Торгуулиа төлөөгүй бүх тээврийн хэрэгсэл төмрийн сэг болох нь
Иргэн та автомашин худалдан авах гэж байгаа бол түр хүлээж, байдлыг харзнаарай. Учир нь өр зээл тавьж авах таны шинэ хүлэг удахгүй хэнд ч хэрэггүй төмрийн сэг болон хувирч магадгүй. Бага зэрэг хэтрүүлэгтэй сонсогдож байж болох ч эрх баригчид биднийг ийм байдал руу тун боловсноор түлхэн оруулж байна. Нийслэлийн авто замын шинэ бүсчлэлийн талаар яриад буйг та ойлгосон байх.
ХОЁР ХОНОГТ НЭГ УДАА УНАХ МАШИНААР ЯАХ ВЭ
Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал туйлдаа хүрч, жолооч нар түгжрэлд хамаг цаг зав, нерв, шатахуунаа барж байгааг хүн бүр мэднэ. Манай улсад сар бүр 5-8 мянган автомашин импортоор орж ирж буйг албаныхан хэлдэг. Хэрэв байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 2025 он гэхэд хотын зарим хэсэгт 0 зогсолт хийх хэмжээнд хүрч магадгүй гэсэн юм.
Ингээд шийдвэр гаргах түвшнийхэн судалж байгаад нэгэн мэргэн санаа олсон нь нийслэлийн замыг гурван бүсчлэлд хуваах байв. Өмнө нь нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулахын тулд автомашиныг улсын дугаараараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахаар шийдсэн. Ингэснээр иргэд долоо хоногт нэг удаа машинаа унах эрхгүй болсон юм. Тухайн үед хүмүүс “Машинтай байхын ч хэрэг алга” хэмээн шогширч байсныг санаж байна. Тэгвэл энэ зохицуулалт одоо хэрэгжих гэж буй хоригийг бодвол хамаагүй зөөлөн санагдах нь гарцаагүй.
Шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр хотын төвийн А бүс рүү нэвтрэх машиныг тэгш, сондгойгоор нь ангилах болно. Өөрөөр хэлбэл, хэрэв та хотын төв хэсэгт ажиллаж, амьдардаг бол хоёр хоног тутмын нэгд нь машинаа унах эрхгүй гэсэн үг. Хэрэв торгуулиа төлөөгүй, улсын үзлэгт хамрагдаагүй бол А, Б бүс рүү нэвтрэх эрхгүй. Санаатай болон санамсаргүйгээр нэвтэрсэн бол Зөрчлийн хуулийн дагуу торгууль хүлээж байна.
Шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр хотын төвийн А бүс рүү нэвтрэх машиныг тэгш, сондгойгоор нь ангилах болно.
Энэ талаар иргэд үзэл бодлоо янз бүрээр илэрхийлсэн харагдана. Гэхдээ дийлэнх нь эсэргүүцлээ. “Энэ ажил угаасаа торгууль хураах л зорилготой. А бүсэд дандаа яам, агентлаг, төрийн байгууллагууд байна. Тэгэхээр дарга нар, баячууд нь түгжрэлгүй явах гэсэн арга” хэмээн нэгэн хүн сэтгэгдлээ илэрхийлжээ. Мөн өөр нэг хүн “Тэгээд А, Б бүсээс бусад газраар зөрчилтэй, эвдэрхий, үзлэгт ороогүй, торгууль төлөөгүй, өөрөөр хэлбэл хамаг болж бүтэхгүй хүмүүс нь явцгаа гэсэн үг үү. Нэртэйгээр нь иргэдээ бас гурван бүсээр ангилчих хэрэгтэй” хэмээн бухимджээ.
Түүнчлэн замын цагдаа асан Ц.Улз өөрийн facebook-тээ “Зона буюу бүс гэсэн долоон тэмдгийг ОХУ-д ашиглаж байна. Венийн конвенцийн гишүүн орон болох ОХУ-ын замын тэмдэг, түүнийг хэрэглэх стандартын заалтууд нь уг конвенцийн шаардлагад бүрэн нийцэж байна гэжээ. Харин татвар, даатгал, торгуулиар бүсчлэх тухай ойлголт алга байна. Байх ч ёсгүй юм” хэмээн бичжээ.
Олон нийт ийн бухимдсаар байгаа нь нэг талаар үнэний ортой. Үнэнийг хэлэхэд шууд бэлэн мөнгийг нь төлөөд машин авчих чадалтай хүн тун ховор. Ихэнх нь лизингийн хүчээр хөл дүүжлэх унаатай болж байгаа. Ийнхүү арайхийж авсан машин чинь долоо хоногийн нэг өдөрт нь гарахгүй. Харин одоо дүрэм зөрчиж торгуулсан бол хотын төв хэсэг рүү нэвтрэх эрхгүй болох нь. Хэрэв хотын төвд ажилладаг бол машинаа 100 айлд тавьчихаад алхаж очих болно гээд төсөөл дөө.
НИЙТИЙН ТЭЭВРЭЭ САЙЖРУУЛАХ ТАЛ ДЭЭР АНХААРЪЯ
Уг нь түгжрэлийг бууруулахаар албаныхан аргаа барж буйг ойлгож байна. Гэхдээ иргэдийн халаас руу шууд гар дүрсэн, зорчих эрхийг нь хязгаарласан мунаг зохицуулалтаар үүнийг шийдэж боломгүй санагдана. Үнэнийг хэлэхэд өдгөө нийслэлд ямар нэг байдлаар торгууль хүлээгээгүй жолооч нэн ховор. Ялангуяа, Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нарт очих торгуулийн хэмжээ улам нэмэгдсэн. Амьдралаа залгуулах гэж ядаж яваа тэдний хувьд эдгээр торгууль маш том дарамт болж байгаа.
Ялангуяа, Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нарт очих торгуулийн хэмжээ улам нэмэгдсэн.
Гэтэл одоо торгуультай гээд хотын төв рүү орох эрхийг хязгаарлана гэдэг бүр ч том дарамт учруулна. “Хэдэн тэрбумын авлига авсан нөхдүүд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд ялгүй өнгөрч байгаа, “ЖДҮ”-чин зальт этгээдүүд эрх ямба эдэлсээр байхад жирийн иргэд ийн эрхээ хасуулж, халаасаа тэмтрүүлэх нь шударга бус” хэмээн бухимдахаас аргагүй. Ингэж хааж боож, хорих тусам иргэдийн зовлогоо зовоож авсан автомашины үнэлгээ буурч, үнэ цэнэ нь багасах болно.
“Хүн машин унах нь угаасаа хэрэгцээ шаадрлага. Нийтийн тээврээрээ явцгаа, явган алх” гэж эрхэм дарга нар дарамталдаг. Гэтэл үнэндээ манай нийтийн тээврийн хүртээмж, чанар, үйлчилгээ гэж авах юмгүй. Автобусандаа багтахгүй шахам чихэлдэж, хоорондоо хэрэлдэж, халаасны хулгайчийн олз болохоос айж эмээж явна гэдэг хүсэхээр зүйл биш. Өвлийн цагт бол автобус хүлээж буудал дээр зогсох нь багагүй тэвчээр шаардсан ажил.
Тиймээс энгийн иргэдээ хотын төв рүү оруулахгүй гэж дарамтлахын оронд нийтийн тээврээ сайжруулах тал дээр анхаарвал яасан юм бэ. Сүүлийн хэдэн жилийн турш метро, тусгай замын автобус гээд олон ч сайхан юм ярилаа. Бүтсэн нь нэг ч алга. Метротой болох нь холын мөрөөдөл юм байж. Тэгвэл ядаж замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийг зорчуулдаг дүрмээ ягштал хэрэгжүүлэх тал дээр анхаар л даа. Ингэвэл ядаж л хэдэн автобус нь иргэдийг хүлээлгэж зутраахгүй, энэ хэрээр үйлчлүүлэх хүний тоо ч нэмэгдэх учиртай.
Автомашины замаа бүсчлэлээр хуваах нь дэлхийн бусад хотод ч байдаг шийдэл. Гэхдээ манайх шиг боож, хориглохын оронд тодорхой хэмжээний татвар авч нэвтрүүлдэг. Тухайн бүс рүү нэвтэрсэн тээврийн хэрэгслийг камераар бүртгэж, татварын мөнгийг гэрийн хаягаар нь хүргүүлдэг жишиг цөөнгүй хотод бий. Өмнөд хөршийн нийслэл Бээжингийн тухайд хотын төв рүү нэвтрэхдээ карт уншуулж, төлбөр төлдөг тогтолцоотой. Үнэхээр хотын төв хэсгийн түгжрэл дийлдэхгүй байгаа бол ядаж бусад хотын жишгээр тодорхой хэмжээний татвар авч, нэвтрүүлж болохгүй гэж үү.
Энэ мэтээр энгийн иргэдийн эрх ашгийг хөндөлгүйгээр асуудлыг шийдэж болмоор. Гэвч манай дарга нар урьдын адил хааж бооно, торгоно гэсэн ганц аргаа хэрэглэж, дарга нарт бялдуучилсан, иргэдэд хатуурхсан ээлжит шийдвэр гаргалаа. Удахгүй хэрэгжиж эхлэх энэ шийдвэр энгийн иргэдийн амьдралыг улам хүндрүүлнэ гэдгийг бодолцож үзсэн болов уу.
Г.Баярсайхан
“Засгийн газрын мэдээ” сонин
URL: