Хар хорхойн нүүдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэл хот, хөдөө орон нутаг болон зусланд хаздаг хар хорхойн нүүдэл их байгаа аж. Оройн цагаар ихэвчлэн гарч ирдэг тул нялх хүүхэдтэй эцэг, эхчүүд анхааралтай байхыг сануулж байна. Энэ талаар нэгэн иргэн цахим хуудастаа сэрэмжлүүлэг бичжээ. Тэрбээр “Гадуур хар хорхой маш их байна. Сибирийн түймрээс дайжсан байх. Эцэг эхчүүд хүүхдийнхээ чихийг хамгаалж, шалгаж байгаарай” гэсэн байна. 2010 онд нийслэлээр хар хорхойн нүүдэл дайран өнгөрч байсан билээ.
Шавьж хэт олшрох нь уур амьсгалтай холбоотой байдаг бөгөөд цаг агаарын таагүй байдлаас болж хорхой шавьж нүүдэллэх тохиолдол гардаг байна. Хар хорхойг ургамлаар хооллодог хүний биед сөрөг нөлөөгүй гэж үздэг ч унтаж байгаа хүүхдийн чих рүү орох магадлалтай байдаг тул ард иргэдэд аюулгүй байдлын үүднээс сэрэмжлүүлж байна.
URL: