Д.Хаянхярваа 800 сая төгрөг хамар дороосоо алдчихсан гэж үү?
-ТӨРИЙН НЭРЭЭР ХАЛХАВЧИЛСАН САНХҮҮГИЙН ЛУЙВАР-
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Э.Наранбаатар, Д.Нямхүү, Төрийн сангийн мэргэжилтэн Б.Бурмаа, НААҮГ-ын дарга Д.Баяраа, “Жигүүр” цогцолбор сургуулийн ерөнхий нягтлан бодогч С.Амаржаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Амгалан тэргүүтэй 13 хүн төсвийн 800 сая төгрөг хулгайлсан нь нотлогдсон. Тэд 2000-2008 оны хооронд эрчимтэйгээр хулгай хийсэн нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан цаг хугацаатай давхацдаг юм.
Дээрх хүмүүс 800 сая төгрөгийг бүхэл бүтэн найман жилийн хугацаанд төсвийн мөнгийг хулгана шиг зөөж байхад Засаг дарга Д.Хаянхярваа мэдээгүй байсан гэж үү. Жижүүр, үйлчлэгчдэд анзаарагдам хорь гучин удаагийн хулгайг мэдээгүй гэхээр тийм санхүүгийн мэдлэггүй нэгэн гэж үү. Хамгийн гол нь энэхүү 800 сая төгрөгийн булхай, луйврыг Дархан-Уул аймгийн чихтэй болгон сонсож байхад Засаг дарга Д.Хаянхярваа хаагуур нь явсан юм бол.
ТӨСВИЙН МӨНГИЙГ ХЭРХЭН ХУЛГАЙЛДАГ ВЭ?
Дээрх эрхмүүд төсвийн байгууллагуудын халаалт, засвар, бараа материалын нийлүүлэлт дээрээс мөнгө унагадаг нь илт. Жишээ дурдахад 2004 оны есдүгээр сарын 20-ны өдөр СЭЗБЗ-ийн хэлтсийн дарга Д.Нямхүү 13 дугаар цэцэрлэгийн нябо Т.Алтантуяагаас “Цэцэрлэгийнхээ халаалтын мөнгө болох 7.6 сая төгрөгийг урьдчилаад төлчихөөч. “Мөнхийн илч” компанийг хувьчлалаар авах гэсэн юм” гэж гуйсан байна. Дараа нь хоёр сая төгрөг бэлэн өгөөд “Мөнхийн илч” компаки руу 7.6 сая төгрөг шилжүүлсэн хуурамч баримт үйлджээ. Мөн “Энэрэл” цогцолборын нябо Ш.Уранчимэг сургуулийн халаалтын хөлс хэмээн “Мич” компани руу 3.3 сая төгрөг шилжүүлсэн байна. Засаг дарга Д.Хаянхярваа эдийн засгийн мэдлэгтэй байсан бол “Дархан-Уул аймгийн сургууль яахаараа 23 км зайд байрлах Хонгор сумын нутгаас халаалтаа авдаг билээ” гэж эргэлзэх байсан. Гэвч огт эргэлзээгүй нь гайхал төрүүлхүйц байгаа юм.
Харин “Мич” ХХК нь тэрхүү мөнгийг Баатархүү хэмээх амьгүй албатын данс руу шилжүүлнэ. “Хаан” банкинд бэлэн мөнгөний данстай Баатархүү гэдэг хүн орчлон хорвоод байхгүй учраас амьгүй албат хэмээн онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл Э.Наранбаатарын “Баатар”, Д.Нямхүүгийн “Хүү”-гээс бүрдсэн амьгүй албат. Ингээд Баатархүү гэдэг данснаас МАХН-ын угшилтай хулгайч луйварчид хувь хүртэнэ. “Алгын чинээ шар тосонд амьтан бүхэн шимтэнэ” гэдэг шиг л.
Мөнгө хулгайлах гол газар бол сургууль цэцэрлэг байдаг юм байна. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн хүүхэд багачуудаас хулгайлдаг хэрэг. 15 дугаар сургуулийн нябо Д.Доржсүрэн “Э.Наранбаатар миний удирдах албан тушаалтан болохоор хий гэснийг нь хийдэг байсан. “Ногоон хуст” ХХК руу гурваи сая төгрөг яаралтай шилжүүл гэсэн. Тэгээд шилжүүлсэн л дээ. Би ийм зүйл хийснийхээ төлөө Э.Наранбаатараас ямар нэг урамшуулал авч байгаагүй” гэсэн байдаг юм. Дараа нь Д.Нямхүү дээрх сургууль руу утас цохин зургаан сая төгрөг “Ногоон хуст” ХХК руу хийлгэсэн байна.
Мөн Хонгор сумын 14 дүгээр сургууль, Салхит багийн сургуулиудаас 8243400 төгрөгийг “Мич” ХХК руу шилжүүлсэн байдаг юм. “Мич” ХХК нь нөгөө Баатархүү хэмээх данс руу илгээнэ. Энэхүү баримтаас харж байхад Баатархүү мөнгийг их бага хэмээн голдоггүй юм байна. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн нябо Б.Эрдэнэчимэг “Э.Наранбаатар дарга 267 мянган төгрөгийн сэлбэг “СэБоЦэ” компаниас авсан гэх хуурамч баримт бичүүлж авсан. Мөн “Мон-лаб” ХХК руу эмийн зардалд 748200 төгрөг тушаасан гэх хуурамч баримт бичүүлж авсан” гэж мэдүүлжээ.
Гучин мянган төгрөгөөс эхлээд гуч дөчин саяын хулгай нэг иймэрхүү загвар, дараалалтай. Д.Хаянхярваа Засаг даргаар томилогдоход бий болсон гинжин хэлхээ түүнийг ажлаа өгөхөд илчлэгдсэн. Өөрөөр хэлбэл хамгаалалт суларсны балгаар төрийн нэрээр халхавчилсан бузар хуйвалдаан илчлэгдсэн юм билээ. Энэ хэргийг Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Наранбаатар даасан байдаг.
1975 онд төрсөн энэ залуу 32 настайдаа бүхэл бүтэн аймгийн төсвийг мэдэх болсон. Түүний ард Д.Нямхүү тэргүүтэй санхүүгийн луйварчид сууцгаан Э.Наранбаатар хэмээх хүүгээр шатар тоглосон байх магадлалтай юм билээ.
Нүд чих нь бөглөөстэй Засаг дарга Д.Хаянхярваа хувьдаа компанигүй гэдэг. Харин хэдэн компанид хувь нийлүүлсэн гэх яриа бий. Хувь нийлүүлсэн компанийнх нь дансаар мөнгө төгрөг ороод гарсан сураг байна лээ.Тэгээд ч Баатархүү хэмээх дундын данс байхад бизнес энэ тэр хийх нь илүүц биз ээ.
Нэр бүхий 13 албан тушаалтан холбогдсон энэхүү хэргийн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Би Дархан-Уул аймгийн Засаг даргаар 2000-2008 оны хооронд ажилласан. Аймгийн Засаг дарга СЭЗБЗХ-ийг ерөнхий удирдлагаар хангадаг юм. Би аймгийн хөгжлийн сангийн нэгдүгээр гарын үсэг зурдаг байсан. Баатархүү гэдэг данс руу мөнгө хийж байгаагүй” гэж мэдүүлжээ. Засаг дарга хөгжлийн сангийн нэгдүгээр гарын үсэг зурдаг, удирдлагаар нь хангадаг юм байна.
Хамгийн ноцтой гэмээр мэдүүлгийг Хонгор сумын Засаг дарга асан Б.Батнаран өгсөн байдаг. Тэрээр “Нэг удаа Э.Наранбаатар дарга аймгийн Эрүүл мэндийн газрын дансанд үлдэгдэл болоод байсан гэх 10 сая төгрөгийг манай компани рүү шилжүүлсэн. Тэгээд тэр мөнгийг Засаг дарга Д.Хаянхярваагийн нэрээр сургуулийн кабинет завсарлахад шилжүүлсэн. Манай компани арван хувийг авч үлдсэн” гэжээ.
Ийнхүү “Мич” ХХК-ийн дансанд гэнэт орж ирсэн мөнгө Засаг дарга Д.Хаянхярваагийн сонгуулийн шоу руу явчихсан байна. Амьгүй албат болох Баатархүүгээс МАХН-ын хэн ч мөнгө авч болдог байж. Тухайлбал Хонгор сумын Засаг дарга Б.Батнаран “Мич” ХХК-ийн дансанд орсон мөнгөнөөс хувь авахаас гадна талыг нь авъя гэж хэлжээ.
МУУ БҮХЭН “МИЧ” КОМПАНИ РУУ УРСДАГ ГЭЖ ҮҮ
Уул уурхайн томоохон компаниудаас түрүүлж нэр алдраа Хонгор сумын “Мич” ХХК мандуулсан. Уг нь бол нэг муу эвдэрхий уурын зуух шүү дээ. Энэ компанийг Хонгор сумын иргэн, БНН-ын гишүүн Б.Батнаран хувьчилж авсан байдаг юм. Тэгээд Засаг дарга болохын тулд өөрийн төрсөн ах, “Эх орон” намын гишүүн Б.Батболдын нэр дээр шилжүүлсэн юм билээ. Нэг сонирхолтой түүх өгүүлэхэд Хонгор сумын анхны Хөдөлмөрийн баатар н.Батдэлгэр эхнэрийн хамт сумын ИТХ-д ялалт байгуулсан байна.
Нөгөө талаас хоёр хүү нь болох Б.Батнаран, Б.Батболд нар нь өөр намаас ялалт байгуулаад гараад ирсэн. Тэгэнгүүт хоёр хүүгээ МАХН-д элсүүлээд Б.Батнарангаа Хонгор сумын Засаг дарга болгосон түүхтэй. 2006 оноос эхлэн “Мич” ХХК-ийн уурын зууханд ах Б.Батболд болон хятад иргэд цианит натри ашиглан алт угааж гадагшаа алдсан.
Тэрхүү алдагдсан химийн бодис бүхий ус засмал замын урд талын тосгон руу хальж хүн, мал хордуулсан. Замын урд талд мянга орчим иргэнийг хордуулчихаад байгаа билээ. Үүнээс болоод дал гаруй иргэд хорт хавдраар амь насаа алдаад байгаа юм. Бид эдгээр иргэдийн эрх ашгийн өмнөөс дуугарч, тэдний дуу хоолойг хүргэж байгаа болно. Замын хойд талын иргэд “Хордоогүй” гэж байгаа сурагтай. Химийн хорт бодис дундуур туучаагүй болохоор хордоогүй байх боломжтой юм.
Энэхүү гай түйтгэрийн голомт болсон “Мич” компанийн захирал асан Б.Батнаранг Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа өмгөөлөн хамгаалж байсан. Яагаад гэвэл Б.Батнаран, Э.Наранбаатар, Д.Нямхүү нар түүний баг. Ийм луйварчин, хулгайч нарыг намдаа элсүүлэн фронт командалж явсны хувьд Д.Хаянхярваа хариуцлага хүлээх л хэрэгтэй байсан. Хариуцлага хүлээх гэж Засаг дарга болдог, мөнгөний баримт дээр гарын үсэг зурдаг юм биш гэж үү.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: