй. Үүнийг шийдэх гэхээр дараагийн Засгийн газар шийдэх болоод байгаа юм. Энэ томоохон бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэх Концессын гэрээн дээр та анхаарал хандуулаарай.

Н.Алтанхуяг: Адуу үргэхээр илжиг дуурайж үргэнэ гэдэг. Үүний ижилээр сүүлийн хоёр өдөр юу болоод байгаа юм. Ардчилсан нам сайд нарын асуудлыг томилох асуудал дээр саад тотгор үүсгэхгүй. Энэ нь хэнийг ч оруулж ирсэн нэг ч үг хэлэхгүй коноп дарна гэж хэлээгүй. Энэ томилгооны асуудлыг бид маш богино хугацаанд оруулж шийдвэрлэж байна. Манай нам энэ асуудлыг хөндөхөд намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг оруулж ирнэ гэж яаж санах билээ. Засгийн газраа сонгуулийн штаб болгохоо дөхлөө. Мөн МАН-ынхан төрийн албан тушаалыг улс төртэй холилдуулахаа болих хэрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг тендер, албан тушаал томилдог авлига, хээл хахуулийн сүлжээ. Ийм хүмүүсээ болиулах юм болов уу гэж би хоёр хоног харлаа.  Би АН-ын даргын хувьд зөв юмыг чинь хоёр гараа өргөөд дэмжинэ. Буруу юм хэлбэл нүд хурц, чих гайгүй сонсоно шүү. Саяны хоёр хоногт ямар их сандардаг юм бэ, та нар. Захиалгат нэвтрүүлэг хийлгээд цацуулах юм. Хүмүүс их дургүйцэж байна. Танай нам таван сайд дэвшүүллээ. Үүнийг чинь АН яагаад яриж болохгүй юм бэ. Балиар юм яридагаа бол. Чоно борооноор гэгчээр Ө.Энхтүвшин дарга УИХ-ын АН-ын бүлгээс болж хамаг ажил гацлаа гэж ярьдагаа бол. Хоёр өдөр бүтэн гуйвуулж, завхаруулдаг байна шүү дээ. Үүнийгээ боль.

С.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих