У.Хүрэлсүх: “Сауд гоби коэл транс”-ийн лицензийг өнөөдөр цуцал, техник хэрэгслийг журамла

5358

Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулжбуйтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж шуурхай хуралдаан хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны сайдад Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг өнөөдөр цуцлах үүрэг өглөө.

Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав
Мөн энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол сайд нар төдийгүй Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, албан тушаалтнуудыг ажлаа өгөхийг сануулсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Тост, Тосон бумбад уул уурхай явуулах зөвшөөрлийг хууль бусаар олгосон. Өмнөговь аймгийн иргэд төрөөс юу ч гуйгаагүй, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэхийн төлөө нутгийн иргэд уйлаад ярьж байна.
Ард түмэн газраа ухуулахгүй гээд байхад яагаад уурхай ажиллаад байна вэ. Энэ бол анхнаасаа хууль зөрчиж олгогдсон зөвшөөрөл гэж би ойлгож байгаа. Ерөнхий сайд энэ асуудлаар 2-3 удаа даалгавар өгсөн. Энэ уурхайтай холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй би хэд хэдэн удаа уулзаж, анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орны газар шороо бохирдуулаад, хувьдаа ашиг хонжоо олохын төлөө УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй гэж би бодож байна.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй би хэд хэдэн удаа уулзаж, анхааруулж хэлсэн.
Байгаль орчны сайд өнөөдөр Ашигт малтмалын газартай Тост, Тосон бумбад ашигт малтмал олборлож буй газрын лицензийг цуцал, үүрэг өглөө шүү. Машин, техникийг нь журамла. Цагдаагийн дарга газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа асуудлаар Тагнуулын ерөнхий газрын дарга хэрэг үүсгэж шалга. Хууль бусаар олборлолт хийсэн “Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэ. Хэрэв энэ ажлыг хийж чадахгүй бол сайд нар, албан тушаалтнууд ажлаа өг.
Өвлийн тэсгим хасах 30, 40 градусын хүйтэнд 30 мянган хүн Сүхбаатарын талбайд жагссаныг битгий мартаарай. Энэ хүмүүс Монгол Улсад шударга ёс тогтоож өгөхийг хүсэж жагссан. Ард түмний хүсэлт, итгэл найдварыг бид нар хуулийн хүрээнд хариулах үүрэгтэй. Тиймээс хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоо. Түүнээс гадна өнөө маргаашгүй газар ухах гээд бэлдэж байгаа 2-3 компани байна. Эдгээрийн лицензийг ч мөн цуцал. Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав.
Одоо ашиглаж байгаа уурхайгаа ашигла, энэ асуудлыг журамла, Д.Сумъяабазар сайд аа
Монголын хууль хяналтын байгууллага шударгаар ажиллана гэж итгэж байна. Монголын шүүх шударгаар ажиллана гэдэгт ч итгэж байна. Одоо ашиглаж байгаа уул уурхайгаа л ашигла. Илүү газар битгий уул уурхайн ажил явуулаад бай. Үүнийг таслан зогсоо.
Таван толгой, Оюу толгойгоо ашигла. Одоо ашиглаж байгаа уурхайгаа ашигла, энэ асуудлыг журамла, Д.Сумъяабазар сайд аа. Та бол төрийн далбааг бусдын нутагт мандуулж байсан хүн. Эх орон гэж юу байдгийг биднээс илүү мэднэ. Эх орон газар нутаг дээр тогтож байна. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, экосистемийг ямар ч хүн хөндөж болохгүй, ямар ч хууль үүний өмнө бөхийх ёстой. Ийм үүрэг даалгавар өгье. Ажилдаа орцгоо” хэмээн үүрэгдэв…


URL:

Сэтгэгдэл бичих