Үндсэн хуулийн өөрчлөлт байгаа онох нь уу?
Үндсэн хуулийг өөрчлөх асуудал сүүлийн хэдэн жил яригдсаар одоо өөрчлөлт хийхээр шуударч байгаа бололтой. Нэгэнт л суурь хуульдаа “гар хүрэх” гэж байгаа бол өмнөх ололтоосоо ухрахгүй, харин тулгарсан бэрхшээлээ шийдвэрлэх оновчтой өөрчлөлт л хийх хэрэгтэй байна. Ингэхийн тулд “Яагаад Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага тулгарсан бэ?” гэдгийг үнэн зөв тогтоохоос эхлэх хэрэгтэй болов уу.
Монголд юу болохгүй байна вэ. Монголчуудыг юу бухимдуулаад байгаа юм. Үндсэн хуулиас үүдэлтэй ямар бэрхшээл тулгараад байна вэ? Мэдээж бидэнд тулгарсан маш олон бэрхшээл, асуудлууд байгаа. Тэднийг нэгтгэж товч хэлэх гэж оролдвол Монгол улсад шударга ёс алдагдаж, Монголын төр зохих ёсоороо “ажиллахгүй” байгаад гол учир байна. Энэ дүгнэлтээ хураангуйлах гээд үзье. “Шударга ёс алдагджээ” гэвэл шударга ёсыг хэн тогтоох ёстой вэ иргэд үү? төр үү? Мэдээж төр. Тэгэхээр “Монголын төр зохих ёсоор ажиллахгүй байна” гэдэг гаргалгаа тэнцүүгийн тэмдгийн ард үлдэж байна.
Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан ийм гэдэгтэй ялангуяа улстөрчид маань санал нийлж байгаа бололтой. Яагаад гэвэл тэдний дэвшүүлж буй өөрчлөлтийн төслүүд үндсэндээ Монголын төрийг эмхлэн байгуулах, түүний тогтолцоог “засч сайжруулах” асуудал руу чиглэжээ. Харин “Монголын төр зохих ёсоор ажиллахгүй” байгаа гол шалтгааныг ойлгохгүй байгаа юмуу, эсвэл мэдсээр байж санаатай ингээд байгаа юм уу, ямартай ч Үндсэн хуульд төдийлөн зөв “эмчилгээ” (өөрчлөлт) хийгдэхгүй нь бололтой.
Төр “ажиллахгүй” байгаа нь олон зүйлээс шалтгаалж болно. Тодруулбал, одоогийн Үндсэн хуулиар “ажиллах чадамжгүй” хэлбэр, бүтэц, хүчин чадал, механизмтай төр засаг байгуулагдаад байгаагаас болоод байгаа юмуу, эсвэл төрийн бүтэц хэлбэр зэрэг нь боломжийн(өөрөөр хэлбэл бусдын жишгээр байгаа) боловч “зөв ажиллаж өгөхгүй” (not working properly) байгаа юм уу? Энэ бол огт хоёр өөр асуудал. Төсөл санаачлагчдаас асууя, энэ хоёрын яг аль нь Монголд тулгараад байгаа вэ. Үүнд маш тодорхой хариулаад өгөөч!
Үндсэн хуулийг өөрчлөхөөр УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөлд ч тэр, “ажиллах чадамжгүй” хэлбэрээр төр засгаа байгуулснаас шалтгаалаад түүнийг өөрчлөх гээд байгаа юм шиг шаардлага, шалтгаан харагдаад байна. Тухайлбал, УИХ болоод Засгийн газрын ажиллах хугацаа дөрөв биш, таван жил байсан бол, УИХ-ын бүх гишүүн биш, харин Ерөнхий сайдыг оролцуулсан таван гишүүн л “давхар дээлтэйгээр” сайд хийж болдог байсан бол засаг нь тогтвортой, сайн ажиллах байсан юм шиг логик харагдаж байна. УИХ-ын гишүүдийн тоо цөөн буюу нэг гишүүнд олон сонгогч оногдож байгаагаас Монголын төр муу ажиллаад байгаа юм шиг ойлгогдож байна. Би дээрх саналуудыг арга ядсан, суурь шалтгаанаа арилгахад чиглээгүй байна гэж хэлэх гээд байна. Зүйрлэбэл, байшин сууриараа ганхаж байхад хана таазны засал хийх гэж байгаатай адил зүйл байна.
Монголын төр засгийн бүтэц тогтолцоотой яг адил дөрөвхөн орон дэлхийд байна гэж зарим хүн ярьж байна. Тэгвэл энэ дөрвөн орны (Финланд, Болгар, Серби, Монтенегро) төр нь Монголынх шиг ингэж“ажиллахгүй” байна уу гэвэл тийм биш байна. Финланд улс бол төрийн байгуулал хамгийн үр дүнтэй байгаа Скандинавын хойгийн гурван улсын нэг. Финланд нь хүний хөгжлийн индексээрээ маш өндөр (HDI = 0.92) буюу дэлхийд 15 дугаар байрт, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ16 дугаар байрт явж байна. Нөгөө үлдсэн гурав нь дэлхийд муу төрийн жишээ болоод байгаа юм алга. Тэгэхээр тогтолцооны хэлбэрийн тооны цөөнд “буруу” өгөх зөв үү? Харин ч олон эрдэмтэд судлаач 1992 оны Үндсэн хуулийн дагуу байгуулж байгаа Монгол Улсын төр засаг нь ерөнхийдөө амжилттай хөгжиж байгаа дэлхийн улс орнуудынхтай дүйхүйц хэлбэр, бүтэц, механизмтай гэж үздэг. Үүнээс үзвэл, Монгол улсын төр засгийг байгуулж байгаа хэлбэр бүтцээс болоод “төр ажиллахгүй” байна гэдэгтэй санал нийлэх аргагүй нь.
Харин энэ төр манайд “ажиллахгүй” байгаа гэдэгтэй би санал нийлж байгаа. Бусад оронд болохоор “ажилладаг”, үгүй ядахнаа нийгэмдээ гай болоод байдаггүй төрийн байгуулалтын энэ тогтолцоо Монголд болохоор “ажилладаггүй” шалтгаан нь хэлбэр бүтэцдээ биш, өөр зүйлд байна. Энэ бол “улс төрийн вирус” -ээс болоод “төр ном журмаараа ажиллахгүй”байна. Монголын төрийг механик төхөөрөмж гэвэл харьцдаг араа шүдний нь завсар “улс төр” гэдэг юм хавчуулагдаж гацаагаад байна. Монголын төрийг нөөтбүүк гэж зүйрлэбэл санах ойнд нь вирус суучихаад бидний хэрэглэдэг програмууд маань гацаад байна. Компьютер ашигладаг хүмүүс сайн мэднэ, бүтэц загвар нь яг адил хоёр төхөөрөмж, нэг нь зүгээр ажиллаад байхад нөгөө нь ажиллахгүй байх, эсвэл өмнө нь зүв зүгээр ажиллаж байсан зөөврийн компьютер маань гацаад удаад байх тохиолдол байдаг. Үүний шалтгаан нь төхөөрөмжийн бүтцээс биш харин программын алдаа, эсвэл вирусээс болсон байдаг. Монголын төр үүнтэй яг ижил шалтгаанаар “ажиллахгүй” байна. Тэгвэл энэ жишээгээр зүйрлэн Үндсэн хуулийг өөрчлөх одоогийн саналуудыг шинжвэл “программын” алдааг засах биш төхөөрөмжийн бүтцээ өөрчлөх гэсэн санаанууд голцуу байгаад байна. Нөөтбүүкийг чинь задлаж эд ангийг нь солихыг завдаж байна гэсэн үг. Энэ зөв үү?
Нийгэмд хуримтлагдсан, болохгүй бүтэхгүй, тулгамдаж байгаа асуудлыг сайн төр, хүчтэй төр, тал татдаггүй төр, товчоор хэлбэл төр шиг төр л шийддэг. Үүний төлөө л ард түмэн өөрийн эрхээ тасдан өгч төрийг бий болгодог. Бидний хүсээд байгаа “хөгжил дэвшил” гэгч зүйл зөвхөн төр шиг төрийн л бүтээл байдаг. Хүчтэй төргүйгээр хэзээ ч эдийн засгийн өсөлтирж байгаагүйг дэлхийн түүх гэрчилнэ.Тиймээс энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт Монгол Улсад сайн төрийг, төр шиг төрийг бүтээхэд чиглэх ёстой. Монгол төрийн, “ажиллахгүй” гацдаг шалтгааныг арилгахад чиглэх хэрэгтэй. Тал тохой татдаггүй, иргэдээ ялгаварладаггүй үйлчилдэг, нийгэмд шударга ёсыг мөрдүүлдэг, нийтийн ашиг сонирхолын хэм хэмжээг зөв тогтоодог, эдийн засгаа өсгөдөг, нийгмийн баялгийг зөв хуваарилдаг төрийг бий болгоход чиглэх ёстой. Бүх өөрчлөлт үүнд л чиглээсэй гэж хүсч, урилж байна.
Нөөтбүүкийн жишээгээр бол санах ойг нэмэгдүүлэх биш эхлээд вирусыг устгах, дахин вирус орохоос хамгаалах “антивирус” программ суулгавал цаашид нөөтбүүк хэвийн ажиллана. Үүнтэй нэгэн адилаар Үндсэн хуулинд хийх өөрчлөлтийн гол нь Монголын төр дэх “улс төр” гэх “вирус”-ын тархалтыг хязгаарлах, түүнийг байх ёстой хэмжээнд нь, мөн байх ёстой газарт нь аваачих,улмаар түүнээс хамгаалах ёстой газруудыг “улс төрийн халдвар”-аас сэргийлэхэд гол зүйлээ чиглүүлэх хэрэгтэй байна. Тодорхой хэлбэл:
Хамгийн түрүүнд Үндсэн хуулийн цэцэд улс төр нэвтэрдэггүй болгох хэрэгтэй. Энэ бол шударга ёс байх уу, иргэний эрх баталгаатай хангагдах уу, төр нь төр шиг ажиллах уу, хуулийн засаглал тогтох эсэх зэрэг бүх асуудал очих сүүлийн цэг. Энэ бол итгэл найдварын төгсгөлийн цэг. Гэтэл одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоо улстөрөөс бүрэн хараат байдаг механизмтай төдийгүй өнгөрсөн бүх хугацаандтэднийг зөвхөн хоёр том намын тохироогоор томилж ирлээ. Энд л улстөр байгаа бол цаашид юунд ч найдах хэрэггүй.
Үүний дараа шүүх засаглал(эрх мэдэл) -д улстөр огт оролцдоггүй байлгах ёстой. Мэдээж үүнднийгэмд шударга ёсыг сахиулдаг хууль хүчний байгууллагууд болох цагдаа, прокурор, АТГ багтана.
Монголын нийгэмд шударга ёс мөрдөгдөх үү, үгүй юу гэдэг нь эдгээр байгууллагад улстөрийн нөлөөлөл байгаа эсэхээс шууд хамаарна. Гэтэл үнэнг тогтоох сүүлчийн цэг болдог, шүүх засаглалын оройд залардаг Улсын дээд шүүхийн бүрэлдхүүнийг улстөрийн байгууллагын (парламент, ерөнхийлөгч) нөлөөгүй томилж чадахгүй байна. Бүх шүүгчийг зөвхөн улстөрийн намаас нэр дэвшиж сонгогддог Ерөнхийлөгч томилж байна. Прокурор, АТГ-ын удирдлагыгмөн л улстөрийн байгууллага томилж байна. Шүүхийн энэ тогтолцооныхоо горыг бид хангалттай үүрч байгаа тухай олон жишээ баримтыг нурших нь илүүц биз. Үүнийг өөрчлөхгүй юмуу?
Монгол Улс, төрөө жинхэнэ ёсоор ажилладаг болгоё гэвэл, түүгээр хийхгүй байгаа ажил үүргүүдийг нь гүйцэтгүүлье гэвэл төрийн албыг улстөрөөс ангид, түүний нөлөөллөөс хамгаалсан, бие даасан байдлыг хангасан өөрчлөлтийг хийх хэрэгтэй.Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй толгой байгууллага -Төрийн албаны зөвлөлийг бас л улстөрийн байгууллага (УИХ) -аас томилж байна. Төрийн албан хаагчдыг Засгийн газрын настай (1.8 жил) тэнцүү хугацаагаар сольж байна. Монголын төрийн албыг сульдаатай, хүнийрхүү, чадвар чадамжгүй, иргэдээ ялгаварладаг, албан тушаалтанд үйлчилдэг, авилга хээл хахуульд автдаг болгосон гол шалтгааныг өөрчлөхгүй юмуу? Энэ талаар Үндсэн хуульд хамгаалалтын босго суулгаж өгөхгүйгээр бид төрийн албаа хараат бус ажиллуулж чадах уу?
Төрийг төвхнүүлэхтэй холбоотой маш чухал зүйлс бол сонгууль зохион байгуулдаг, улс төрийн намыг хариуцдаг байгууллага (одоогоор Сонгуулийн ерөнхий хороо, Дээд шүүхэд байдаг) -ын эрх үүрэг, үйл ажиллагаа, түүнийг байгуулдаг тогтолцоог үндсээр нь өөрчилж, улстөрөөс ангид ажилладаг төрийн байгууллага болгох хэрэгтэй байна. Мөнгөний сонгууль хийдэг, намын хөтөлбөр сонгодоггүй, намын гишүүнийг сонгодог, сонгогчдын санал худалдаж авдаг, ард түмнийг талцуулдаг, хатуу гишүүнчлэлтэй улстөрийн намын системээ өөрчлөхгүй юм уу? Улстөрийн намыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжилснээр эдгээрийг өөрчлөж чадах уу?
Өчүүхэн миний бие, Үндсэн хуулийн өөрчлөлтөд маш чухал гэж үзэж байгаа зүйлсээс дөрвийг жишээ болгон авч саналаа бичлээ. Эдгээрийн зарим нь одоогийн төслүүдэд үнэр төдий бүрхэг, зарим нь огт алга байна. Ерөнхийлөгчийн санал болгож буй төсөлд сонгуулийн холимог тогтолцоо, төрийн бичгийн дарга шатлан дэвшиж томилогддог систем, УИХ гишүүн ерөнхий сайдаас бусад албан тушаал хавсарч болохгүй гэх зэрэг зарчмын гэмээр чухал санаанууд байгаа нь сайшаалтай. Гэвч улс төрийн намын гишүүдийн тооны доод хязгаарыг 50 мянга болгож нэмэх зэрэг тун хортой санал ч бас байна. Намын гишүүдийн тооны доод квот 800 байхад ингэж их улстөржүүлж, ард түмнийг хагалж байгаа юм чинь 50 мянга болговол үүнээс 60 дахин их улстөржих магадлалтай. Харин МАН-ын улстөрчдийн боловсруулсан төсөлд Ерөнхий сайдыг огцруулахтай зэрэгцүүлэн шинэ Ерөнхий сайдын нэрийг хамт дэвшүүлдэг Германы канцлерт итгэл үзүүлдэг сайн зарчмыг авах гэж байгааг эс тооцвол байгаа онох, хорлох зүйлс хомс байх шиг байна.
Харин энэ хоёр төслийн хамгийн муу нэг зүйл нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр далимдуулж намууд төсвөөс санхүүждэг болох нь. Багадаа 800 гишүүнтэй намыг “амьд” байлгахад ийм их мөнгө орж байхад түүнээс 60 дахин олон гишүүнтэй намд мөн их мөнгө хэрэгтэй еэ. Тэгээд үүнийг ард түмний хармаанаас гаргана гэж байгаа. Хатуухан хэлбэл энэ удаагийн өөрчлөлт энэ маягаар үргэлжилбэл “тэмээн дээрээ ямааны гарз” гэдэг л болох гээд байна.Үндсэн хуульд буруу өөрчлөлт хийвэл ирээдүйд гарах сөрөг үр дагавар нь маш ноцтой байдаг. “Онош”-оо зөв тогтоолгүйгээр “буруу эмчилгээ” хийсэн гашуун туршлага бидэнд бэлээхэн бий шүү дээ. Нэгэн жишээг сануулъя.
1996-2000 онд Ардчилсан хүчний гурван ч Засгийн газар нүд ирмэх зуур унаж байгааг харсан улстөрчид, “засаг тогтвортой байх” ёстой гэсэн дүгнэлтэд хүрч, УИХ-ын гишүүдээс л кабинетаа байгуулбал засаг тогтвортой байх юм байна гэж “бодсон”. Засгийн газрыг УИХ л байгуулж, огцруулдаг болохоор УИХ-аас хэдий олон гишүүн засагт орж байвал төдий хэмжээгээр засаг унах магадлал багасна гэж энгийн логикоор “бодсон”(яагаад бодсон гэдэг үгийг хашилтад хийгээд байна гэхээр Ерөнхий сайд болоод сайд болсон гишүүдл ингэж бодохоос харин сайд болоогүй, хийж үзээгүйгишүүд бол өөрсдөө сайд хийх бодлоор хандсан). Эдгээр бодлууд, энэ логикоор 2000 онд Үндсэн хуульд “эмчилгээ” хийсэн. Гэтэл энэ өөрчлөлтөөс хойш дөрвөн бүтэн засаг огцорсон байна. Хэрэв энэ зөв өөрчлөлт байсан юм бол бараг л бүрэлдэхүүнээрээ шахуу УИХ-ийн гишүүдээс бүрдэж байсан Н.Алтанхуягийн, Ж.Эрдэнэбатын засгууд огцрохгүйбайсан.Тэгэхээр эмчилгээ буруу байж.Энэ буруу эмчилгээний горыг монголчууд бид нийтээрээ хангалттай хүртсээр сууна. Улс төрийн болоод бодлогын тогтворгүй байдал, төрийн тодорхойгүй, чадавхигүй байдал гэх зэрэг үзүүлэлтээр Монгол Улс өдгөө дэлхийд гайхагдаж байна. “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн нэг гэгдэх энэ “эмчилгээ” зохиогүй гэдгийг амьдрал нотлоод байхад шинэ төсөлд үүнийг огт байхгүй болгоогүй байгаа нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага шалтгаанаа сайтар судлаагүй байна гэж үзэхэд хүргэж байна.
Ер нь бол, “Засгаа тогтвортой байлгая” гэж хийсэн энэ өөрчлөлтөөс (Үндсэн хуулийн 29.1 зүйл) хойш засаг унаад байсны суурь шалтгаан нь маш энгийн математикт л байсан гэвэл та итгэх үү?Үндсэн хуулийн 2000 оны энэ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүнийг давхар хашиж болохыг зөвшөөрсөн нь УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд Засгийн газрыг таван удаа шинээр бүрдүүлж болох үүдийг нээж өгсөн юм. Засгийн газар ойролцоогоор 15 гишүүнтэй гэвэл 76:15=5 буюу засаг, дөрөв огцорч тав байгуулагдах боломжтой болгосон гэсэн үг. Тиймээс цаад суурь шалтгаан нь Засгийн газрын гишүүний тооноос УИХ-ын гишүүний тоо ямагт олон буюу ойролцоогоор тав дахин олон байсанд учир нь байжээ. Цаашид 2000 оны энэ өөрчлөлт хэвээр үлдэж, харин гишүүдийн тоо 108 болбол, УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд засаг, зургаа огцорч долоо байгуулагдах (108:15=7) боломжийг нээх юм. Ийм л энгийн учир шалтгаантай юм шиг мөртлөө маш гүнзгий хор хөнөөл, үр дагавартай өөрчлөлтийг19 жилийн өмнө манай улстөрчид хийсэн юм.
Онош буруу, судалгаа үндэслэл дулимагбол ийм л буруу “эмчилгээ” хийгдэнэ. Миний онош, онош гээд дахин давтан хэлээд байгаа учир үүнд юм. Дээрх жишээнд хэрэв миний тавьж байгаа онош зөв бол “эмчилгээ” нь “УИХ-ын гишүүн өөр ажил албан тушаал хавсарч болохгүй” гэх утгатайҮндсэн хуулийнхуучин заалтаа сэргээхэд л болчих юм. Ингэвэл УИХ гишүүн,өөрөө сайд болох гэж засгаа унагадаг учир зүй арилж, энэ шалтгаанаар засаг унадаг үүд бүрмөсөн хаагдана(ер нь өнгөрсөн хугацаанд засгаа унагасан үндсэн шалтгаан энэ байсан байх шүү. Лав л муу ажиллалаа гэж хариуцлага тооцож унагасан шалтгаан мэдэгдээгүй). Гэхдээ би эмчилгээний энэ гаргалгааг зөвхөн дээрх жишээнд зориулж хэлж байгаа болохоос “засгаа л тогтвортой байлгавал” Монголчуудын хувьд амин чухал зүйл, үүнийг л Үндсэн хуулинд суулгах хэрэгтэй гэж хэлээгүй. Засаг тогтвортой байх, мөн үүний зэрэгцээ хариуцлага тооцож болдог байх зэрэг нь нэг зоосны хоёр тал шиг салгаж болохгүй чухал зүйл.
Хэлэх амархан, хийх хэцүү гэдгийг ойлгож байнаа. Миний санал болгож байгаа суурь шалтгааныг өөрчлөх бэлэн жор байхгүй байж болно. Тиймээс одоо гарц шийдлийг хайх эрэл хайгуулийг гол асуудал руугаа чиглүүлмээр байна. УИХ-ын гишүүдийн тоо, эсвэл УИХ, ЗГ-ын бүрэн эрхийн хугацаагаар маргалдах биш, харин Монголын төрд улс төрийг хэрхэн яаж хязгаарлах вэ? улс төрийн хил хязгаар нь хаагуур байх вэ? улстөр нэвтрэх ёсгүй төрийн байгууллагуудаа яаж түүнээс хамгаалах вэ? Шүүх прокуророо, Үндсэн хуулийн цэцээ, нам, сонгуулийг хариуцдаг байгуулагаа яаж улс төрөөс хараат бусаар байгуулж ажиллуулах вэ гэдгээрхэлэлцүүлэг өрнүүлмээр байна. Мөн судлаачид эрдэмтдээрээ бусдын сайн туршлагыг судлуулж гарц шийдэл гаргуулмаар байна. Өнгөрсөн зууны эхээр АНУ-ын төр яаж клиентилизмээсээсалжулстөрийн шинэчлэл хийснийг, нацизм милитаризмын үед ч Герман, Японы төрийн албадсайн төрийн мөн чанараа алдаагүй шалтгааныг судалмаар байна. Канадын төрийн албаны мерит системийг, Сингапурын хүчтэй төр яагаад хэт улстөржилтөнд автахгүй ажиллаж болоод байгаагаас суралцмаар байна. Эдүгээ дэлхий олон оронд яригдаж байгаа “намын оновчтой улстөргүйжилт” гэх төрөө намаас тусгаарлах концепцийг Монголын төрийн тогтолцоонд нэвтрүүлмээр байна.Энэ мэт түмэн туршлага бидний эргэн тойронд байна. Зөв эрэл хайгуул, зөв чиглүүлэлт эрх биш гарц гаргалгааг олоход хүргэх учиртай.
Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд нухацтай хандаач гэж одоогоор ард түмнээс хууль тогтоох түр мандатыг хэрэгжүүлж байгаа улстөрчддөө хандаж уриалмаар байна.Та нар энэ суудалд мөнх хадагдаагүй,удахгүй жирийн л нэг иргэн болж энэ удаагийн өөрчлөлт зөв бол үр шимийг хүртэх, буруу бол горыг үүрэлцэх болно. Энэ бол та бидний үр хүүхдийн ирээдүй, Монгол Улсын ирээдүй.Тиймээс зөвхөн Монгол хэмээх том эрх ашгийн үүднээс, ийм улс орон байх учир шалтгаан нь болсон энэ ядарсан ард түмний нийтлэг эрх ашгийг харгалзан асуудалднухацтай хандаач гэж уриалж байна. Өөрийн нам, хувийн эрх ашгийн үүднээс бүү хандаач. “Ажилладаг төр”-тэй болчихвол та бид бүгд хожино шүү дээ.
Үндсэн хууль нь нийгмийн гэрээ гэдэг утгаараа түүний өөрчлөлтийн асуудал зөвхөн улстөрчдийн хийх ажил биш. Тэр дундаа улс төрийн намууд л өөр хоорондоо тохиролцож хийдэг зүйл бүр биш. Нарийн ярьвал улстөрчдийн төр дэх үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг бол Үндсэн хууль юм. Цаад утгаараа ард түмнээс улстөрчдөд өгдөг эрх, үүргийн хураангуйлал, үйл ажиллагааны нь хэм хэмжээ, хүрэх хүрэхгүйн хязгаар шугам бол Үндсэн хууль. Гэтэл танай нам ганцаар хийх гэлээ, манай нам хамт хийх ёстой ч гэх шиг утгагүй сонин юм ярьсан, яаж хийхээ байтугай, ямар учир шалтгаантайг ч ойлгохгүй нөхдүүд хийрхээд байгаа харагдах юм. Энэ бол судалгаа дүн шинжилгээнд тулгуурлан, ард түмний зөвшөөрлөөр, өргөн зөвшилцлөөр хийгдэх зүйл.
Монгол Улсын өнөөгийн улстөрийн тогтолцоо нь чөлөөт сонгуулиар улс төрийн намын гишүүдийг төрдөө сонгож ажиллуулдаг зарчимтай. Монголчууд бид “массын ардчилал” гэх энэ үндсэн зарчмаасаа ухрахгүй нь үнэн бол улс төрийн намаа төрөлх төрхөнд нь оруулах, улс төрийн хөгжлийг зөв голидролоор хөгжүүлэх журам, тогтолцоог бий болгох нь өнөөгийнхамгийн тулгамдсан зорилт болоод байна. Дахин хэлье, Монгол улс, төр дэх улс төрийн вирусээ цэвэрлэхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ талаар буюу “Улс төрийн реформ”-ийн тухай бичсэн нийтлэлээр эргэн уулзъя.
Ж.БАТБОЛД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: