Наймаачид ч гэсэн хүн шүү дээ, Ш.Сайхансамбуу гишүүнээ

Монголын энгийн ард иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэж байдаг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар Нарантуул Олон улсын худалдааны төвийн наймаачидтай уулзаж тэдний эрх ашгийн төлөө тэмцэж эхэллээ. Энэ үйл ажиллагааныхаа илрэл болгож Нарантуул захын наймаачидтай өөрийн биеэр очиж уулзсан юм.

Захын үүдэнд С.Ганбаатар тэргүүтэй МҮЭХ-ны ажилчид болон Нарантуул захын үйлдвэрчний эвлэлийн холбооны хүмүүс цуглан наймаачидтай уулзахаар дотогш орсон. С.Ганбаатар Нарантуул захын наймаачидтай уулзах болсон шалтгаан нь наймаачдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын асуудлыг шийдэх явдал байсан билээ.

Нарантуул дээр очингуут үүдэнд нь тасалбар тасалдаг хүмүүс Ганбаатараа “Та шүү, бидний төлөө ихийг хийгээрэй” гэсээр угтаж авсан. Бид дотогшоо ортол бэлэн хувцасны тасагт зогсох нэгэнтэй уулзсан. Харин тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн. Тэрбээр Нарантуул захад зогсоход хүндрэл, бэрхшээлтэй зүйл байна уу гэх асуултанд “Болохгүй гээд байх зүйл байхгүй ээ. Өвөл зогсоход л жаахан хүндрэлтэй байдаг юм” гэхээс өөр зүйлийг хэлээгүй.

Магадгүй тал талаас нь камер бүчин авсан болохоор жаахан эвгүйцсэн байх Энэ байдлыг ажигласая МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “Энэ хүмүүс олон телевизийн камер харчихаад сандраад олигтой юм ярьж чадахгүй байх шиг байна.

Дараа нь телевизээр өөрийг нь хараад ямар нэгэн байдал үүсч магадгүй гэж болгоомжилсон байх. Өнөөдөр энэ захад ажиллаж байгаа хүмүүс төрийн хамгаалалтаас гарсан хүмүүс гээд хэлчихэд буруудахгүй. Тэд өнөөдөр өдрийн 10-20 хувийн хүүтэй зээл авч эргэлдүүлж илүү арснаар нь ар амьдралаа тэжээх гэж яваа хүмүүс.

Эдгээр хүмүүст төрөөс өгч байгаа үйлчилгээний жаахан хэсэг ч хүрдэггуй гээд хэлчихэд болно. Нийгмийн болоод эрүүл мэндийн даатгал өгдөггүй. Энэ захад 10,20 жил зогсож байгаа, тэтгэврийн нас нь болчихсон хүн олон байгаа. Монгол Улсад амьдарч байгаа хэрнээ хэрэгжиж байгаа үйл ажиллагаанаас нь “гадуурхагдчихсан хүмүүс знд ажиллаж байгаа. Нэг үгээр тэднийг хүний тооноос хасчихсан гэсэн үг” гэж хэлсэн.

Бид цаашаа явах үед Нарантуул захын наймаачид бидэнд асуудлуудаа ярилцаж эхэлсэн. Бидний уулзсан дараагийн наймаачин оймс трико гэх мэт жижиг зүйл зардаг ахимаг насны эмэгтэй. Тэрбээр бусдыгаа бодвол хэлье гэсэнэ хэлчих шиг болсон. Тэрбээр “Бид өнөөдөр ард иргэдийнхээ бас өөрсдийнхөө ар гэрийнхээ төлөө ажиллаж байна. Сарын 40-50 мянган төгрөгийн түрээс төлдөг. Түрээсийн төлбөр хийх хугацаа хэтэрвэл 5000 төгрөгөөр торгуулна. Тэгээд ямар нэгэн байдлаар үнэ хөлс нэмлээ гээд маргах зүйл гарч саналаа хэлбэл шууд л лангуугаа хурааж авлаа. Явж болно гэж хэлдэг.

Төр засаг ч гэсэн ард иргэдийнхээ төлөө хийж байгаа зүйл алга байна. Юмныхаа үнийг нэмэхээс ард иргэд минь тусалсан дэм болсон ажил хийсэн юм алга л байна шүү дээ. Нэг удаа ч гэсэн энэ захаар орж иргэдийнхээ амьдралтай танилцах хэрэгтэй ш дээ, томчууд. Дээрээс нь Нарантуул захын хулгайчид гэдэг дийлдэхээ байсан. Энэ хэдэн байцаагчид нь ч гэсэн хуйвалдчихсан байдаг юм шиг байна билээ. Бас бидний эрүүл мэндийн талаар бодолцож үзэж байгаа зүйл бараг байдаггүй.

Өвөл нь бид мөсөн дээр л зогсож байдаг. Бид хүн ш дээ. Тэгээд болоогүй ээ, бараагаа хийж түрдэг модон хайрцагнуудын маань дугуйг нь авахуулчихсан. Яаж байгаа юм бэ гэсэн чинь засмал зам эвдээд байна гэсэн. Барааны хайрцагнууд нь хэтэрхий том учраас тайрсан. Уг бид өнөөдөртөө жижигхэн энэ дөрвөлжин газрыг түрээсэлж байгаа. Мөнгө төлөөд зогсдог гэдэг утгаараа юунд ямар бараагаа хийх нь бидний эрх байлтай” хэмээн өгүүлсэн.

Дашрамд өгүүлэхэд бидэнтэй хамт тус захын байцаагчид явж байсан бөгөөд наймаачид тэднийг харахаараа дуугүй бай, байцаагчид явж байна гэж өөр хоорондоо шивнэлдэн камераас холдож байсныг хэлэх нь зүйтэй байх. Түүнчлэн тэдний зарим нэгний ярьснаар баяр ёслол болохоор Нарантуул зах дотор газрын наймаа өрнөдөг гэнэ.

Тодруулбал, Цагаан cap, шинэ жил, наадам, хичээл сургууль орох дөхөхөөр лангуу түрээслэгчид тухайн лангуугаа үнэ хүргэн зарж эхэлдэг байна. 60000 төгрөгийн үнэтэй байсан лангуу энэ үед 300000 төгрөг ч хүрдэг гэх. Энэ мэтчлэн Олон улсын худалдааны төв гэх энэ газарт болохгүй бүтэхгүй бүхэн болж байдаг ажээ.

Олон хүний амьдралыг залгуулж, хоосон хонохгуй хоёр идүүлэхгүй байгаа ч энд зогсож байгаа иргэдийн эрх ашиг баян айлын нохойноос ч долоон дор байгаа нь гашуун боловч үнэн. Эцэст нь тэмдэглэхэд энэ захын эзэн нь УИХ-ын эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу. Ажил хийвэл ам тосдоно гэдгийг өөрийн биеэр үзэж бас амаа тосдсон хэмээн өгүүлдэг эл эрхэм энэ захын орчинг сайжруулах мөнгөгүй байна уу эсвэл сэтгэлгүй байна уу бодох л асуудал.

Ямартай ч МҮЭХ-ноос “Нарантуул” худалдааны төв дээр үйлдвэрчний эвлэлийн хороо /ҮЭХ/ байгуулан, иргэдийн төлөө ажиллахаар болсон. Амь зуухын эрхэнд эрүүл мэндээрээ дэнчин тавьсан тэд ядахдаа нас дээр гарахаараа тэтгэвэрт гарч цайны сүүний мөнгө авах хэрэгтэй. Тэгэхийн тулд нийгмийн даатгал төлөх ёстой.

Тэднийг нэгдсэн зохион байгуулалтанд Нарантуул захын боссууд л лав оруулж ирээдүйн баталгааг хангаж өгөхгүй гэдэг тодорхой. Тиймдээ ч үйлдвэрчний эвлэлийн наймаачдад туслахаар шийдсэн хэрэг. Уг нь Ш.Сайхансамбуу гишүүн долоо хоног бүр захаараа орж ард иргэдтэйгээ уулздаг гэдэг. Харин наймаачид
түүний барааг сонгуулиас хойш хараагүй гэх.

Эрхэм гишүүн далдын хар малгай духдуулчихаад Нарантуулаар сэлгүүцдэггүй л юм бол түмэн харцнаас нуугдах аргагүй л баймаар.

Г.Тогос
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих