Үндсэн хуулийг өнгөцхөн өөрчлөх үү?

712-15652206238-8-11992 онд батлагдсан Үндсэн хуулиас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн, алдаа оноо нь юу байв.  Одоо хэлэлцэж буй эрх баригч намын 62 гишүүний санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийг өөрчлөх санал,  МАХН-аас боловсруулсан  Шинэ дээд Үндсэн хуулийн үзэл санаа гэсэн асуудлуудыг энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлэг онцолжээ.

“ТВ-9” телевизийн зохион байгуулсан хэлэлцүүлэгт Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном, Ардын Их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, эрдэмтэн зохиолч Л.Дашням, “ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга, хуульч П.Баттөр,  МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр нар оролцлоо.  Хэлэлцүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Ард түмэн засгийн эрхээ улс төрийн намуудад алдсан”
Хуульч П.Баттөр:
-Аливаа улсын  Үндсэн хууль нь тухайн нийгмийн хүрч болох төвшинг тодорхойлдог.  Тухайлбал, 1924 онд батлагдсан Үндсэн хууль нь Бүгд Найрамдах улс болсныг зарлан тунхаглаж байлаа.  Хамжлагат  ёсыг халахад чиглэгдсэн гэсэн үг.  Харин 1940 оны  Үндсэн хууль нийгмийн хэм хэмжээг тогтооход чиглэсэн бол 1960 оных социалист системийн улс болоход түлхэц өгсөн.   Харин 1992 онд батлагдсан  Үндсэн хуулийн гол зорилго нь хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг бүтээхэд чиглэгдсэн байдаг.  Гэтэл одоо нийгэм маань ямар байгаа тухай бүгдээрээ  ярилцъя.
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном:
-Одоогийн Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жил өнгөрлөө.  Энэ хугацаанд Монгол Улс хөгжиж шинэ улс болсон гэж хэлж болно. Нийгэм маань ч хөгжсөн.  Үүнийг ганцхан үгээр илэрхийлбэл нэг хүнд ногдох ДНБ тухайн үед 400 гаруй ам.доллар байсан.  Харин одоо 4000 орчим ам.доллар болж нэмэгдсэн байна. 10 дахин өссөн гэсэн үг.  Гэхдээ бүх иргэд сэтгэл хангалуун байна уу гэвэл мэдээж үгүй.  Энэ 27 жилд  иргэдээ ядуурлаас гаргаж чадсангүй.  2018 онд иргэдийн 28 хувь нь ядуу амьдарч байна судалгаа гарсан байна.  Уг нь ардчилсан хувьсгал хийсний гол зорилго нь иргэдээ ядуурлаас гаргах, баян чинээлэг, хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэх байсан. Үүнийг л шийдэж чадаагүй.  Уг нь  байгалийн баялаг, чадварлаг боловсролтой иргэд ч байна. Гэтэл бид бололцоогоо ашиглаж чадахгүй байна.  Манай төрийн тогтолцоо, төрийн үйл ажиллагаа, хангалттай биш. Энэ л гол шалтгаан. Үндсэн хуульд нэг чухал заалт бий.
Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гээд заачихсан байдаг.  Гэтэл Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд биш, улс төрийн намын мэдэлд очсон. Иргэд сэтгэл хангалуун амьдарч чадахгүй байгаад  төрийн эрхийг барьж байгаа улс төрийн намууд буруутай.  Төрийнхөө тогтолцоог өөрчилмөөр байна.
Ардын их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав:
-1992 оны Үндсэн хуулийг гадаад дотоодын Үндсэн хууль судлаачид муугүй,  сайн хууль болсон гэж үнэлдэг. Гэхдээ би магтаж ярихгүй. Нэгэнт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэрээ гаргасан учраас яагаад Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий болов гэдгийг харах нь зүйтэй. 1991 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Тэр нэмэлт өөрчлөлтөөр төр нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол МАХН мөн гэсэн заалтаас татгалзсан.  Үүнээс үүдэн 1992 оны Үндсэн хуулийг боловсруулан, хэлэлцэж баталсан.  Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Үндсэн хууль гэхээс  илүү органик хуулиуд дээр маш их зөрчил дутагдал гарсан. УИХ-аас энэ хугацаанд 640 гаруй салбар хууль гаргасан. Тэр хуулиудын нэлээдгүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байдаг.  Мөн засаглалын эрх мэдлийг хуваарилах тал дээр төрийн эрх мэдэлтнүүд өөрташигтай байдлаар хууль гаргасан. Би Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэдэгт санал нэг байна. Д.Содном гуай ч хэллээ.
Засгийн бүр эрх мэдэл ард түмний мэдэлд байх ёстой. Энэ эрх мэдлээ улс төрийн намуудад алдсан. Байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх ёстой. Гэтэл үүнийгээ гадаад дотоодын баячууд, олигархуудад алдсан. 27 жилийн хугацаанд шударга ёс, эрх тэгш байдал ор мөргүй алга болсон.  Тиймээс улс төрд бугшсан гэмт хэрэгтэн, ёс суртахуунгүй хүмүүсээс салахын тулд тогтолцоогоор нь өөрчлөх хэрэгтэй.
Эрдэмтэн, зохиолч Л.Дашням:
-Үндсэн хууль үүргээ биелүүлж чадсан уу гэдэгт хариулах  хэцүү л дээ. Яагаад гэхээр Үндсэн хуулиа бид хэрэгжүүлээгүй болохоор тэр.   Манай улсын нийгэм эдийн засгийн амьдралд өөрчлөлт орсон хэдий ч ард түмэн сэтгэл хангалуун бус бухимдалтай байна. Учир нь Үндсэн хуульд заасан заалтууд, зорьсон зорилтууд биелэгдсэнгүй.  Үндсэн хуулийн үндсэн чиг баримтлалыг  өнөөдөр бид хаячихсан. Ардчилсан үндсэн хууль нь төрийн эрх мэдлийг намуудад биш ард түмэнд өгөх зорилготой байв.  Гэтэл намууд үүнийг зөрчиж эрх мэдлээ авсан.  Авилга, ард иргэдийн талцал, төрийн эрх булаацалдах, улсын баялгийг хэсэг бүлэг хүмүүс л хувьдаа завших зэрэг олон асуудал байна. Өдгөө Монголын төр эх орондоо эзэн болж чадахгүйд хүрлээ.  Нэгэнт л болохгүй байгаа учир эдгээр асуудал нь  Үндсэн хуультай ямар холбоотой байна, яаж засч сайжруулж болох вэ гэдгийг одоо ярих нь зүйтэй.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр:
-Та бүхэн бол 1992 оны Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон.  Том үйл хэрэг бүтээсэн. Нийгмийг нэг тогтолцооноос нөгөө тийш шилжих шилжилтийг хийх гэж 70 гаруй хоног хэлэлцэж, мэтгэлцэж байж баталсан.  Сайны хажуугаар саар гэгчээр зарим алдаа дутагдал харагдаж байна.   Тэр үед тогтолцоогоо яаж явах вэ гэдгээ онолын дагуу авч үзэх ёстой байв.  Олон санал уралдсан учраас онол нь гээгдсэн.  Сайхан зорилго тавьсан ч дотроо зөрчилтэй механизмд байсан учраас хэрэгжиж чадаагүй гэж боддог.  Иргэний, ардчилсан,  хүмүүнлэг нийгэм байгуулна гэсэн ч тогтолцоогоо сонгохдоо парламентын засаглал тал руугаа илүү хэлбийсэн. Тэр үед Ерөнхийлөгчийн засаглал  байх юм бол дарангуйлагч болчихно. Тиймээс парламентын засаглал хэрэгтэй гэж үзсэн хэрэг л дээ.  Үнэн хэрэгтээ  парламентын засаглал нь онолоороо бол намын дарангуйлал юм.  Англид ч тийм л байгаа.  Олонх болсон нь Засгийн газраа байгуулаад, тэргүүн нь болоод, хүссэн хуулиа баталчихдаг. Бүр болохгүй бол олонхийн дарга, Засгийн газрын тэргүүн дуртай цагтаа парламентыг тарааж, сонгууль зарладаг.  Манайханд энэ бүхнийг ойлгох туршлага тэр үед байгаагүй. Японд бас ийм жишээ байна.  Японы Ерөнхий сайд 3,4 удаа сонгууль зарлаад ялчихсан. Дандаа өөртөө ашигтай үедээ сонгуулиа зарладаг. Засгийн газраа ч, парламентаа ч удирдаж байна.  Уг нь бол тэр үед бидэнд Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй байсан. Тэр үед парламентаасаа шалтгаалахгүй сонгогдсон Ерөнхийлөгч нь өөрөө Засгийн газраа удирддаг, парламент нь зөвхөн хууль тогтоох ажлаа хийдэг гэх зэргээр салгаад онолынхоо дагуу хуулиа баталсан бол одоогоос арай дээр нөхцөл байдалтай байх байсан. Сайн хүн гарч ирээд сайхан хуулийг хэрэгжүүлье гэдэг бол хэзээ ч бүтдэггүй. Харин хулгайч гарч ирээд миний Монголын баялгийг хулгайлчих вий гэдгийг тасалсан, зогсоосон хууль хийж чадах юм бол тэр бол сайн хууль. Тэр үед энэ талаас нь бодоогүй дандаа сайхан сэтгэлтэй хүмүүс төрд гарах байлгүй, намууд шударга ажиллах байх гэж найдаад Үндсэн хуулийн зүйлүүд нь онолоо зөрчсөн.  Тогтолцоогоо бас оновчтой сонгож чадаагүй болохоор чоно борооноор гэгчээр муу санаалсан хүмүүс үүнийг ашиглаад өнөөдрийн монгол бол хэт баян, хэт ядуу, авилга хээл хахууль хэрээс хэтэрсэн, хууль, шүүхийн байгууллага шударга бус, хөгжлийн хүрэх ёстой төвшиндөө хүрч чадаагүй улс орон болсон байна.
МАХН-ын  Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр:
– 1992 оны Үндсэн хуулийн зорилго тодорхой байдаг, гэвч тогтолцоотой нь тодорхойгүй явж ирсэн. Ер нь энэ Үндсэн хуулийг батлахдаа 22 настай хүүхэд хоёр гурав хоногийн дотор хэдэн зуун сая ам.долларын хадгаламжтай болоод, Монгол Улсыг 40-50 жил тэжээсэн “Эрдэнэ”т үйлдвэрийг луйвардаад авчихна гэж бодоогүй.  Гоё болно л гэж төсөөлж баталсан.  Аль нэг улс төрийн намын дарга нь төрийн албыг арилжаад 60 тэрбум төгрөг босгоод сонгуулийг луйвардана чинээ бодоогүй хийсэн. 2008 оны долдугаар сарын 1-нд гэмгүй иргэд буудуулчихна  чинээ бодоогүй.   Түүнчлэн өнгөрсөн онд 16 мянган хүн өвчний улмаас нас барсан байна. 1992 оноос хойш 500 мянга гаруй залуус боловсролгүй болоод гудамжинд гарсан байна. 200 мянга гаруй нь эх орноосоо дүрвээд гадаадад ажил хийж байна.  Ийм хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм байхгүй.  Тэгэхээр Үндсэн хуулиа  анхнаасаа дутуу баталсан учраас зорилгодоо хүрэх боломжгүй болжээ.
“62 гишүүний санаачилсан төсөл анхнаасаа хууль зөрчсөн”
Үүний дараа хэлэлцүүлэг  МАН-аас өргөн барьсан  Үндсэн хуулийн төсөл, Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн хувилбарын талаар үргэлжиллээ.
Ардын их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав:
-1992 оны хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа нэг зүйлийг би их дутуу бодсон байна. Түүний горыг өнөөдөр эдэлж байна. Тэр нь  нэг танхимтай 76 гишүүнтэй байна гэдэг нь их буруу зүйл болж. Нэг танхим бол 27 жилийн дотор Монголын нийгэмд дураараа дургих байдлыг бий болгожээ. Одоогийн 76 гишүүн Монголын ард түмний төлөөлөл биш, намуудынх болж хувирсан. Ард түмэн юу хүсч, юу хүлээж байгааг УИХ хардаггүй, үгийг нь сонсдоггүй, ойшоодоггүй. Тийм учраас нэг танхимтай байх нь буруу юм байна.  Тэр үед нэг хүний захирах ёсноос салаад, парламентын засаглал руу оръё, гэхчлэн дандаа сайн сайхныг бодсон. Гэтэл энэ 27 жилийн 23 –д нь үндсэндээ ард түмний төлөө ажилласангүй.  Энэ байдлаас гарах гаргалгаа бол хоёр танхимтай байх зорилгыг биелүүлэх ёстой.  Нэгдүгээрт, одоогийн УИХ-ын 62 гишүүн, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл бол энэ шаардлагыг хангахгүй байгаа. Монголын нийгэмд үүсч бий болсон энэ дутагдлыг арилгаж чадахгүй. Хоёрдугаарт, эхнээсээн өргөн баригдахаасаа эхлээд хуулиа дээдлээгүй. Үндсэн хуулийн 1,2 дугаар зүйл,  68,1, 70,1 дэх заалтыг зөрчсөн байна. Ийм дутагдлыг 1999,2000 онд гаргасан. Тэр дутагдлаа 19 жилийн дараа дахин давтаж  байна.  Үндсэн хуулийн цэц дээр энэ асуудлаар маргаан үүснэ.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр:
– 62 гишүүний санаачилсан Үндсэн хуулийн төсөл анхнаасаа хууль зөрчсөн гэдэг нь үнэн.   Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий.  Үүнд  УИХ-ын гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үедээ ийм асуудлуудаар санаачлага гаргаж болохгүй гэж заасан байна.  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, эсвэл үүрэг хариуцлагыг сулруулж болохгүй гэжээ.  Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг гишүүн өөрөө санаачилж болохгүй юм. Гэтэл ийм зөрчил гаргасан. Одоо үйлчилж байгаа хуулиараа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болно гээд зохицуулалт бий. Гэтэл одоо өргөн барьж байгаа энэ төсөлд дөрвөн гишүүн Ерөнхий сайдтайгаа нийлээд таван хүн давхар дээлтэй байж болно гэжээ.  Энэ нь өөрөө УИХ-ын гишүүний эрхийг ямар нэгэн байдлаар өргөтгөх, эсвэл хариуцлагыг сулруулах ажил хийгдэж байна шүү дээ. Тэгэхээр зөрчил байхаас аргагүй.  Ийм зөрчилтэй байдлаар  Үндсэн хуулийг өөрчлөх  гэж байна.  Хоёрдугаарт, хоёр төсөл байж болохгүй.  Тэр үед байсан төсөл нь нэг байсан бол цаашаа хоёрдугаар хэлэлцүүлэг, гуравдугаар хэлэлцүүлэг дээр нэг л төслөө ярих ёстой. Гэтэл Ерөнхийлөгч нэгдүгээр хэлэлцүүлэг дууссан хойно шинэ төсөл өргөн барьчихсан. Ингээд хоёр дахь төсөл бий болчихоод байгаа юм. Энэ нь мөн л Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа зөрчиж байгаа хэрэг. Тиймээс хүн бүр, байгууллага болгоны үйл ажиллагаанд Үндсэн хууль бүрэн нийцэж байвал зохино гэсэн зарчимд захирагдаад Үндсэн хуульнд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагаагаа таслан зогсоох хэрэгтэй.
Харин шинээр зөвшилцлийг бий болгоод хууль батлалцаж байсан туршлагатай хүмүүсийг уриад улс төрийн намуудыг, иргэний хөдөлгөөнийг уриад Шинэ үндсэн хууль байж болох уу.  Эсвэл одооны нэмэлт өөрчлөлт нь дээр үү гэдгийг асуух нь зүйтэй.  Ийм зарчмын асуудлыг ярих хэрэгтэй байна.  Энэ талаар  УИХ-ын дарга Г. Занданшатарт зөвлөсөн ч 62 гишүүндээ найдаад хууль зөрчөөд зүтгээд л байгаа юм.
Ардын их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав:
-Анх бид Үндсэн хуулийг  батлахдаа төр гэдгийг  УИХ гэж бодоогүй, засгийн газар гэж хараагүй. Төр гэдэг бол шүүх, цагдаа, прокурор гээд төрийн бүх механизмыг төр гэж бодож хийсэн юм. Хоёрдугаарт, 76-уулаа нэг намын төлөөлөл байлаа ч гэсэн Үндсэн хуульд дангаараа өөрчлөлт оруулах эрхийг нь хаасан байдаг юм. 68.1-д  хууль санаачилсан бол Үндсэн хуулийн цэцэд өргөн барих ёстой.  Тэр төслийг Үндсэн хуулийн цэц УИХ-д өргөн барьсан ч болно, барихгүй ч байсан болно.  Хоёрдугаарт,  энэ төсөл Үндсэн хуульд бүрэн нийцсэн байвал зохино гээд Д.Одбаяр гарын үсгээ зураад зургадугаар сарын 13-нд хариу өгсөн.  УИХ дангаараа хэлэлцэж болдоггүй хоёр дахь заалт бий. Тэр нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал ард нийтийн санал асуулгаар явуулна. Тэгэхээр энэ хоёргүйгээр Үндсэн хуулийг батална гэж байхгүй шүү дээ.
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном:
-Бид Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай л ярина.   Тухайлбал, байгалийн баялгийн тухай асуудлыг төр органик хуулиараа зохицуулж болох л асуудал. Эдгээр жижиг зүйлүүдийг Үндсэн хуульд оруулбал хэцүү байдалд орно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын гол асуудал нь яг юунд байна вэ.  Одоо байгаа төслийг харахад Үндсэн хуульд заавал ч орох шаардлага байхгүй юм шиг санагдаад байна.  Засаглалын нэг дэх нь хууль тогтоох, хоёр дахь нь гүйцэтгэх, гурав дахь нь шүүх засаглал гэж байгаа. Энэ гурвын дээр нь ард түмний хяналт байх юм уу.  Үгүй юм уу. УИХ-д ард түмний хяналт байхгүй байгаа.  Тиймээс хоёр танхимтай болговол зүгээр.  Одоо манайх бол төрийн дээд байгууллага, хууль тогтоох байгууллага гэсэн хоёр гуншинтай. Өөр өөртөө хууль тогтоохдоо хяналт тавина гэж байдаггүй. Өнөөдөр манайд зөрчилтэй хууль ч байна. Тухайлбал есөн жилийн өмнө төмөр замын талаар том бодлого гарсан.  Түүн дотор бас нэг буруу заалт бий.  Урагшаа тавих төмөр замыг хоёрдугаар ээлжинд тавина. Нэгдүгээр ээлжинд хойшоо зам барина гээд л. Үүнээс болоод олон сая тонн нүүрсийг урагшаа автомашинаар зөөгөөд эдийн засаг, экологийн хувьд маш их хохирол учруулж байна.  Энэ нь улсын маань хууль тогтоодог байгууллага дээрээ ямар ч хяналт байхгүй  байгаад харуулж байгаа.  Иргэдийн 28 хувь нь ядуу байна гэдэг нь иргэдэд  үр ашигтай эдийн засгийг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлдэггүйн шинж. Ядуурлаас гарахын тулд үнэ, инфляцидаа хяналт тавьж байх ёстой. Төрийн байгууллагууд нь хүртэл үнээ нэмээд л байж байгаа. Та бүхэн мэдэж байгаа.  Цахилгааны үнэ гэхэд энэ жил олон удаа нэмлээ. Энэ талаас нь би Засгийн газрыг шүүмжилж байна.  Мөн шүүх засаглал өөрсдөө авилгатай холбогдсон байгаа.  Ер нь энэ засаглалын дээр ард түмний хяналт байх ёстой. Үүнийг шийдэх гол арга зам нь ардын их хурлын танхим байх ёстой.  Бид хоёр танхимын мөрөөсөл болсондоо биш зайлшгүй шаардлагатай болсон учраас л үүнийг ярьж байна.
“Төрийн өмч гэдгийг тодотгож ард түмний дундын өмч болгомоор байна”
Хэлэлцүүлгийн дараагийн сэдэв нь 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн төсөлд тусгасан байгалийн баялагтай холбоотой асуудал байв.
Ардын их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав:
-Байгалийн баялгийг ард түмний мэдэлд гэвэл иргэд эрх мэдлээ яаж хэрэгжүүлэх вэ.  Уг нь ард түмний төлөөллийн байгууллага болох төр нь  үнэнч шударгаар ажиллах ёстой юм. Өнөөдөр 1992 оны төр шиг төр байхаа больчихоод байна. Үүнийг жинхэнэ төр болгоё гэвэл Д.Содном даргын хэлдэг хоёр танхимтай болох нь зүйтэй. Хууль тогтоох байгууллагаас төсөв, томилгоог салгах ёстой. УИХ-ын зарим эрх мэдлийг Засгийн газар өгч байя гэдэг нь  ард түмний эрх мэдлийг хасч байна гэсэнтэй яг адилхан.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр:
– Байгалийн баялгийн асуудал маш чухал л даа.  Баялгийг зөв зохицуулж чадаагүйгээс өнөөдөр монголчуудын 30 хувь нь ядуу болсон.  Үндсэн хуулийн 6.1-д  Байгалийн баялаг бол ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан. 6.2-д  Төрийн өмч байна гээд заачихсан.  Энэ хоёр заалтын ойлгомжгүй байдлыг  одооны луйварчид ашиглаад  байна.  Төрийн өмчийг захиран зарцуулах эрхийг төрийн албан тушаалтнууд, төрийн байгууллагууд гаргана гэдэг зохицуулалтыг  төрд  шургалсан олигархиуд 1997 онд Ашигт малтмалын тухай хууль гаргасан.  Энэ нь хамгийн түрүүнд ашигт малтмалын хэрэг эрхлэх газар дээр гүйж ирсэн хүн лиценз авна. Дараа нь ашигт малтмалын хуульд лиценз өгч байгаа  биш,бүр тэр ордыг эзэмших, ашиглах, эрхийг өгч байгаа ийм зохицуулалтыг хийсэн. Зөвхөн 34 хувийг нь монголчууд авна, 66 хувийг нь гадныхан авна гэсэн ийм үйл ажиллагааны үндсэн дээр манайх баялгаа гаднынханд алдчихсан. Үүнийг яаралтай засахгүй бол ядуу байдлаасаа хэзээ ч гарахгүй. Засах ёстой арга нь бол төрийн өмч гэдгийг тодотгож ард түмний дундын өмч болгомоор байгаа юм.  Энэ  томьёолол нь зөв болов уу гэж харж байна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн хамгийн чухал зарчмууд эхэндээ байрладаг. Түүний нэг нь төр засгийн эрх мэдэл болон, хууль тогтоох гүйцэтгэх засаглал, шүүх гэсэн энэ эрх мэдлийг хэн бий болгодог вэ гэдгийг эхлээд тогтооно. Тэр нь онолоороо бол ард түмэн нь өөрөө эх сурвалж нь болдог.
МАХН-ын  Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр:
– Хуульд нийтийн өмч,  хувийн  өмч гэдгийг хуульчилсан байна.  Нийтийн өмчид төрийн өмч, олон нийтийн өмч, шашны байгууллагын өмч орно. Харин хувийн өмчид иргэний өмч, дундын өмч гэсэн хэлбэртэй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд нийтийн өмч гэсэн байна лээ. Нийтийн өмч гэсэн том малгай дотор миний сая хэлсэн дөрвөн хэлбэр байгаа. УИХ-ын өргөн барьсан төсөлд том малгайн доторх төрийн өмч гэдгийг нь аваад хаячихсан байгаа байхгүй юу. Энэ хоёр нэг л талдаа байна гэсэн үг. Тэгэхээр хуульдаа ард түмний дундын өмч байх ёстой гэж үзэж байна. Анхнаасаа хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг бүтээнэ гэсэн. Тиймээс чинээлэг, баян, дундаж давхаргыг бий болгох ёстой. Үүний гол хөшүүргэ нь байгалийн баялаг юм. Үүнийг төрийн өмч гээд олигархиудад өгчихвөл ард түмэн ядуу амьдарна. Төрийн өмч болгочихвол дахиад л 27 жилийн дараа энэ хэвээрээ байгаад л байна шүү дээ. Норвегийн жишээгээр явах ёстой. Норвеги өнгөрсөн онд 16 хувийн ашигтай ажилласан байна. 160 тэрбум ам.долларын ашиг олчихсон байна. Бид байгалийн баялгийн санг бий болгоод сангаасаа мөн төдий хэмжээний ашиг олох боломжтой шүү дээ.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: 
– Монголын ард түмэн эхлээд бүх юмны суурь шүү дээ.  Эндээс бүх зүйл урган гарна.  Ингэхдээ хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, нэг нь шүүхийн асуудал юм. Гэхдээ өмч гэдэг асуудал нь иргэний хуульд болохоор Төрийн албан тушаалтнууд захиран зарцуулах эрхийг эдэлдэг өмчийг төрийн өмч гэж хэлнэ гээд томьёолчихсон байна. Тэр хуулиар бол  аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын гишүүд захиран зарцуулахдаа Оюутолгойн ордыг гадаадыханд өгчихсөн. Хэрэв ард түмний дундын өмч гэсэн заалтыг оруулбал захиран зарцуулах эрхгүй ард түмнээсээ асуудаг болно.  Ард түмэн тэр өмчийн эзэн болмогцоо эзэн гэдэг гэрчилгээ авна. Тэр гэрчилгээгээрээ эдийн засгийн эргэлтэд оруулаад тодорхой ашиг орлого олж болно.
Эрдэмтэн, зохиолч Л.Дашням:
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг би дэмжихгүй байна. Яагаад гэдэг гурван шалтгааныг хэлье.   Нэгдүгээрт, Үндсэн хуулийн хэрэгжилтийн дүгнэлтийг бид гаргаагүй байна.  Дүгнэлтгүй болохоор ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй  байх вэ гэсэн үндсэн томьёолол байхгүй байна.  Хоёрдугаарт  Үндсэн хуулиа өөрчлөх нь хууль бус гээд ярьж байна. Төр нь хууль зөрчөөд байхад тэрийг дэмжээд оролцдог иргэн байх ёсгүй.  Тиймээс дэмжихгүй байгаа. Харин нийтийн өмч төрийн  өмч гэдэг дээр саналаа хэлье. Өмчийг эхлээд баялаг гэж ойлгоё. Баялаг бол оюуны, эдийн байна.  Энэ  баялаг бүгд монголын ард түмний өмч. Өмчийн эзэмшлийн хэлбэрийн хувьд нийтийн, хувийн, төрийн байж болно. Төрд нийтийн хувийн гээд байгаагийн чинь ард монголын ард түмний нэг хэсэг байгаа. Би ард түмний нэг хэсэг бөгөөд тэр өмчөө эдэлж байгаа. Тэгэхээр бүх баялаг ард түмний өмч гээд Үндсэн хуульд заачихвал хэн захиран зарцуулах вэ.  Бид өөрсдөө шийд гаргаж чадахгүй учраас нэг хэсэг маань бид нарыг төлөөлөөд бодлогоо сайжруулаад бидний амьдралыг сайн болго эрхийг нь өгч байгаа юм.  Гэтэл бид  өнөөдөр янз бүрийн түвшний ойлголттой хутгаад байна. Төр нь өөрөө итгэлээ өгсөн төр биш сонгуулиасаа эхлээд луйвардсан.  Өөрсдийнхөө эрх ашгийг бодоод эхэлсэн учраас ард түмний өмчийг мэддэг төр өөр юм шиг ойлгогдоод байна. Одоо байгаа төрийг төр гэж бүү ойлго.
“Парламентыг хоёр танхимтай болгоё”
Хэлэлцүүлэгт оролцогчид ямар засаглал хүсч байгаа тухай байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном: -Төрийнхөө тогтолцоог өөрчилье. Хамгийн гол асуудал нь парламентын засаглал байна. Хоёр танхимтай болгоё, дээд танхимд Ардын их хурал  байгуулъя.  Тэр бол төрийн эрхийг барих дээд байгууллага. Дор нь бага хурал байна тэр нь хууль тогтоох байгууллага. Төрийн дээд байгууллага бол одоогийн хууль тогтоох байгууллага сүүлд нь улсын бага хурал гүйцэтгэх байгууллага, шүүх энэ бүхний дээр ард түмний өмнөөс шаардлага тавьж байхаар байгуулах хэрэгтэй.  Хэрэв ингэж чадвал намууд төрийн толгой дээр биш жинхэнэ төр төвтэй засаглал болно.  Би энэ саналаа анх хууль батлахад ч ярьж л байсан.
Ардын их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав:
-Би Д.Содном гуайтай санал нэг байна. Гэхдээ яаж хэрэгжүүлэх вэ.  Үүний тулд ард түмний их хуралдай зарлах хэрэгтэй.  Одоогийн их хурлын гишүүдээс их биш ажлын хэсэг байгуулах хэрэгтэй.  Улс төрийн намуудын хуулийг өөрчлөх хэрэгтэй. Ер нь бол Монгол Улс дэндүү талцаж байна. Нам дагасан эрчүүд эмэгтэйчүүд, нам дагасан өндөр настны байгууллага олон болжээ.  Үүнийг  зогсоох хэрэгтэй.  Тэр ч бүү хэл төлөвшөөгүй улс төрийн намуудыг тарааж гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй.  Мөн ардын их хурлыг можаритари системээр улсын бага хурлыг пропорцинал системээр байгуулах хэрэгтэй байна.
Эрдэмтэн, зохиолч Л.Дашням
-Үндсэн хуульдаа оруулах жинхэнэ өөрчлөлтийн тухай ярьж эхэлж байна.  Хоёр танхим бол одоогийн өөрчлөлт дунд байхгүй. Миний санал бол 2020 оны сонгуулиар Үндсэн хуулийг өөрчлөх  эрхийн мандатыг ард түмэн их хурлын гишүүддээ өгч, дүгнэлтээ зөв өгөх хэрэгтэй. Төрд ажиллаж байсан бүх хүн өөрийгөө зөвтгөдөг. Асуудал юунаас болов гэхээр Үндсэн хуулиас боллоо гэж тайлбарладаг. Өөрсдөөс нь болоод байгааг  амьдрал харуулаад байна.  Тэднийг илчлээд байх л гүрийгээд байдаг.  Бид Үндсэн хуулиа ойлгоогүй байж яаж өөрчлөх юм.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: 
-Би хоёр танхимтай парламент  байх нь зөв  гэж бодож байна.  Яагаад  гэхээр дотроо нэг нэгнийгээ хянах хэрэгтэй. Бага хурал дээр Ж.Гомбожав гуайтай санал нэг байна. Бага хурал нь пропорцианаль зарчмаар намынхаа жагсаалтаар, Их хурлаа можаритари буюу сум болгоноос нэг хүн ч гэдэг юм уу.  Тэр нь нэг хүн нэг тойргоос сонгогдоод энэ нь орон тооны бус жилдээ нэг юм уу хоёр удаа хуралддаг байх хэрэгтэй.  Мөн  бага чуулган нь байнгын үйл ажиллагаатай ажилласнаар гарч байгаа хуулийн чанарыг сайжруулах ийм тогтолцоо руу орох нь зөв юм аа. Харамсалтай нь үүнийг нэмэлт өөрчлөлт рүү оруулахгүй байна. МАН жинхэнэ өөрчлөлтийн төлөө биш өнгөцхөн өөрчлөлтийн төлөө ажиллаж байна.  Одоо үүнийг болих хэрэгтэй.
Тэгвэл Засгийн газрыг ард түмнээс сонсогдсон Ерөнхийлөгч, намын дарга  толгойлох юм уу?
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном:
-Би хоёр саналтай байна. Одоогийн ганц танхимтай нөхцөлд Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлдог байх нь зүйтэй. Засгийн газрын тэргүүний үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. Би энэ  Ерөнхийлөгчөө хараад санаа зовдог юм. Бүх аймгуудаар яваад бүх иргэдтэй уулзаад баахан санал хүсэлт аваад хүрээд ирдэг. Гадагшаа яваад гадны томчуудтай асуудал яриад ирдэг. Тэгээд ирээд асуудлаа шийдэх эрх байхгүй.  Хууль тогтоож чаддаггүй.  Уламжилъя, яръя, хичээе ийм л маягтай байна.  Шагнал гардуулах л эрх байгаа байх. Улс орны асуудлыг барьж аваад шийдчих хүсэл байвч чадал байхгүй.  Тиймээс ганц парламенттай үед ерөнхийлөгчдөө үүрэг хариуцлага нэмээд өгчихье.
Ардын их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав:
-Манайх шиг хүн цөөтэй оронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь нэг хүн байхад газар байхгүй. Гэхдээ тэднийг парламентаас сонгох уу.  Ард түмэн сонгох уу юм уу гэдгийг нухацтай ярьж шийдвэрлэх нь зөв. Харин одоо органик хуулиудаар эрх мэдлээ нэмээд авчихсан, Засгийн газрын ажилд хутгалдан ордог асуудал олон байна.  Хамгийн эхний жишээ гэхэд Утааны эсрэг үндэсний хороог Тамгын газрын даргаараа  байгуулж үр дүнд хүрээгүй бууж өгсөн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ядууралтай дайн зарлаад бууж өгсөн. Ер нь манай Ерөнхийлөгч нар Үндсэн хуулиар бэлгэдлийн шинжтэй гэж ярьдаг ч бусад орны бэлгэдлийн Ерөнхийлөгчийг бодвол нэлээд эрх мэдэлтэй.   Үүнийг нэг талд нь гаргах талаар Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр  ярих нь зүйтэй.
Эрдэмтэн, зохиолч Л.Дашням:
-Ер нь бол Үндсэн хуульд заасан тогтолцоог их өөрчилсөн.  Өөрсөддөө эрх мэдэл авсаар байгаад ажил үүргийн хувиар, тэнцвэржилт байхгүй болсон. Парламентын ажлыг Засгийн газар нь хийдэг, Ерөнхийлөгч нь Засгийн газраа мэддэг.  Хэн юу хийж байгаа нь мэдэгдэхгүй өөрийнхөө хүссэн ажлаа хийдэг. Ийм болохоор улс орны бодлогын чиг баримжаа алдагдана.  Энэ байдлаар удаан үргэлжилбэл нийгмийн хөгжил ч явагдахгүй амьдрал сайжрахгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг нь энэ бүхнийг бүхэлд нь өөрчилсөн өөрөөр харсан байх ёстой. Өнөөдрийн практикаас ихэнх нь ургуулж ярьж байгаа юм л даа.  Өнөөдөр ямар сайд байна тийм л байх юм шиг.  Өнөөдөр ямар парламент байна тийм л байх юм шиг санаж байна.  Ийм л тулга тойрсон улс орны төлөө биш, бодлогын ямар ч баримжаа байхгүй явж ирлээ.  Үндсэн хуулийг ингэж ундуй сундуй өөрчилж байхаар  анх тогтоосон тэр зарчмаар явъя л даа.  Харамсалтай нь үндсэн хуулийг ойлгоо ч үгүй хэрэгжүүлээ ч үгүй.  Ард түмний эрхийг булаагаад авчихсан, намынхаа эрх ашгийг булаацалдсан хэдэн юм 30-аад жил тонгочлоо шүү дээ.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: 
-ХХI зуун хүртэл хүн төрөлхтөн хүнд хэцүү замыг туулж ирсэн.  Тэр онолоор хууль тогтоох байгууллага нь Засгийн газрынхаа үйл ажиллагаанд ордоггүй, Засгийн газар нь хууль тогтоох байгууллага руугаа дайрдаггүй байх.  Мөн  шүүх нь бие даасан байх ийм гурван тэнцүү засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлдэг тогтолцоотой юм. Харин яаж үүний зааг ялгааг гаргах вэ гэхээр ард түмэн  парламентаа сонгог.
Тэр нь хоёр танхимтай байвал нэг нь можаритари нөгөө нь пропорцианаль тогтолцоотой байна.  Ард түмэн ерөнхийлөгчөө толгойлоод тэр нь УИХ-ын гишүүн,  Засгийн газрын гишүүн байж болохгүй.
Хууль тогтоох ажлаа л хий, бие биедээ хянаад хариуцлага тооцоод явна.  Шүүхээ бас ард түмэн сонго. Ийм л гурван биеэ даасан, ард түмнээсээ хамааралтай, нэг нэгнийгээ хянаж хариуцлага тогтоож чаддаг салаа мөчрийг гаргаж ирэх хэрэгтэй. Тиймээс Ерөнхийлөгч өөрөө ард түмнээсээ сонгогдоод Засгийн газраа тэргүүлээд явах нь зөв.
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном:
–Ард түмнээс гарсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд сайн байх юм шиг санаад байна.  Хэрэг дээрээ ард түмэн хамгийн зөв сайхан хүнээ олж чадах уу.  Чадахгүй гэж ярьдаг юм байна лээ. Харанхуй масс гэж ард түмнийг нэрлэдэг юм байна. Яагаад тэгэж байна гэхээр мэдээллээс хол. Авч байгаа мэдээллүүд худлаа. Тэгэхээр тэр харанхуй масс улс орны удирдагчийг ард түмнээр сонгуулахад маш том нөлөө үзүүлнэ. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл ард түмний дундаас сэхээтэн мэдлэг боловсролтойг  сонгоод тэд нараараа сонголтоо хийлгэвэл зөв байдаг юм шүү.
МАХН-ын  Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр:
-Төр засгийн бүрэн эрхийн хамгийн гол эх сурвалж  ард түмэн. Тэгэхээр ард түмнээр Ерөнхийлөгчөө сонгуулах нь зөв. Гэхдээ улс төрийн намууд нэр дэвшүүлэхээс гадна ард түмний итгэлийг олж бие даан нэр дэвших хувь хүн байвал нэр дэвших боломжийг Үндсэн хуулиараа олгох ёстой. Тодорхой тооны хүмүүсийн гарын үсгийг цуглуулаад бие дааж,  Монгол Улсын  Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой. МАХН-аас боловсруулсан Дээд хуулийн зохицуулалт дээр ч  ийм заалт бий. Тэгэхээр зөв буруу хүн гарч ирэх үү гэдэг асуудал дээр наана, цаанатай болно. Эцсийн эцэст Монголын ард түмэн сонголтоо хийнэ. Ард түмэн хэзээ ч буруу сонголт хийхгүй харин бид нар сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлэх дээр ажиллах ёстой.
“Ёс зүйн хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх эрхгүй”
Хэлэлцүүлэг парламентын ёс зүйтэй холбоотой асуудлаар үргэлжиллээ.  Гэмт хэрэгт холбогдсон гишүүдтэй энэ парламентад Үндсэн хууль өөрчлөх эрх бий юу?
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: 
– Байхгүй.  Энэ хүмүүс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай тийм санаа бодолтой байх ёс зүйгүй. Ёс суртахуун гэж байна.  Тэгэж байж хууль эрх зүйт төр гэж бий болох ёстой. Хэлбэрийн хувьд хууль санаачилж болно .  Гэвч ёс зүйн хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх эрх зүйн болон хууль эрх зүйн үндэслэл байхгүй.
Ардын их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав:
-Яг энэ асуудал дээр АТГ, прокурор шүүхийн байгууллага ард түмнийхээ төлөө ажилламаар байна. Энэ 75 гишүүний өөрсдийнх нь гаргасан тоогоор 50-аад нь гэмт хэрэгт холбогдсон байгаа. Ийм ёс суртахуунгүй хүмүүс Үндсэн хуулийг өөрчилье гэж ярихаасаа ичмээр юм. Би  энэ тухай УИХ-ын дарга,  Ерөнхий сайд,  намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарт хэлээд байгаа. Үндсэн хуулийн санал асуулга эхэлсэн юм чинь 2000 оны дордуулсан долоогоо хүчингүй болгочих.  Одоо хоёрдугаар хэлэлцүүлэг хийгээд ард түмнээс санал асуулга авах жүжиг тавьж магадгүй. Би 331 сумын иргэдэд хандаж хэлье.  Наад нөхөд чинь социализмын үеийн үйлдвэр аж ахуйн газраар тоглоод, байгалийн баялаг уул уурхайгаар тоглоод одоо сумаар тоглох гэж байна шүү. Ингэж битгий сумаараа тоглуулаарай.
Шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтийн тухайд
Ардын их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав:
-ШЕЗ-ийн 10 гишүүн байна. Түүний 5-ыг нь УИХ-ын байнгын хороо санал оруулж томилох юм байна. Тэгэхээр энэ нь нэгдүгээрт шүүх засаглал парламентын мэдэлд орж байна гэсэн үг. Мөн  Ерөнхийлөгч шүүгчдийг томилно гэж байгаа нь ч дотроо хариуцлагын зөвлөл гэж байгуулаад Ерөнхийлөгчийн тавьсан шүүгчийг сольж байх юм байна.  Энэ зөрчил мөн үү.  Ерөнхийлөгчийн шийдвэрийг байхгүй болгодог нэг байгууллага гарч ирэх гэж байна.  Тэгэхээр энэ хуулийн төслийн 70 орчим хувь нь хууль зөрчсөн, ярихаас огиудас хүрэхээр зүйлүүд байгаа.
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном:
-Миний бодлоор шүүх прокурорыг АИХ дээд танхимаас томилж байх хэрэгтэй.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: 
Д.Содном гуай маань  хоёр танхимтай парламентад найдаад байгаа бололтой. Гэхдээ тэнд луйварчин хулгайч сонсогдохоос хаалт хийж чадахгүй шүү дээ. Сумандаа нэг атаман янз бүрийн аргаар эсвэл олон гэртэй олон хамаатан садантай хүн сонгогдож магадгүй. Тиймээс онолын дагуу Ерөнхийлөгч нь сонгогдоод Засгийн газраа тэргүүлээд парламент нь ард түмнээсээ сонгогдоод ажлаа хийдэг. Түүнтэй адил шүүгч нарыг тэр тусмаа дээд шүүгч нарыг шууд ард түмэн сонгох хэрэгтэй. Тэнд хэнээс ч айдаггүй хараат бус ийм шударга шүүгч нар ажиллаж чадна аа гэж үзэж байна.
МАХН-ын  Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр:
– Онолынхоо дагуу бүх эрх мэдэл ард түмнээс л улбаатай. Шүүгч нарыг ард түмэн сонгох нь зөв. 1990 оноос өмнө тийм л байсан. АНУ-ын зарим мужид ч гэсэн шүүгч нарыг ард түмэн сонгоод болж л байна. Үүн дээр нэмээд хэлэхэд шүүгч нар эцсийн шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын нэрийн өмнөөс гэж Монгол Улсын нэр барьдаггүй.  Тухайн шүүгч өөрийнхөө нэрийн өмнөөс тухайн шийдвэрийг гаргадаг байхаар зохицуулах нь зөв. Яагаад гэвэл тухайн хүн нөлөөнд автаад буруу шийдвэр гаргачихаараа Монгол Улсын хууль тэгж шийдсэн юм гэдэг. Өөрт нь хариуцлага тооцох механизм байхгүй. Харин ард түмэн шүүгчийг сонговол зөв үйлдэл хийсэн үү, буруу юу.  Дараа нь дахин сонгох уу гэдгийг шийднэ.
Монгол Улсын Үндсэн хуулийг өнгөцхөн өөрчлөх үү.  Үндсээр нь өөрчлөх үү?
Ардын их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав:
– Үндсээр нь өөрчлөх нь зөв. Нэг зүйлийг зориуд хэлье. Н.Энхбаяр даргад маш их баярлалаа. Л.Дашням бид хоёрт бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаалттай байгаа.
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном:
-Одоогийн яригдаж байгаа төслийг өнгөцхөн өөрчлөлт гэж ойлгож байна. Гэхдээ би үндсээр нь өөрчилнө гэж ярихгүй. Үндсэн хууль бол сайн үндсэн хууль шүү. Алдаа бий юу гэвэл бий. Тэр нь юу гэхээр ганц танхимтай байгуулсан нь алдаа байсан. Одоо түүнийг л засах хэрэгтэй.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр:
-Одооны Үндсэн хуулийн төсөл бол цагаа олоогүй, судалгаагүй, ямар ч ёс суртахуунгүй хүмүүс хийх гэж оролдож байгаа.  Үүнийг эсэргүүцэж байна. Харин үндсээр нь өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Шүүхийг ард түмэн сонгоё, парламентаа хоёр танхимтай болгоё гэхчлэн ийм том, нэн чухал асуудлуудыг хэлэлцэхгүй байна. Зөвхөн өөрсдийн ажиллах хугацааг зургаан жил болгоё, намын дарга дуртай хүнээ Засгийн газрын гишүүнээр авдаг болно гэх мэт. Тиймээс Үндсэн хуулийг өөрсдөдөө тааруулж, өнгөцхөн засах гээд хэрэггүй. Үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ үндэсний их хуралдай байгуулж байж, ард түмэнтэйгээ хамт, шийдэх ёстой гэсэн бодолтой байна.
МАХН-ын  Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр:
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдсан цагаасаа эхлээд маш олон алдаа гаргасан. Нэгдүгээрт, эхний хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэг буюу хэд хэдэн төсөл байгаа бол түүнийг нэгтгэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг авах ёстой байсан. Тэгэхэд Ерөнхийлөгч нэгдүгээр хэлэлцүүлгийг дууссаны дараа санал өгсөн. Хоёрдугаарт, тасалдахгүй явах шаардлага байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн өгсөн саналыг нэгтгээд зөвшилцлийн ажлын хэсэг байгуулах гэж байна гэдэг үндэслэлээр УИХ наймдугаар сарын 9-нийг хүртэл үйл ажиллагаа нь тасалдсан. Энэ нь өөрөө маш том алдаа юм л даа. 41 хувьд нь нэмэлт өөрчлөлт орсон байна гэж байна. Журмаараа 35 байх ёстой. Гэтэл дахиад цаана нь нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай зүйл их байгаа. Тэгэхээр нэмэлт өөрчлөлт биш, үндсээр нь өөрчлөх зайлшгүй шаардлага бий гэж үзэж байна.
Т.БАТСАЙХАН, Б.НАМУУНТАМИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих