АНУ ба Монголын түншлэл: Жижиг улсын том бодлого уу, том бодлогын ‘жижиг’ хэсэг үү?
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп манай ерөнхийлөгч Х.Баттулгыг сайхан хүлээж аваад хоёр орны хоорондын стратегийн түншлэлийг тунхаглалаа. Яагаад АНУ бидэнд ийм ач холбогдол өгөх болов?
Ардчиллын баянбүрд хэмээн биднийг өхөөрддөг үзэл суртлын үе өнгөрч Америкт ашигтай бол чөтгөртэй ч хамтрах прагматик засагтай, ерөнхийлөгчтэй болсон үе шүү дээ. Хөгжиж буй орнуудыг баасны нүх (shithole) хэмээн басамжилж үздэг Трамп ерөнхийлөгч үнэхээр баасны нүх ихтэй манай оронд яагаад ингэж саймшрав гэж бодсон чинь 2018 оны 10 сард оросын “Независимый газета” сониноос уншсан нийтлэл дахин санагдав (эх сурвалж: http://www.ng.ru/ideas/2018-10-15/1_7332_war.html ). Тухайн үед тус нийтлэлд манай орны нэр гарсан байсан тул сонирхож уншаад л өнгөрсөн хэрэг. Одоо дахин уншихад саяны айлчлалын тайлал байж магадгүй санагдаж байх юм.
Тэр бол АНУ-ын Хятад Судлалын Хүрээлэнгийн тэргүүн, Трампын топ зөвлөхүүдийн нэг Майкл Пиллсбүрийн “Зуун жилийн марафон” номын тухай нийтлэл юм. Тус ном бол Хятад АНУ-ын харилцааны талаар бичсэн тухайн үедээ бэстсэллэр болсон бүтээл. Оросын сэтгүүлч энэ номны гол үзэл санааг товчлон, одоогийн АНУ-ын засаг захиргаа Хятадтай харилцах бодлогоо энэ номын дагуу явуулж байна хэмээн бичсэн байдаг.
Номон дурдсанаар бол АНУ-ын Хятад улсын талаарх сүүлийн 40 жилийн бодлого алдаатай байсан. Хятадыг ардчилагдана, задарна, хувьсгалч хөгшчүүд нь зайгаа тавьна гэсэн тооцооллууд худлаа гэдэг нь тодорхой болсон. Хятад энэ чигээрээ явбал АНУ-ын дэлхийн манлайлалд том саад болно. Тиймээс АНУ Хятадыг сулруулах үүднээс хэд хэдэн алхам хийх хэрэгтэй хэмээн зохиогч тодорхой саналууд тавьсаны дотор бид бүхний анхаарлыг татах нэг санал байсан нь Хятадын эсрэг улсуудын эвсэл бий болгох юм. Зохиогчийн үзэж байгаагаар Хятад нь Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгын нөөц баялаг, тээвэр харилцааг атгахыг оролдож байгаа бөгөөд үүний тулд хөршүүдээ өөрийн эсрэг нэгтгэхгүйн тулд янз бүрээр айлган сүрдүүлж байгаа юм байна. Иймээс АНУ нь Монгол, Филиппин, БНСУ, Япон зэрэг орнуудыг Хятадын эсрэг нэгтгэх хэрэгтэй гэжээ. Ийм оролдлого нь дангаараа Хятадад том сануулга болно. Учир нь Хятад ЗХУ-ыг АНУ хэрхэн тусгаарлаж унагасныг мартаагүй байгаа. Хэрвээ АНУ Хятадын хөршүүдтэй тулж ажиллаад, туслаад эхэлвэл Хятад бүс нутагтаа ганцаардаж үүндээ удирдлагаа буруутгаж эхэлнэ гэжээ.
Энэ бол зохиогчийн санал болгож буй 12 саналын зөвхөн нэг нь юм. Эдгээр саналууд цагаан ордонд бодит ажил хэрэг болж байгааг АНУ Хятадын хоорондын худалдааны дайнаас харж болно хэмээн оросууд үзэж байна.
Хэрвээ үнэхээр цагаан ордон ийм бодлого явуулж байгаа бол манай улс геополитикийн том тоглолтын нэг хэсэг болсон ба урд хөршдөө аллергитай ерөнхийлөгч маань энэ тоглолтод өөрийн зүй ёсныхоо байр суурийг эзэлж байгаа нь дамжиггүй. Харин энэ нь бидэнд ямар ашигтайг одоо харах л үлдлээ дээ.
С.Энхтөр
ЭХ СУРВАЛЖ: http://www.trends.mn/n/9052
URL: