Биеэ тоох өвчнийг туулаад өнгөрчихсөн
УДЭТ-ийн найруулагч Намнангийн Наранбаатартай ярилцлаа.
-Таны найруулан тавьсан жүжгүүд энэ сарын 27-29-ний өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тоглогдохоор болжээ. Ямар бүтээлүүд тань тайзнаа тавигдах вэ?
-Манай театрын уран бүтээлчид 14, 15-ны өдрүүдэд “Тэнгэрийн хүү” жүжгээ тоглосон. Энэ сарын 27-29-ний өдрүүдэд Валентин Краснагоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. Өдрийн цагаар сурагчдын амралтад зориулж “Нууц амраг чинь болъё” гээд оюутнуудын төгсөлтийн хонхны баярын тухай жүжиг тоглогдох гэж байна даа. Ирэх Валентины баяраар “Парисын Дарь эхийн сүм” жүжгийг тоглож магадгүй. Хоёрдугаар сарын 28-наас олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулаад Оросын алдарт зохиолч Александр Гельвиний “Цэцэрлэгт учирсан хоёр” уянгын мелодрам жүжгийг Монголын бүсгүйчүүддээ баярын бэлэг болгон тоглоно. Энэ жүжгийн утга санаа нь эмэгтэй хүний сайн сайхан чанарыг харуулсан, нууцлагдмал асуудлыг хөндсөн, амьдрал гэж юу вэ гээд олон талын асуулт хөндсөн уран бүтээл байгаа.
-Таны жүжгүүдийг одоо тайзнаа тавьж байна. Танаас гадна ардын жүжигчин Б.Мөнхдорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, Ч.Найдандорж гээд сайн найруулагчид байдаг. Тэдний жүжгүүд тавигдах болов уу?
-Тавигдалгүй яахав. Нэгдүгээр сард урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийн “Ану хатан” жүжиг тоглогдож байна. Ирэх сард мөн тоглогдоно. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагчийн “Гэрэлт инжийн дурлал” гэж япон жүжиг сургуулилтдаа орчихсон. Гуравдугаар сард нээлтээ хийнэ.
-Театрын 80 жилийн ойн гол арга хэмжээ “Тэнгэрийн хүү” жүжиг байсан. Тэр том жүжгийг тайзнаа амилуулахын тулд найруулагчдын дунд сонгон шалгаруулалт явуулсан уу?
-Манай захиргаа, уран сайхны зөвлөлөөс “Тэнгэрийн хүү” жүжгийг надад даалгаж театрын 80 жилийн ой, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн хүрээнд үзэгчдийн хүртээл болгох үүрэг өгсөн.
-Уран бүтээлийн хажуугаараа нөгөө гуравтайгаа дуулж байна уу. Театрын дөрөв гээд хүмүүс ам сайтай байдаг. Сүүлийн үед нам гүмхэн байх чинь. Аль эсвэл дуулахаа больсон уу?
-Хүмүүс бас яриад байна. Та хэд ахиад шинэ дуу, цомог гаргаач ээ гээд байдаг. Ажлын зав үнэхээр болж өгөхгүй юм. Ажилдаа нухлагдаад таардаг. Бид чинь улсын ажил хийж байгаа. Өнгөрсөн жил театрын ой гээд ачаалал их байлаа. Энэ жил ажил гайгүй болж шинэ уран бүтээл хийдэг юм уу гэсэн бодолтой байгаа шүү.
-”To be or not to be” шоу амжилттай болоод өнгөрлөө. Та ч оролцогчдыг нэлээд “цавчиж” байгаа харагдсан. Таны хүсэж байсан шиг авьяаслаг хүмүүс оролцож чадав уу?
-Анх удаа УДЭТ, UBS телевиз хамтран “To be or not to be” шоуг хамтран зохион байгууллаа. Эхний юм алдаа, оноотой байж болно. Гол зорилго нь театр, урлаг гэдэг маань юу юм бэ. Жүжигчин гэж ямар хүнийг хэлэх вэ. Хичнээн ачаалалтай, олон талын мэдлэг, боловсролтой байж дүрдээ хандах хандлагаа гаргах гэж яаж ажилладгийг харуулахыг хичээсэн. Үзэгчдэд дандаа үр дүнг хардаг. Бэлэн болсон дүрийг үздэг гэсэн үг. Үүний цаана ямар их хөдөлмөр байдгийг ойлгуулах, театр урлагийн ойлголтыг үзэгчдэдээ өгөх гэсэн туйлын цаад зорилго байлаа. Урлагийн хүн болохыг хүсдэг залуус, бүр зорилгоо болгочихсон хүмүүст зориулсан нээлттэй боломжийг олгосон. Тэр үүднээсээ шоу үр дүнтэй болж өнгөрсөн. Хүмүүс жүжигчдийн хэрхэн хүч хөдөлмөрөө гаргадгийг ойлголоо. Хүмүүс театр урлагийг үр дүнгээс нь харж дүгнэлт өгөөд байсан бол энэ шоуны үеэр өөр бодолтой болцгоосон байх. Нөгөө талдаа урлагийн хүн болох гэж байгаа хүн зүгээр нэг хийрхэж, мөрөөдөөд, дэвээд байх биш мөн чанарыг нь илүү их ойлгох байсан. Жишээ нь манай урлагт нэг том алдаа байдаг юм. Угаасаа агуулга, хэлбэр хоёр ижил түвшинд явах ёстой. Гэтэл өнөөдөр хэлбэр нь ихдээд байгаа байхгүй юу. Мөн чанараасаа илүү стиль, имиждээ анхаарч байна. Барилдахаасаа илүү таахалзана гэдэг нь ихэдчихсэн. Гол нарийн ур чадвар, мэргэжлийн гэгдэх зүйл маань хаягдчихсан учраас энэ цагт нэвтрүүлэг ач тусаа өгч байгаа юм. Урлагийн хүн болох тал дээр ач холбогдлоо өгсөн байх гэж боддог. Шүүгч бол мэдээж өөрийнхөө үзэмжээр шүүнэ. Би худлаа зүйлд итгэдэггүй. Ямар нэгэн зүйлээрээ түрий барьж байгаа хүмүүсийг 10 гаруй жил 20 гаруй жүжиг найруулсан хүн эрхбиш мэднэ. Би өөрөө бодитой зүйлд дуртай. Цаашид энэ чиглэлээр явах хүсэл сонирхол, гэрэл гэгээ байна уу гэдгийг харах. Шоугаар далимдуулж хүмүүст харагдчих гэсэн бодолтой хүмүүс байдаг. Монголд шоу одоо хөгжих гэж байна. Тэр үүднээс өөрийнхөөрөө л шүүсэн. Цавчих зүйлээ цавчаад, цавчихгүй зүйлээ цавчихгүй шүү дээ.
-Ямар нэгэн уран бүтээл тайзнаа тавьсны дараа омогшино биз. Найруулагч болоод биеэ тоож байв уу?
-Мэдээж хүн омогшилгүй яахав. Биеэ тоох гэж өвчин байдаг гэж боддог. Тэрийг туулаад өнгөрчихсөн л дөө. Биеэ тоох асуудал хүн болгонд байна. Би өөрийгөө тоохгүй бол өөр хэн тоох юм гэж үг байдаг. Бүх юманд хэмжээ хязгаар бий. Даруухан байх хүртэл хэмжээтэй гэдэгтэй адилхан ерөөсөө хүн өөрөө дозыг нь тааруулах хэрэгтэй. Хүн өөртөө омогшиж, эрдэж, бардаж юм хийнэ гэдэг уран бүтээлч хүний хувьд онгод хийморь болж өгдөг. Нөгөө талдаа би хийчихлээ гээд цээжээ дэлдээд явбал бас мөхөл болно. Миний хувьд өөрийгөө тоогоод байх зүйл өнгөрсөн. Дөнгөж 24-тэйдээ төгсөж ирээд “Бооцоо”, “Надаар тоглосон хайр” жүжгүүдийг найруулаад шуугиулж байхдаа биеэ тоовол тоохоор байлаа. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд даруухан явсан. Түүнээс хойш олон уран бүтээл хийлээ. Эхнээсээ хит болж олон шагнал авсан. Тэглээ гээд онгироод байсан тохиолдол надад байхгүй. Хүн бүтээлдээ хайртай байх хэрэгтэй. Хамгийн гол нь үзэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээл хийчихээд нүүр бардам байх сайхан. Нэг зүйл хэлэхэд уран бүтээлийн үнэлэмж шударга явах ёстой гэж боддог. Янз бүрийн яам, тамгын газрын шагналууд байдаг байх. Үүн дээр зөв бодитой хэн нэгэн хүний лобби, найз нөхөрлөл гэхээсээ илүү бүтээлийн мөн чанарыг харж урамшуулж байвал зөв юм болов уу гэж боддог.
-Уран бүтээлч хүн үүнийг л хийчих юмсан гэж дотроо шатаж явдаг бүтээл байдаг. Таны хувьд одоо тайзнаа тавьчих юмсан гэсэн уран бүтээл байна уу?
-Залуу найруулагчийн хувьд Оросын том том найруулагч, миний Б.Мөнхдорж багш ч хэлдэг. Найруулагч хүн бүх жанрын жүжгийг тавьдаг байх хэрэгтэй гэдэг. Дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, сайн драм, инээдмийн жанрын бүтээлийг бүгдийг найруулж чадаж байж найруулагч болдог гэж ярьдаг. Миний хувьд энэ бүх болзлыг хангасан гэж боддог. Энэ тал дээр өөрийгөө бардам хэлж чадна. Би их шуналтай хүн. Тэр нь гэхдээ эдийн биш уран бүтээлийн шунал юм. Хийе гэсэн уран бүтээлүүд миний дотор буцалж явна. Жишээ нь энэ онд “Ромео Жульетта”-г музыкл болгож тавихаар төлөвлөөд байна. Байгууллагад стратеги төлөвлөгөө гэж байдаг. Түүнтэй адил хувь уран бүтээлч нарт ч тийм төлөвлөгөө бий. Миний хүсэж мөрөөддөг зүйл гэх юм бол Германы нэрт зохиолч, философич И.В.Гётегийн “Фауст”, Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”, В.Шекспирийн “Гамлет” жүжгүүдийг тавих юмсан гэж бодож явна даа.
-Тэгвэл маш их завгүй яваа юм байна. Таныг найруулагч гэдгээр хүмүүс танина. Ар гэрийг тань төдийлөн мэдэхгүй ээ. Тийм болохоор гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай гэр бүлийн хүн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш Гантуяа гэж хүн бий. Бид гурван хүү, хоёр охинтой. Энгийн аж төрж байгаа гэр бүлдээ.
-Өнөр бүлээрээ сайхан амьдарч байгаа юм байна даа?
-Тийм ээ. Тийм. Дээхнэ үеийн хаад хүү гаргаж отголдог байсан юм билээ. Охин хүүхдээр отголдоггүй юм билээ. Сая харин хүү төрж отголлоо гэж ойлгож байгаа.
-МАН-д элссэн байх аа. Саяхан бас топ 100 залуу шалгаруулахад нэлээд дээгүүр орсон байна лээ. Улс төр хэр сонирхож байна вэ?
-Анх МАХН-д элсээд дараа нь түтгэлзсэн. Яагаад гэвэл би Монгол Улсын иргэн төрийн алба хашиж байгаа болохоор хуулиа дагана. Төрийн байгууллагын ажилтан хүн бол нам бус байх ёстой гэдэг үүднээс түтгэлзсэн. Би намын үзэл бодлыг нь дэмждэг байсан. Топ 100 залуу бол ард түмнээс санал хураасан болохоор сайхан юм билээ. Яахав тэгээд тодорч байвал сайн л биз (инээв). Гэхдээ хүн болгон эрхэм зорилготой байх ёстой. Күнзийн биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гээд үг байдаг.
Э.ЭНХБОЛд
URL: