УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжилна
ТЕГ-ын дарга Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэргээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт оршин суудаггүй аж. Тиймээс шүүхээс хэргийг хааж байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор Б.Хурц болон түүний өмгөөлөгч хүсэлт гаргаж эрэн сурвалжлуулах гэж байгаа юм байна. УИХ-ын гишүүнийг эрэн сурвалжилснаар хаягийг нь олох юм. Улмаар хаягийн дагуу иргэний хэргийн шүүхэд хандаж нэр төр сэргээх эсэхийг шүүхээр тогтоолгох юм байна.
Энэ талаар Б.Хурцын өмгөөлөгч Р.Санчирбал: 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төрийн ордонд Улсын Их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан. Үүнд: “…Хар тамхины наймааны ард Тагнуулын байгууллага байгаа. Б.Хурцын бүлэг гэж тодорхой хэлье. Б.Хурц генералын байгуулсан хар тамхины наймааны бүлэг.”, “…Варшавын шүүхийн тогтоол миний гар дээр байна. Б.Хурцын ах дүү нар дандаа тамхины наймаа хийж байгаад баригдаад Варшавын шүүхээс ял авсан”, “Тэр ял авсан авсан нөхдүүдийг буюу Даваадоржийг Англи руу, найзуудыг нь Хонконг, Хойд Солонгос руу явуулсан”, “ Харин өөрт нь генерал цол өгч Монголын төр толгой дээрээ гаргаж даврааж байна” гэх мэтээр удаа дараа худал мэдээ, мэдээллийг тарааж түүний нэр хүндэд нь халдаж байсан.
Уг худал мэдээллийг нь нотлуулах үүднээс бидний зүгээс удаа дараа шүүхэд хандсан боловч УИХ-ын гишүүн Ж.Батзандан оршин суугаа хаяг дээр байхгүй, хаа байгаа газар нь мэдэгдэхгүй байна л даа. Хамгийн инээдтэй нь хүнийг гүтгэж, попрохдоо огцом, огцом гарч ирчихээд дараа нь шүүхээр явах болохоор шүүх хуралдааныг 10 удаа хойшлуулдаг, нэхэмжлэл гаргахаар түүнийгээ гардаж авдаггүй, хаяг нь тодорхойгүй болчихдог сонин хүн шүү.
Бас болоогүй түүний хуульчаар ажиллаж байсан хүн нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр томилогдсон /шүүгчийн нарын томилогоонд оролцдог/ шүү энийг бол би өөрийн биеэр мэдэх юм. За тэгээд нөгөө өдөр болгон зурагтаар гардаг гишүүн маань яагаад попрох үедээ попорчихоод, тэрийгээ шүүхийн өмнө нотлооч гэхээр алга болдог юм бэ. Миний танилуудаас гишүүнийг таньдаг бол хүний нэр төрд халдсан бол нэхэмжлэлээ зүгээр гардаж аваад, нотлох баримттайгаар аливаа зүйлийг ярихыг хүсч байна шүү. За тэгээд олдохгүй байгаа гишүүнээ өнөөдрөөс оршин суугаа хаягийг эрэн сурвалжлуулахаас өөр арга алга даа. Учир нь өмнө нь гишүүнд гэрийнхэн нь хаягаар нэхэмжлэл гаргахад хүлээн авч байсан ба харин шүүх хурлаа хийлгэдэггүй учиртай.” Хэмээн тайлбар хийжээ.
ЭХ СУРВАЛЖ: TAC.MN
http://tac.mn/post/21651?fbclid=IwAR1GMdZHgyi1kEP9ro_eENCEzlP1WtYvhmw0OT4t2s5S5TMjlaBnfK-PWgs
URL: