“Дашваанжил” компанийн буруу гэж үзжээ
Дархан-Уул аймгийн Дархан I сумын 12 дугаар баг шинэ хорооллын 14 дүгээр байрны долоон давхарт хийн түлш дэлбэрснээс болж томоохон хэмжээний осол гарсан. Нөхцөл байдалтай холбогдуулан МХЕГ-ын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Баасандорж, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Санжмятав нарын албаны хүмүүс өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ орон сууцанд ашиглагдаж байсан хийн баллон “Дашваанжил” ХХК-ийнх байсныг тогтоосон байна. Тиймээс тус компанийн хий цэнэглэх цэг болон борлуулах цэгт үзлэг шалгалт хийсэн аж.
Шалгалтаар ашиглалтын шаардлага хангахгүй байгаа баллоныг хийгээр цэнэглэсэн, эргэлтийн баллонуудад үзлэг хийдэггүй зэрэг долоон төрлийн зөрчил илэрчээ. Тус компани нь хийн түлшээ мэргэжлийн хүнээр хүргүүлэх мөн хоёроос дээш давхарт хийн баллонтой түлш байрлуулахыг хориглосон заалтыг зөрчсөн. Энэ нь тус компанийг дүрмээ ноцтой зөрчсөн гэж үзжээ. Тухайн айл тус компаниас хийн баллонтой түлшээ авахдаа өөрсдөө очиж авсан аж. Таван литрээр савлагдсан хоёр хийн баллонтой түлшний нэгийн ашиглаж байсан бөгөөд нөгөө нь нөөцөнд байсан гэнэ.
Гэтэл нөөцөнд байсан хийн баллон дэлбэрсэн аж. Дэлбэрэлт болсон байранд очиж үзлэг хийхэд хүн амьдрах боломжгүй гэж дүгнэж, нурахаас хамгаалсан бэхэлгээ хийж акт тавьсан байна. Хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй бөгөөд тус аймгийн холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгаа гэв. Түүнчлэн албан байгууллага болон аж ахуй нэгж, айл өрхийг хоёроос дээш давхарт шингэрүүлсэн хийн баллоныг хэрэглэхгүй байхыг хурлын үер онцолж байлаа.
Р.БОЛОРТУЯА
URL: