Үлээдэг хөөсөнд хорт хавдар үүсгэдэг бодис бий юу?
Гэр бүл, найз нөхдөөрөө чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрын нэг бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.
Хөвгүүд машин хөлөглөж, охид өнгөт хийлдэг бөмбөлөг, хөөсөн чихэр, барби гэсэн чамин ганган зүйлээр тоглоно. Энд хүүхдүүдийн харааг булаах тоглоом олноороо худалдаалагддаг.
Гэвч чанар стандартад нийцэх нь тун цөөн. Хүүхдүүд эрээн мяраан тоглоомуудад дуртай байдаг ч эргээд эрүүл мэндэд нь халтай гэдгийг тэр бүр мэддэггүй. Энэ талаар бид сурвалжиллаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамгийн түгээмэл худалдаалагдаг тоглоомын нэг нь үлээдэг хөөс. Үүнийг авахуулах гэж зарим хүүхэд уйлж харагдана. Эцэг эхчүүд аваад л өгчихнө. Тэд хүүхдэдээ “хор” авч өгч буйгаа даанч мэддэггүй.
Хөөс хувцсанд хүрэхээрээ хар толбо үүсгээд ер арилдаггүй. Энэ нь үлээдэг хөөсний асуудалтайг илтгэх зөвхөн эхний шинж тэмдэг. Энэ талаар Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн Ш.Дэлгэрсайхан “Хар том толбо хувцаснаас арилдаггүй. Тэгээд жагсаалтаас гаргадаг шүү дээ. Би анх мэддэггүй байсан болохоор хүүхдэдээ авч өгдөг байсан. Тэгээд хувцас угаасны дараа харлаад байхаар нь гайхаад байсан чинь өнөө хөөс байсан.
Үүнээс гадна хөөсөөр тоглуулахаар ам, хамрыг нь тойроод улаан юм туураад хэд хоногтоо арилахгүй, харшлын тос энэ тэр түрхэж байж гайгүй болно. Түүнээс хойш хүүхдэдээ авч өгөхөө больсон. Гадуур хаа сайгүй зарагддаг Хятадын үлээдэг хөөсийг худалдаж авахгүй байхыг захимаар байна ” гэв.
Тэгвэл энэ хөөсөн тоглоомын найрлагыг тодрууллаа. Хөөс болгож үлээдэг болгохын тулд химийн бодис ашигладаг юм байна. Тус бодис нь бөөр, уушги ба гэдэс дотор эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх мөн мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөөтэй байна.
Хүүхэд аливаа химийн бодисын нөлөөлөлд том хүнийг бодоход илүү өртөмтгий байдаг. Бага хэмжээний хортой зүйл байсан ч хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох улмаар хүүхдийн төрөл бүрийн өвчлөлийн үндэс болдог гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байлаа.
Хром нь тоглоомд гялалзсан өнгө нэмдэг ч хавдар үүсгэгч бодист тооцогддог аж. Монгол Улсад худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоом дахь химийн хорт бодис хэр хэмжээтэй байгааг мэргэжлийн байгууллагаас судалжээ.
Судалгаанд нийт 62 ширхэг тоглоомыг хамруулсан байна. Түүнээс 98 хувь нь БНХАУ-аас импортлогддог аж. Харин энэ асуудлыг хилээр орж ирэхээс нь авахуулаад хяналт тавьдаг эсэх талаар гаалийн байгууллагаас тодруулахад “Хүүхдийн тоглоом овор хэмжээ бага учир бараагаа гааль дээр мэдүүлдэггүй, гар тээшиндээ аваад явчихдаг болохоор хянах боломж байдаггүй” гэдгийг албаныхан хэлж байсан юм.
НМХГ-ын Улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа “Хүүхдийн тоглоом импортлоход тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Хил дээр хяналт шалгалт хийж, хяналтын хуудас болон гарал үүслийн баталгаажуулалтын бичиг баримтыг үзээд, лабораторийн шинжилгээнд хамруулдаг. Ер нь хэрэглэгчид өөрсдөө түүнийг худалдаж авахгүй байх нь том хяналт” гэдгийг хэлсэн юм.
Хүүхдийн тоглоом нь олон улсын жишгээрээ ч гэсэн улсын хууль тогтоомжоороо их эрсдэлтэй бараа бүтээгдэхүүний тоонд ордог аж. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн бараа хэлбэр дүрс, найрлагын агууламжаасаа хамаараад хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.
Тиймээс манай улс Европын холбооны сүлжээнээс тогтоосон стандартын дагуу хяналтаа тавьдаг. Монгол Улс дэлхийн 10 гаруй улсаас жилдээ нэг сая орчим хүүхдийн тоглоомыг импортоор оруулж ирдэг байна.
Дан ганц үлээдэг хөөс ч гэлтгүй хүүхдүүдийн тоглож буй тоглоомд хар тугалга, кадьми гэсэн өсөлт зогсоодог химийн хортой бодис нэвт шингээстэй байдгаас гадна үслэг тоглоомууд нь харшил үүсгэх ч тохиолдол байдаг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байлаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон эрүүл чанарын шаардлага хангасан тоглоом авч хэвшихгүй бол хүүхдүүд эрүүл мэнд сэтгэхүйгээрээ хохирсоор байна.
Түүнчлэн хүүхдүүдийн хамгийн их тоглодог хуванцар барби, шажигнадаг тоглоом, резинэн амьтад, төмөр машин, буу, үлээдэг шааранд хөнгөн цагаан, кадьми болон хар тугалга, хром, цайр гэсэн химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байсан байна. Тэгвэл эдгээр химийн бодис хүүхдэд ямар хор хөнөөлтэй талаар мэргэжилтний тайлбарыг хүргэе.
НЭМҮТ-ийн Химийн албаны дарга С.Өнөрсайхан “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35 мянган хүүхэд ямар нэг байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг гэсэн харамсалтай тоо баримт бий. Монгол Улсад худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоом дахь химийн хорт бодис хэр хэмжээтэй байгааг судалсан.
Судалгаанд хүүхдүүдийн байнга тоглодог тоглоомуудыг хамруулсан. Харамсалтай нь судалгаанд хамруулсан хүүхдийн тоглоомд 26 хувьд нь химийн бодис болох хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байна.
Үүнээс хамгийн их буюу 50 хувь нь хромын агууламж өндөр байгаа нь хүүхдийн нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжилд нөлөөлдөг. Мөн хүүхдэд харшил үүсгэдэг гэдэг нь тогтоогдсон” гэсэн юм.
Б.НАМУУНТАМИР, ЗУУНЫ МЭДЭЭ
URL: