Засгийн газарт нэг тэрбумтан, гурван өртөн шургах нь
МАН-аас дангаар байгуулах Засгийн газартаа ажиллуулахаар зургаан хүнийг санал болгосон.
Гэвч Ерөнхийлөгч, АН-ын бүлэг хамтарч байгаа Тэргүүн шадар сайдад нэр дэвшсэн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг жагсаалаас гаргаж дөнгөлөө. Үлдсэн таван сайдын гурвыг нь УИХ-ын гишүүн Засгийн газарт давхар алба хашихгүй гэсэн шалтгаанаар мөн л жагсаалаас гарах гээд дийлээгүй байгаа.
Ерөнхий сайд Тэргүүн шадар сайдын албан тушаалыг цомхотгохоос өөрөөр ямар нэг буулт хийх зүйл байхгүй гэсэн байр сууриа тойруу бөгөөд тодорхой илэрхийлсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийнгазрын бүтэц, сайд нарын асуудлыг хэлэлцэнэ.
Энэ тухай үйл явдлыг хүүрнэхээс илүүтэй Засгийн газарт орж ирэхээр зүтгэж байгаа таван хүний хэтэвчийг жаахан тэмтэрлээ. Дашрамд сонирхуулахад Засгийн газрын бүрэлдэхүүн тэрбумтантай болж байна.
Тэр нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Тэгэхээр батлан хамгаалах яам тэрбумтан сайтай болох гэж байгаа болж таарлаа. Тэрээр дансандаа нэг тэрбум 820 сая төгрөгийн хадгаламжтай төдийгүй “Газар” ХХК-ийн 100 хувь, “Газар сүлжмэл” ХК-иас 66.8 хувь, “Газар партнер” банк бус санхүүгийн байгууллагын 80 хувийг эзэмшдэг. Эдгээр компаниас нийтдээ нэг тэрбум 769 сая 746 мянга 700 төгрөгийн үнэ бүхий 43 мянга 742 ширхэг хувьцаа эзэмшдэг аж.
Хөрөнгөлөг хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харахаар мөнгөний хор нь арилсан болов уу гэж найдаж байна. Харин Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байгаа Н.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар, Сангийн сайдад нэр дэвшигч Д.Хаянхярваа нар хувь хүн болоод бахинд өр зээлтэй юм байна.
Данс, хэтэвчиндээ чамгүй хөрөнгөтэй ч зээл тавьжээ. Нэр дурдагдалгүй үлдсэн Ц.Дашдоржийн хувьд хэн ч өргүй, хэнээс ч авлагагүй, бүр зүрхээ болгож яваа гэмээр хөрөнгө орлогын мэдүүлэгтэй юм байна.
Б.Тэнгис times.mn
URL: