Оюутолгойн зэсийн олборлолт буурч, алтных нэмэгджээ

5318

Оюутолгой  II улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос эхлэн 2019 оны II улирлын байдлаар 2.4 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2019 оны эхний хагас жилд 107 сая ам.долларыг татварт төлсөн байна.  “Оюу толгой” компани 2019 оны эхний хагас жилд 689 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 484 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010 оноос 2019 оны II улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад 2.9 тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 488 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ оны эхний хоёр улирлын байдлаар 222 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулжээ.

Тэгвэл энэ оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаар 39156 тонн зэс олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 0.6 хувиар бага байгаа бол алтны олборлолт нэмэгджээ. Тухайлбал, энэ хугацаанд  71825 унци алт олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 43.7 хувиар илүү байгаа юм.

Үүний дараагаар гүний уурхайн бүтээн байгуулалт, хугацаа, санхүүтэй холбоотой мэдээлэл өгөв. Одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Үүнээс улбаалан дунд түвшний тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг гүний уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтай байна. Гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээ ирэх оны хоёрдугаар хагаст бэлэн болно. Урьдчилсан мэдээллээс харахад зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойш билээ. Босоо ам II-ын бүтээн байгуулалтын явцад геотехникийн болон бусад хүндрэл гарах магадлалтай эрсдлийн 8 сарыг тус хугацаанд оруулж тооцсон болно. Илүү тодорхой тов гаргахын тулд нарийвчилсан үнэлгээг хийж байна. Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN


URL:

Сэтгэгдэл бичих