ӨРӨНД ОРОХ ӨВЧИН !!!
650 мянгын цалинтай хүн төрсөн өдрөөрөө 650 мянган төгрөгийн үнэтэй франц амттан зээлээр авч төрсөн өдрөө тэмдэглэжээ. “…Миний найзын төрсөн өдөр нижгэр болсон, нижгэр болсоон…” Бүтэн сарын цалингаа ганцхан мөчид амандаа хайлуулж, араандаа уусгаж чаддаг дэлхийд ганцхан Монгол минь. Нас тогтсон хүн эхнэрээсээ салчихаад, оногдсон сууцаа хямдхан зарж, үнэтэй машин болгож унаад усанд авахуулаад гүйцээ! Одоо төдий насандаа орох орон, оочих аягагүй явна. Саятан герман хүн 300 доллароос илүү үнэтэй пиджак өмсдөггүй. “Шинэ баян цээж өвчтэй, хуучин баян хулуу өвчтэй” гэдэг үг ч тэр чигээрээ үнэн биш. Навсархай углааш, уранхай богино өмднөөс салдаггүй вьетнам шинэ баяны цээж өвчин тусдаггүй гэж байна. Манайхны хувьд зөөлхөн хэлбэл санхүүгийн боловсрол дутсаных юм. Хатуухан хэлбэл, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээгүйн хохь. Хуучнаар хэлбэл буяных нь уут уруугаа харсных. Хэрэглэх дон, хээнцэрлэх өвчнөөс даруу зан, хуримтлуулах хандлагын ялгааг дээрх дөрвөн жишээ батална. Аяга цайны балга сүү, магнаг болсон үнэтэй мах шөлөө дийлэхгүй, эсвэл цагаан сар тэмдэглэх гэж тэтгэврийн зээл авдаг хөгшид, хүүхдийн сургалтын төлбөр хийх мэт зайлшгүй хэрэгцээг энд хөндөөгүй. Өнөөдөр цалингийн зээлтэй 350 шахам мянга, хэрэглээний зээлтэй мөн 350 орчим мянган хүн байна. Энэ дунд аргагүй амьдралын хэрэгцээтэй нь ч бий, хөнжлөөсөө гартал хөлөө жийсэн нь ч олон мянгаараа байгаа. Саяын цалинтай хүн 2 саяар жилээс жилд дулаарсаар байгаа өвлийн 3 сард үс арьс нөмрөх гэж өр тавих нь тэнэг хэрэг. Үйлчлэгч хүн онцын шаардлагагүй өндөр өсгийтэй арьсан гутал углах гэж хэдэн сарын цалингаа өрөнд өгөх нь мунхаг явдал. Дунджаар 2 сая төгрөгийн орлоготой айл 3 саяын зээлтэй байна.
Өр, зээл хоёрын хооронд алд дэлэм зөрүү бий. Өртэй хүн өөдөлдөггүй. Зээлтэй хүн өч төчнөөнөөрөө өөдөлсөн. Эргэлтийн хөрөнгө, гарааны дэмжлэг дутсан, шинэ санаа, ашгаа олоод, буцааж төлөх тооцоотой зээл авах эрэлт хэрэгцээ өр тавих донгоос эрс өөр. Хийж бүтээхгүй байж, эдийн шуналдаа идэгдэж, тосонд умбаж, торгонд хөлбөрөх гэсэн хэрэглээний ноёрхолд дарлагдсан сэтгэлгээний талаар хөндөж байна.
—
ӨРӨНД ОРОХ “ӨВ СОЁЛ”
—
Өнгөрсөн түүхээс санах сэрэх зүйл өч төчнөөн бий. Ард Аюуш Цэцэг нуурын дугуйлангийн тэмцлийн үзүүр нь хувийн шуналдаа хөтлөгдөж, хээнцэрлэл тансаглал нь хэтэрч, хошуу нутгаа өрөнд бариулсан Маньбадар гүн гэгчийг эсэргүүцэхэд оршиж байв. Хятадууд дураар аашлан шулж мөлжихийн хөрс суурь нь ноёд ямбатны эдийн шунал. Нэг хошуу 100 мянган лан мөнгөний өртэй. Зөвхөн жилийн хүүнд нь жилийн 70 мянган адуу, хагас сая хонь тушааж байжээ. Бүх хошууны өр 11 сая лан мөнгө нэг өрх 504 лан мөнгө хүрч байсан байна. Хөгшин ноёны бага хатны сувдан гутлын үнийг хошуу нутгаар төлж байсан. Өнөөдрөөр бол сумын даргын авгайн бөгжийг малчид төлж байна гэсэн үг л дээ. Богд хаант Монгол Улсад Оросоос олгосон 5 сая рублийн зээлийн хамгийн эхний сүйтгэл нь оройн дээд эзэнтнээ залрах алтан сүйх тэрэгний үнэ өртөг болсон гэсэн баримт бий. Одоогоор бол бондын мөнгөний эхний зарцуулалт нь “Ролс Ройс”-ын төлбөр гэсэн үг. Өр тавьж, тансагладаг гэм биш зан зуун жилийн дараа ч бахь байдгаараа. Оросууд олгосон зээлээ хянуулах гэж Сангийн яамны түмшэл С.А.Козиныг томилон ирүүлжээ. Монголын Засгийн газрын Санхүүгийн зөвлөхөөр 3 жил ажиллахдаа цэрэг армиа боловсруулахад зориулж олгосон мөнгөөр дайны бурхан бүтээлгэхэд зарцуулах зэрэгт хяналт тавихаар ирсэн юм. Мод бэлтгэхэээс өгсүүлээд олон зүйлээс татвар хураамж авч эхэлсэн тул Козин гэгч нэр нь Гоожин болон монголчлогдож, одоо ч Монголын хуулинд хүчин төгөлдөр нэр томъёо, ойлголт болон үлдсэн билээ.
Зах зээлд шилжээд 30 жил өнгөрч байна. Айл өрхийн 96% нь сарын орлого, зарлагаа хөтлөх, дөрвөн аргын тоогоор олох, төлөхөө тооцох анхан шатны санхүүгийн мэдлэггүй байна гэсэн Азийн хөгжлийн банкны судалгааны дүн гарчээ. Дэлхийн банкны 2012 онд явуулсан судалгаагаар хүн амын 30% гаруй нь зээлийн хүүгийн талаар ойлголтгүй, 60-аас илүү хувь нь инфляци хадгаламжид нь хэрхэн нөлөөлөх талаар мэдэхгүй байсныг илрүүлжээ. Хүн амын 57 хувь нь ирээдүйгээс илүү одоо байгаа нөхцөл байдалдаа анхаарлаа хандуулдаг гэжээ.
Энэ өдрүүдэд ядуурлыг ялж төгс нөхцөөх ялгуусан хүчит зэвсэг гэж ухуулж буй 20 сая төгрөгийн 3 хувийн хүүтэй итгэлийн зээлийн талаар ид шуугиж байна. Хямд хүүтэй зээл, гарааны дэмжлэг, эргэлтийн хөрөнгө ЖДҮ эрхлэгчдэд, хүн шиг амьдрах хүсэл төлөвлөгөөтэй хэн бүхэнд ус, агаар шиг хэрэгтэй. Гагцхүү мөнгөний соёл, мэдлэг байна уу? Архи, гар утас, хямд машины борлуулалт шажигнаж, нэгийг шийдэх гээд нөгөөг баллах уу? Төгрөгийн ханш, инфляцид хэрхэн нөлөөлөх талаар тооцоо судалгаа байна уу? Бороо шиг шаагиад орох мөнгийг шороо шиг шуураад одуулах шүүрэн шанаганы сэтгэлгээн дээр хавтгайруулан тараавал, манай, танай гэж ялгаварлан гадуурхвал хор уршаг нь олон жилээр гарна.
—
ЗЭЭЛДЭГЧИЙН ӨВРИЙН ТОЛЬ
—
Идэж уух, өмсөх зүүх, унах талхих бүх бараа бүтээгдэхүүнийхээ 1%-ийг өөрсдөө үйлдвэрлэж, 99%-ийг худалдаж авдаг Монгол бол хэрэглэгч орон. Улсаараа л урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөн чөтгөрийн тойрогт торгуулийн цаг сунгаж яваа. Өмнөх өгүүлэлд дурьдсанаар доллар идэж, доллар ууж, доллароор хөнгөрч хүндэрдэг хөх толботнууд. Эдийн засгийн өсөлтийг импортын хэрэглээ, түүнийг дагасан төгрөгийн ханшгүйдэл залгидаг. Энэ оны эхний дөрвөн сард импорт 480.5 сая ам.доллар буюу 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оныхоо мөн үеэс 184.3 сая доллар буюу 487 тэрбум төгрөгөөр өсчээ. Гар утас, зурагт, хөргөгч, гэрийн тавилга, гэх мэтийг авахад зориулсан хэрэглээний зээл сүүлийн жилүүдэд 55 хувиар нэмэгдсэн. Хөршүүд хоорондоо адилхан тал ихтэй юм. Саяхан бид Орост зах зээл судлахаар очлоо. Бид олон талаар төстэй. Жишээ нь, байраа зараад хуримаа хийчихдэг, ганган цаг, тансаг машинд нүдээ өгөхөөс буцахгүй. Хэрэглээний зээл огцом бүр 200 хувиар өссөн тул бодлогоор хязгаарлаж эхэлжээ. Монголд ч бас орлогынх нь 60 хувь хүртэл хэмжээнд хэрэглээний зээл олгохоор болж хязгаарлаж эхэлсэн. Харин хойд айлд нэг сонирхолтой шийдэл нэвтрүүлсэн нь Зээлдэгчийн өврийн толь гэж нэрлэхээр зүйл. Зээл авагч зээл олгогчийн нүдээр өөрийгөө толинд харна. Зээлийн боловсрол олгож байна, босго ч тавьж байна. Зээл аваад ганган гар утас, сунагар машинаар гайхуулах хорхойг нь дарж эхэлсэн. Интернэтээр ороод заавал бөглөхөөр хуульчилсан, босго даваагүй бол хэн ч хаанаас ч хэрэглээний зээл авах боломжгүй. Монголд өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 980 тэрбум төгрөг болж, өмнөх сарын мөн үеэс 66.3 тэрбум төгрөгөөр өсөөд байна. Харин чанаргүй зээл 2019 оны 4-р сарын эцэст 1.9 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийн мөн үеэсээ 738.4 тэрбум төгрөгөөр нэмэгдчихсэн. Зээлийн данстай иргэдийн тоо энэ оны эхний улирлын байдлаар 1.3 сая болж, өмнөх оны эцсээс 49.2 мянгаар нэмэгджээ. Зээл олгож л байвал ашигтай гэдэг зүй тогтол байхгүй. Барьцаа бол баталгаа биш гэдгийг дээрх тоо баримт харуулж байна. Шүүхээр дор хаяж гурван жил заргалдах барьцаа гэдэг баталгаа биш. Зээлдүүлэгч, зээлдэгч хоёул тохой нийлүүлэн тооцон бодож, унавал хамт, босвол цугтаа нэг завин дээр яваа талуудын харилцан итгэлцэл байдаг. “Зээлдэгчийн өврийн толь” аппликэшн бүтээж, FinTech гэгддэг санхүүгийн ухаалаг технологи ашиглавал зээл, мөнгөний соёлын довтолгоо хүн бүхний гарт хүрнэ. Зээл авагч өөрийнхөө зээлийн түүхийг зээл олгогчийн нүдээр харвал өртэй хүн өөдөлдөггүй тохиолдол эрс цөөрнө.
“Хөгжлийн аминдэм ТББ”-ын тэргүүн,
“Бичил Глобус” санхүүгийн нэгдлийн Ерөнхий захирал
Самдангийн ОТГОНБАТ
URL: